“Өндөр дээд түвшний айлчлалууд геополитикийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ“

Info@medeelne.mn
2023/05/08

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ахисан түвшний хөтөлбөр хариуцсан Зөвлөлийн дарга профессор Д.Уламбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд төрийн өндөр дээд түвшний айлчлалууд олноор болж байна. Энэ нь Монгол Улсын эдийн засаг болоод геополитикт хэрхэн нөлөөлөх вэ?

-Үнэхээр ойрын өдрүүдэд төрийн өндөр дээд түвшний айлчлалууд үргэлжилсээр байна. Саяхан Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн төрийн айлчлал болж өндөрлөлөө.  Хүндэт зочныг монголчууд өндөр дээд түвшинд хүлээн авсан. Европын холбоон дахь Төв, Зүүн Европын орнуудын уламжлалт түнш орнуудын нэг нь яах аргагүй Польш, Унгар улс.

Гадаад бодлогын үзэл баримтлалд Европын холбоог Монгол Улсын “гуравдагч хөрш” гэж тэмдэглэсэн байдаг. 2022 онд хоёр талын худалдааны эргэлт түүхэн дээд түвшинд хүрч 100 сая ам.доллараар хэмжигдэж байна. Геологи, эрдэс баялгийн хайгуул шинжилгээ, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, боловсролын салбар бол хоёр талын уламжлалт хамтын ажиллагааны чиглэл юм.

Шангри-Ла зочид буудалд зохиогдсон Монгол-Польшийн бизнес форумыг нээж Польш Улсын Ерөнхийлөгч Анжей Дуда, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар харилцан үг хэлсэн. Форумд Польш Улсаас сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, цахилгаан, эрчим хүч, барилга, аялал жуулчлал зэрэг салбарын 20 компани оролцсон бол Монголын талаас дийлэнх нь хүнс, хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлийн 300 орчим бизнесийн байгууллагын төлөөлөл оролцсонАйчлалын үеэр Улаанбаатарт Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлсэн.

Дараагийн томоохон айлчлал болох Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн айлчлал амжилттай болж өндөрлөлөө.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуланд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголд айлчилж, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дахин нотолсон. Саяхан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадад ажлын айлчлал хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тус улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд худалдаа-эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Цин Гантай хэлэлцээ хийлээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт Орос улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж ажилдаа орлоо. Энэ үеэр байгалийн хий дамжуулах хоолойн төсөл, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үр ашгийг дээшлүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хилийн боомтуудын хөгжил, мэдээллийн аюулгүй байдал, хүмүүнлэг, соёл, боловсрол, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтэд анхаарлаа хандуулсан.

Өндөр дээд түвшний айлчлалуудын гол хэлэлцэх асуудлууд нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд төвлөрч байгаа бөгөөд энэ нь мэдээж геополитикийн орчинд эерэг нөлөө үзүүлэх учиртай.  

-Тэнцвэртэй гадаад бодлогыг баримтлах нь цаашид бидэнд өгөөжтэй юу?

-Монгол Улс олон улсын харилцааны реалист онолын дэг сургуулиар тайлбарлагддаг хүчний тэнцвэрт суурилсан тогтоон барих бодлого явуулах боломжгүй. Энэ бол их гүрнүүдийн гадаад бодлого. Харин Монгол Улс  аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолыг  олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах явдал нь тэргүүн зэргийн зорилт юм. Тэнцвэртэй гадаад бодлого нь чухамдаа үүнд захирдаж байгаа.

Тэнцвэртэй гадаад бодлого гэдэг нь хоёр хөрштэй тэнцвэртэй харьцах, хоёр хөрш, “гуравдагч хөрш”-ийн хооронд тэнцвэртэй гадаад бодлого, дипломат ажиллагааг явуулах тухай юм.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс тэнцвэртэй гадаад бодлогыг тууштай явуулж  байгааг бид маш тодорхой харж байна. Тэнцвэртэй гадаад бодлого явуулах цаг дор түүнээс үр ашиг, өгөөж гарах учиртай юм. Нөгөө нэг чухалчлан тэмдэглэх зүйл бол гадаад ертөнцөд Монгол Улсын Ерөнхийлөгч, хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглалийн тэргүүн нар гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалсан “нэг цонх”-ны бодлого явуулж байгааг мөн онцлох нь зүйтэй.

