Монгол Улсын төвийг сахих статус нь дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэхэд хувь нэмэр болно
2015/09/30
Share |

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 70 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ХЭЛСЭН ҮГ

2015 оны есдүгээр сарын 29-ний өдөр, Нью-Йорк хот

 Ноён Дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай ноёд оо,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы даргаар сонгогдон ажиллаж буй Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Тэгш ойн энэхүү чуулган үргэлжлэх хугацаанд манай төлөөлөгчид Таны эл хариуцлагатай ажлыг бүрэн дэмжиж ажиллах болно

Ноён Дарга аа,

Энэ өдрүүдэд бид бүгд НҮБ-ын 70 жилийн ойг бахархалтайгаар тэмдэглэж байна. Улс үндэстнүүдийн нэгэн гэр бүлд багтах бидний НҮБ-ын Дүрэмд тунхагласан энх тайван, хөгжил дэвшилийн төлөөх итгэл өнөөдөр огт алдраагүй харин ч улам бадран гүнзгийрч  байна. НҮБ бол хүн төрөлхтөний

- энх тайван амьдрах

- эрх тэгш байх

- урт удаан үргэлжлэх аз жаргалд тэмүүлэх хүн төрөлхтний язгуур хүсэл тэмүүллийг батлан хамгаалах үүрэгтэй билээ.

Чухамдаа НҮБ нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд эдгээр эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө цуцалтгүй ажиллаж ирсэн. Хэрэв НҮБ байгаагүй бол хүн төрөлхтний дийлэнх хэсэг нь хүчирхийлэл бүхий мөргөлдөөнд уусч хүнд бэрх олон сорилттой тулгарах байсан биз ээ.

Олны хүч оломгүй далай гэдэг шиг олон зүйлийг бид хамтын хүчээр хийж, тэр хэрээр сайн сайхныг бүтээж чадсан. 1945 оноос хойш тусгаар улсын тоо дөрөв дахин, дэлхийн эдийн засгийн хүчин чадал тав дахин нэмэгдэв. Хүмүүс илүү эрүүл, урт удаан амьдарч, бичиг үсэгт тайлагдаж, өндөр боловсролтой болж байна.

Өдгөө олон улсын хамтын ажиллагаа түүхэндээ байгаагүй оргилд хүрээд байна. Орон орны Засгийн газар НҮБ-ыг үүсэн байгуулахаас эхлүүлээд хамтын ажиллагаагаа шинэлэг агуулга хэлбэрээр өргөжүүлэн баяжуулахын төлөө тал бүрээсээ хичээн зүтгэж ирсэн.

Энэ ч утгаараа хүн төрөлхтөнд урьд өмнө нь байгаагүй илүү их боломж, харилцан ойлголцож тохиролцох орон зай, эрх зүйн үндсийг бий болгож чадсан.

НҮБ нь дайн ба энх, ядуурал болон хөгжил цэцэглэл, хүний эрхийн зөрчил болон эрх чөлөөт амьдарлыг хооронд нь ялгаж салгаж өгсөн цорын ганц түгээмэл олон улсын байгууллага болж чадсан.

Тиймдээ ч хүн төрөлхтний туулсан сүүлийн 70 жилийг би “хамгийн гайхамшигтай түүхэн 70 жил” байжээ гэж хэлмээр байна.

НҮБ-ыг цогцлоон байгуулсан энэхүү түүхэн тэмдэглэлт ой биднийг өнгөрсөн, одоо, ирээдүйтэй холбож байна. Хүн төрөлхтөн бүхэлдээ шинийг цогцлоон бүтээх дараагийн том  алхамаа хийх гэж байна. Тиймдээ ч би ирээдүйд итгэж байна. Яагаад гэвэл

- бидэнд НҮБ байна.

- бидэнд тулгарсан сорилтуудыг даван туулах шилдэг арга туршлага байна.

- хүн төрөлхтний дараагийн шинэ үе өсөн өндийж байна.

Тэдэнд хамгийн боломжит шилдэг арга зам, шинэ шинэ боломжууд байна. Тэдэнд харилцан хуваалцсан хамтын их мэдлэг, тэргүүний технологи байна.

Ноён Дарга аа,

Өнөөдөр бид хүн төрөлхтний түүхэнд өмнө нь хэзээ ч байгаагүй илүү ихээр хувь заяагаа хуваалцаж байна. Бидний ололтын хажуугаар сая сая хүн урьдын адил үгээр илэрхийлэхийн аргагүй нөхцөлд амьдарсаар байна. Бидний гэр болох “Эх дэлхий” маань энх тунх бус, амьдрахад тав тухгүй газар болон хувираад байна.

Дэлхийн II дайн 70 жилийн тэртээ бидний ард үлджээ. Зэвсэглэлээр хөөцөлдсөн хүйтэн дайны үе 20 жилийн тэртээ хоцорсон. Өнөөдөр зэвсэгт мөргөлдөөн, зөрчил нь тодорхой газар нутгийг хамгаалахад чиглэсэн бус, харин хил хязгааргүй үзэл суртал, гэмт хэрэг, шашны зорилгоос улбаалан үүсч байна.

Бид эдгээр асуудлыг хэзээ хэзээнээс илүү ойлгож мэддэг болсон ч тэдгээртэй эрс шийдэмгий, үр дүнтэй тэмцэх боломжгүй тийм л гаж цаг үед амьдарч байна. Тиймээс ч бид энд хуран цугларч, эх дэлхийгээ өөрчлөхийн төлөө илүү ихийг, илүү сайн хийх шинэ гараагаа эхлүүлж байна.

