Цэцэрлэг, сургуулийн сурагчдын зуны амралт эхэлснээр гэр бүл, найз нөхдийн хүрээнд агаар салхинд гарах нь нэмэгдэж буй энэ үед хачигт хазуулахаас сэрэмжлэхийг Эрүүл мэндийн Яам (ЭМЯ-аас) зөвлөлөө.
Учир нь хачиг хүн, амьтны толгойд эсвэл нимгэн арьс бүхий чихний ар хэсэг, суга, цавь, тахим, хүйс орчимд хазаж, цус сорсноор халдвар дамжуулдаг.
Тус яамнаас гаргасан зөвлөмжид хүүхдүүдээ агаарт гаргах, ууланд алхах, ноос ноолууртай харьцахдаа хачигт хазуулахаас сэргийлж биеийн хэсгийг ил гарахааргүй хувцаслахыг зөвлөөд өөрийн болон хүүхдүүдийнхээ биед хачиг байгаа эсэхийг 2-3 цаг тутамд тогтмол шалгаж хэвшихийг уриалжээ.
Хаврын урь орсон дөрөвдүгээр сараас идэвх сэргэж үржил хөгжил нь явагддаг ба 5-6 дугаар сард хамгийн ихээр тохиолдоно. Цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг тухай өмнө нь Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв(ЗӨСҮТ)-ээс мөн мэдээлж байв.