МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед намууд сонгуулийн тогтолцоогоо өөрчилье, УИХ-ын гишүүдийн тоог нэмье гэх боллоо. Үнэхээр өөрчлөх шаардлага байна уу?
-Сонгуулийн 50 хувь нь мажоратори, 50 нь хувь тэнцүүлснээр явж байж холимог тогтолцоо болдог. Өмнө нь бид холимог тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулахдаа 48 суудлыг нь мажораториор, 28 нь хувь тэнцүүлснээр сонгосон. Онолын хувьд 50, 50 хувь гэдгээ бариагүй ч заавал ийм байх албагүй. Тухайн улс өөрийн онцлог, хүн амын сийрэгшил, тархан суугаа байдлыг нь харж байж тоог нь гаргадаг.
Нэг УИХ-ын гишүүний төлөөлөх иргэдийн тоо хэд вэ гэдэг асуудал гарна. Судлаачдын үзэж буйгаар нэг УИХ-ын гишүүн 20-30 мянган хүнийг төлөөлдөг. Тэгэхээр манай улсад хамгийн багадаа 100 УИХ-ын гишүүн хэрэгтэй гэдэг тоо гарна. Яг ийм математик загварчлалаар нь нэг УИХ-ын гишүүний төлөөлөх иргэдийн тоог тогтоогоод түүнийгээ нийт хүн амдаа харьцуулаад сонгуулийн хэдэн хувийг хувь тэнцүүлснээр, хэдэн хувийг нь мажориториор зохион байгуулах вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Хэрвээ бид сонгуулийн холимог тогтолцоонд шилжье гэж байгаа бол гишүүдийн тоо хэд байх вэ гэдгээ мөн тооцох ёстой. Ингэж тооцохдоо математик загварчлалаар нь тооцох уу, эсвэл өнөөдрийн хүртэлх туршлагаасаа хараад барагцаалах уу гэдгээс шалтгаална.
-Сонгуулийн холимог тогтолцоо манай улсад тохирох уу?
-БНСУ, Япон, Герман зэрэг ардчилсан шилжилт хийгээд гурав дахь давлагаанд өртсөн улсууд, эсвэл өмнөх сонгуулийн тогтолцоо нь таарахгүй байгаа улсууд холимог систем рүү шилжсэн байдаг. Манай улс 2012 онд холимог тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулахад дөрвөн намын төлөөлөл орж ирсэн. Бид хуульдаа олон намын системтэй байна гэж тунхаглаж байгаа, УДШ-д 36 нам бүртгэлтэй байгаа боловч бодит хууль батлах процесс дээр 2-3 нам л оролцож байна. Тэгэхээр бид олон намын системтэй байна гэдэг үзэл санаагаа биелүүлж чадахгүй байгаа юм.
Холимог системийг хэрэглэж буй улсуудыг авч үзэхэд парламентад дөрвөөс дээш нам орж ирдэг. Тиймээс иргэдийг төлөөлөхүйц байдал, олон намын систем, сонгодог парламент зэргээ авч үзвэл холимог тогтолцоо бол яалт ч үгүй чухал. Нөгөө талаас сонгогчдын санал гээгддэггүй гэдгээрээ онцлог юм.
-Та ярианы эхэнд холимог тогтолцоо руу шилжих бол гишүүдийн тоог нэмэх асуудлыг авч үзэх шаардлагатай гэж байсан. Үүнийг тодруулбал...?