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ТАВЦАН ДЭЭР УЯН ХАТАН, ТЭНЦВЭРТЭЙ ГАДААД БОДЛОГО ЯВУУЛЖ БАЙГААГ ТОДОРХОЙ ХАРЖ БОЛНО

НҮБ-ын Ерөнхий Ассамблей дөрөвдүгээр сарын 26-нд ОХУ-ын Украины эсрэг түрэмгийллийг буруушаасан тогтоол баталсан. Үүнд Монгол Улс дэмжсэн санал өгсөн нь хэр зөв үйлдэл вэ? Энэ нь Монголд ямар нөлөө үзүүлэх үү?

нгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд явагдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн санал хураалтын тогтоолын төслийн албан ёсны нэр нь “НҮБ ба Европын Зөвлөлийн хамтын ажиллагаа” A/77/L.65 гэсэн тоот тогтоол юм. Тогтоолын төслийн санал хураалтад 122 улс дэмжсэн санал өгсний нэг нь Монгол Улс болсон. ОХУ, Беларусь, Никарагуа, Сири, Хойд Солонгос зэрэг таван улс эсрэг, 18 улс түдгэлзсэн санал өгсөн байна лээ. Тогтоолын төсөл дотор ОХУ-ын Украины эсрэг түрэмгийллийг буруушаасан зүйл тодорхой байр суурийг эзэлж байсан.

Эндээс Монгол Улс олон улсын тавцан дээр уян хатан, геополитикийн орон зай, цаг хугацаа, таталцлын хүчний орчинд агшиж сунах чадавхтай олон хэмжээст, тэнцвэртэй гадаад бодлого явуулж байгааг тодорхой харж болохоор байна.

Юм болгонд “түдгэлзсэн” санал өглөө гээд дотоодод шүүмжлэл дагуулж байсан. Сүрхий сөрөг нөлөө үзүүлэхгүй болов уу.

-Монгол Улс хэр зөв гадаад бодлого хэрэгжүүлж байна гэж та харж байгаа вэ?

-Монгол Улсын гадаад бодлого зөв байр суурин дээр баттай зогсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант Улс (ИБУИНХУ)-ын Цог жавхлант хаан III Чарльзыг хаан сэнтийд залах төрийн ёслолд албан ёсны урилгаар оролцож байна. Үүнийг би маш чухал үйл явдал гэж үзэж байна. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа. Их Британи  1945 оны хоёрдугаар сард Холбоотон гурван гүрний Ялтын бага хурлын үеэр байгуулсан хэлэлцээрт АНУ-ын хамт гарын үсэг зурж, БНМАУ-ын нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, 1961 онд НҮБ-д гишүүнээр элсэхэд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд төлөө саналаа өгч, 1963 онд Өрнөдийн их гүрнүүдээс анх удаа БНМАУ-ыг хууль ёсоор хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон.

Өрнөдийн их гүрнүүдээс анх удаа 1965 онд Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээсэн бол 1973 оны гуравдугаар сард Өрнөдийн гүрнүүдээс анх удаа Засгийн газрын түвшинд худалдааны хэлэлцээрийг байгуулсан юм.

Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн санаачлагад Их Британи НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд бусад гишүүн Франц, АНУ, ОХУ, БНХАУ-тай хамтран улс төрийн баталгаа гаргасан байдаг. "Brexit"-ээс өмнө Их Британи  Монгол Улсын бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын Европын холбоон дахь хамгийн том зах зээл байсан. Тус улстай 2012 оноос хойш зургаан жилд ашигтай худалдаа хийсэн байх бөгөөд 2018 оны эцсийн байдлаар хоёр орны худалдаанд Монгол Улс 141.8 сая ам.долларын ашигтай гарч байсан. Оюу Толгойн төслийн  гол хөрөнгө оруулагч Рио Тинто бол Лондон, Мельбурнд бүртгэлтэй үндэстэн дамнасан корпораци. Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэнээр наандаж 2027 он гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн гурав дахин өсөх төлөвтэй.

Их Британи Европын холбооноос гарсан нь Монгол Улсад тийм ч таатай зүйл биш байсан.

