Засгийн газраас Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцлах шиийдвэр гаргасан. Уг шийдвэрийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үйлдвэрийн ажилчдад танилцууллаа.
Жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх, төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах, зэрэг ажлыг хэрэгжүүлээгүй нь гэрээг цуцлах үндэслэл болсон гэж үзсэн. Цаашид засгийн газар үйлдвэрийн удирдлага, менежментийг сайжруулж дотоодын төмөрлөгийн хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангах, үйлдвэрлэлийн ажлыг тогтмолжуулахад анхаарч ажиллана гэдгийг Сангийн сайд хэллээ.
Мөн үйлдвэрийн ажилчдыг халахгүй, цалин хангамжийг бууруулахгүй гэдгийг хэлсэн юм. Ажилчдын цалин хангаж, нийгмийн асуудлыг сайжруулах талаар үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид тоног төхөөрөмж, парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг мөн онцоллоо.
Харин “Цемент Шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар ТУЗ-өөс баталсан бүтцийн дагуу орлогч захирал, хэлтэс, албад, үйлдвэрийн дарга нараа томилсон тухай мэдээлэл өглөө. Тэрбээр "менежментийн шинэ багийн 90%, Үйлдвэрийн удирдлага 100% Хөтөл хот (Сайхан сум)-ын унаган залуус, үйлдвэртээ олон жил бэлтгэгдсэн мэргэжилтнүүд. Бид нэг ч хүнийг халаагүй бөгөөд нэмж мэргэжлийн машинист, оператор зэрэг +2О ажилд авч, ТӨХК уруу шилжлээ. Нийт 768 хүний орон тоотой ажлаа эхлүүлж байна. Охин компани болох Дулааны станцын ажилчидаа нэмбэл нийтдээ 826 хүн болно" гэлээ.