-Тийм. Онолын хувьд 50 хувь мажоратори, 50 нь хувь тэнцүүлсэн гэвэл 38 суудлыг мажораториор, 38 суудлыг хувь тэнцүүлснээр зохион байгуулна. Харин хуучнаараа байя гэвэл 48 суудал нь мажораториор, 28 суудал нь хувь тэнцүүлснээр зохион байгуулна. Үүгээр бол 48 тойрогт нэг намаас 48 хүн өрсөлдөнө гэсэн үг. Тэгэхээр 48 тойрог гэхээр бүр томсгосон тойрог болно. Гэтэл нам болгонд 48 хүнийг нэр дэвшүүлэх боломж бий юу. Түүнийг дагаад гарах санхүүжилт, зардлыг бодоход илүү өндөр шаардлагатай болно. Үүнийг давах улс төрийн хүчин цөөхөн. Тэгэхээр аль болох жижигрүүлээд олон намаас нэр дэвших боломжтой болгох хэрэгтэй. Харин цөөн хүн нэр дэвшсэн томсгосон тойргийн сонгууль хэцүү. Одоогийн туршлагаас харахад илүү олонд танигдсан, мөнгөтэй нэр дэвшигчид боломж олгоно. Ямар нэгэн байдлаар гишүүдийн тоог нэмж, хувь тэнцүүлсэн сонгуулиар парламентын тал нь гарч ирдэг бол залуус, эмэгтэйчүүд зэрэг танигдаагүй нэр дэвшигчдэд боломж олгоно. Нэг ёсондоо солонгуурлах шаардлагатай гэж ойлгох хэрэгтэй.
Хувь тэнцүүлсэн сонгуулиар намын жагсаалтыг ил зарладаг. Тэгэхгүй бол цаана нь ямар нэг асуудал гарна. Тиймээс сонгогч намын жагсаалтыг харж байж, тухайн намыг сонгох уу, үгүй юу гэдгээ шийднэ. Намууд хэрвээ бид ялвал ийм Засгийн газартай байна гэж танилцуулна. Ийм соёл руу бид явах хэрэгтэй.
-Гишүүдийн тоог нэмэх асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Одоо байгаа гишүүдийнхээ “идэш, ууш”-ийг дийлэхгүй байж, нэмээд яах вэ гэсэн хандлагатай байгаа?
-Хамгийн гол нь нэг гишүүн хэдэн хүний эрх ашгийг хангаж, төлөөлж чадах вэ гэдэг нь чухал. Гол нь сонгуулиа зохион байгуулахдаа нэг гишүүн 20-30 мянган хүнийг төлөөлөхүйц байдлаар хэрхэн хуваах вэ гэдэг нь мөн чухал. Олон гишүүнтэй байх тусмаа олон ургальч байна, тал талаас харах боломж нэмэгдэнэ, хуйвалдах боломж хумигдана. Парламентын гишүүн олон байхын давуу тал нь нууц зүйл байх боломжгүй болдог. Ямар нэг асуудлыг бүгдээрээ нийлж байгаад нууцлая гэдэг асуудал байхгүй. Аль нэг газраар заавал задарч байдаг. Энэ утгаараа аюулгүй байдлын үндэс болно. Гишүүдийн тоог нэмсэнээр хяналт сайжирч, УИХ дээр юу болж байгаа нь илүү ил тод болно.
-Ямар ч намын зорилго нь төрийн эрх барих шүү дээ. Холимог тогтолцоонд шилжих, гишүүдийн тоог нэмэхийг одоогийн эрх баригч нам дэмжих үү?
-Хатуу гишүүнчлэлтэй, намын эрх ашгийг нэгт тавьдаг улстөрчдийн хувьд үүнийг хүлээж авахгүй. Энэ асуудал бол зөвхөн өнөөдөр, эсвэл маргааш эрх барих асуудлыг тухай биш. Монголын улс төрийн тогтолцоо цаашид гацахгүй байх, олон намын систем бодитой орших, зөв улс төрийн соёлыг нэвтрүүлэх, улс төрийг зөв хийж сурах зэрэгт эр зориг гаргахаас өөр сонголтгүй. Энэ утгаараа одоо байгаа парламентын гишүүд ганцхан 2024 оны сонгуулийг бодох бус 2028, 2032 оны сонгуулийг харж урагшлах хэрэгтэй. 2024 оны сонгуульд ялъя гээд шийдчихвэл эргээд сонгогчдыг залхаах, харьцуулах өөр намыг эрж хайн эсрэг үр дүн гарахыг таашгүй. Тиймээс хувь улс төрийн намын эрх ашгийг хойш нь тавиад монголын улс төрийн тогтолцоо, улс төрийн намын систем, төлөвшил, шийдвэр гаргах, хууль батлах институцийн хөгжил гэдгийг нэгт тавьж өөрчлөлт хийхээс өөр сонголтгүй.
-Ярилцсанд баярлалаа.