"Brexit" хэрэгжсэнээр тус холбооны “сайн засаглал, тогтвортой хөгжлийг” дэмжих хөтөлбөрийн хүрээнд  хөгжиж буй найман орон, түүний дотор Монгол Улсад олгосон гаалийн хөнгөлөлтийн  GSP+ схем Британид үйлчлэхгүй болсон ч  2021 оны хоёрдугаар сард Монгол Улс Их Британийн худалдааны Хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Өргөтгөсөн нөхцөл”-д (UK GSP Enhanced Framework) нэгдэж чадсан. Ойрын хамгийн гол зорилт бол Монгол Улс, Британий хооронд “Түншлэлийн шинэ харилцаа”-ны эрхзүйн үндсийг тавих явдал юм. Их Британид Монголын 10 мянга гаруй иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаа гэсэн албан бус тоо баримт байдаг.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй нэгдсэн хаант улс хуучин Британийн колони байсан, англи хэлээр ярьдаг 2.4 тэрбум хүн ам бүхий 56 орныг эгнээндээ нэгтгэсэн Британий Хамтын нөхөрлөлийг удирддаг. Үндэстнүүдийн Хамтын нөхөрлөлийн нутаг дэвсгэр 29.9 сая км2-ээр хэмжигддэг нь ОХУ-ын нутаг дэвсгэрээс ч том юм. Дээрх 56 орны 14 улсын төрийн тэргүүн нь Британийн хаан IIЧарльз юм.

Нэмж нэгэн зүйлийг хэлэхэд, эдийн засгийн гадаад харилцаанд гадаад өрийн менежмент нэн чухал.

Монгол Улсыг бүтэн 10 жил зовоосон 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондын төлбөрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эцэслэн барагдуулсан. 2012 оноос хойш Чингис бондын хүүнд л гэхэд 540 сая ам. долларын асар өндөр төлбөр төлжээ. “Гэрэгэ” бондын төлбөрийн үлдэгдэл болох 368 сая ам.долларыг дөрөвдүгээр сарын 28-нд бүрэн төлж барагдуулсан. Хөгжлийн банк 2012 онд Засгийн газрын баталгаатай, 10 жилийн хугацаатай, жилийн 1.5 хувийн хүүтэй 30 тэрбум иенийн (225 сая ам. доллар) “Самурай” бондыг төлбөрийг 2023 оны арванхоёрдугаар сард төлөх хуваарьтай юм байнаҮүний эх үүсвэрийг бүрэн  бүрдүүлсэн байна. Бондын эргэн төлөлт Монгол Улсын зээлжих зэрэглэлд эерэг нөлөө үзүүлж, энэ онд В тогтвортой хэвээр байх төлөвтэй байгааг ажиглахад таатай байна.  

Гэхдээ бид бүх асуудлаа бүрэн шийдвэрлэчихсэн улс биш нь мэдээж.

Тийм улс энэ дэлхийн хаана ч байхгүй. Маш хүнд нөхцөлд байгаа олон улс орны нэг нь манай хойд хөрш болчихоод байна л даа.

Эх сурвалж: news.mn

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг УИХ-аар хэлэ… Өчигдөр
Д.Амарбаясгалан: 1072 хувьцааны ногдол ашиг болгож 256 мянган төгрөг о… 2024/03/25
МАН 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорил… 2024/03/25
Үндэсний аудитын газар улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрийг авч эхэлл… 2024/03/22
Д.Амарбаясгалан: Тариаланчдад учирч болзошгүй эрсдэлийг Засгийн газар … 2024/03/22
БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо манай улсад айлчлал хийж … 2024/02/26
Завхан аймгийн дөрвөн суманд туулах чадвар сайтай автомашин олгоно 2024/02/22
Хонин тоодог шувууг хамгаална 2024/02/21
Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тун… 2024/02/21
Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна 2024/02/21
УИХ газар олголттой холбоотой асуудлаар тавдугаар сарын 15-ны дотор нэ… 2024/02/21
МУЗН: 4000 өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэнэ 2024/02/21
Дундговь аймагт 700 тонн өвс, тэжээл үнэ төлбөргүй нийлүүлэх, Адаацаг … 2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 сар хүртэл хойшлуулна 2024/02/05
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай … 2024/02/05
Н.Номтойбаяр МНН, МҮАН-ын "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн боллоо 2024/01/29
Л.Оюун-Эрдэнэ: Зовлонд дөрөөлж улс төр хийхийг хүссэн хүн бүр шангаа х… 2024/01/29
ChatGPT сүүлийн хоёр жилийн үйл явдлыг мэддэг болно 2 минутын өмнө
Одон авах эхчүүдийн материалыг хүлээн авч байна 11 минутын өмнө
Үүрэг гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн нийгмийн … 24 минутын өмнө