Улс орон бүр энх тайван, тогтвортой байдлын үүднээс хүлээн зөвшөөрч, даган мөрдөх дүрэм, журам болон хуулийн тогтолцоог бүрдүүлэх нь энх тайван, тогтвортой байдлыг авч ирэх цорын ганц зам гэж үзэж байна.

Хэрэв НҮБ хүнд хатуу сорилтдоо унах аваас бид бүгд мөн унах болно

Энэ нь зөвхөн НҮБ-тай холбоотой зүйл биш юм.

Энэ бол зөвхөн бид бүгдэд хамааралтай зүйл.

Энэ нь бидний хамтын нийгэмлэгтэй холбоотой зүйл.

Энэ нь бидний гэр бүлтэй холбоотой зүйл юм.

Иймд бид алдах эрхгүй. Бидний хичээл зүтгэл эндээс НҮБ-аас эхлэх ёстой.

Ноён Дарга аа,

Шинэ зууны эхэнд бид Мянганы хөгжлийн зорилтуудыг баталж, хэрэгжүүлж ирсэн. Бид олон зорилгодоо амжилттай хүрсэн хэдий ч заримд нь алдсан. Гэвч бүхэлд нь авч үзвэл дэлхийн хамтын нийгэмлэг сорилтоо давж чадсан. Энэ бүхнээс бид их сургамж авч, том дэвшилд хүрсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ удаа түүхэн баримт бичгийг боловсруулж баталлаа. НҮБ-ын гишүүн 193 улс тогтвортой хөгжлийн төлөөх хөтөч зургаа тохиролцлоо. Хүн төрөлхтөн ирэх 15 жилийн туршид баримтлан хэрэгжүүлэх үнэнхүү түгээмэл, илүү зоримог үйл ажиллагааны төлөвлөгөөтэй боллоо.

Түүний 17 зорилт, 169 зорилго нь бүгд бодитой хэрэгжих үндэстэй бөгөөд нийт хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл юм. Хүн төрөлхтөн түүхэндээ ийм түгээмэл, нэгэн дуугаар дэмжсэн хэлэлцээрт хүрч байгаагүй билээ.

2030 он хүртэлх хөтөлбөр нь үнэхээр бүх нийтийн тохиролцоонд суурилсан, дэлхий нийтийг хамарсан үйл ажиллагааны хөтөлбөр болсон.

Гайхамшигтай биш гэж үү! Эдгээр жинтэй зорилтуудыг дэлхий нийт нэгэн дуугаар баталж чадлаа:

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах гол зорилтуудыг би хүлээн зөвшөөрч байна.

Ирээдүйдээ зориулан эх дэлхийгээ жинхэнэ утгаар нь хайрлан хамгаалахын төлөө байгааг би харж байна.

Хүн төрөлхтний тэгш эрх, аз жаргалыг аврахын төлөө бид үүнд нэгдэж байна.

Энэ нь хөгжин цэцэглэж буй, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, шударга, эрх тэгш нийгмийг бүтээж байгуулж, чадавхитай төрийн тогтолцоог бий болгоно гэдэгт би итгэж байна.

Улс орон бүр сайн засаглал,  эрх зүйт ёс, хүний эрхийн зөв бодлогын төлөө байнгын хүч чармайлт гарган ажиллах ёстой гэдэг нь тодорхой. Үүнийг хангахад бидэнд эрч хүчтэй, өргөн хүрээг хамарсан, нээлттэй механизм хэрэгтэй.

Хэрэгжилтийг найдвартай хангах, хяналт тавьж хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин, тогтолцоог бид бүрдүүлэх ёстой.

Ноён дарга аа,

Хүн төрөлхтний төлөө үйл хэрэгт өөрийн улсын оруулж буй хувь нэмрээр би бахархдаг.

Өнгөрсөн зууны сүүлийн 25 жилд Монгол Улс нээлттэй, эрх тэгш нийгмийн тогтолцоог ардчилсан сонгуулийн үндсэн дээр, зах зээлийн чөлөөт эдийн засагтайгаар,  байгаль орчинд ээлтэй бодлоготойгоор цогцлоон хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэсээр ирлээ.

Засаглалын ил тод байдлыг хангах, иргэний оролцоог нэмэгдүүлэх, авлигатай тэмцэж багасгах, ядуурлыг бууруулах зэрэг үйл хэрэгт мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргалаа.

- Сүүлийн 25 жилд Монгол хүний дундаж наслалт 7 жилээр нэмэгдэв.

- ДНБ бараг 20 дахин хувиар өсөв.

- Бид хүний эрх, хүний бүтээх чадварт итгэдэг бөгөөд хувь хүний санаачилгыг хөхиүлэн дэмждэг. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна.

- Манай улс хүний амьдралын нэг мөчлөгт багтан энхийн замаар, маш хаалттай, тусгаарлагдсан дэглэмээс нээлттэй, эрч хүчтэй ардчилсан улс орон болон шилжиж чадсан.

- Монгол Улс бүс нутагтаа сонгуулийн онцгой, нээлттэй, шударга, өрсөлдөөнтэй тогтолцоог бүрдүүлсэн. Улс орон даяар иргэдийн цахим бүртгэлийг хийж, үндэсний хэмжээнд  санал тоолох цахим машин ашиглаж байна. Бид санал хураалтын модон болон цаасан хайрцаг, хурууны бэхийг хэрэглээнээс халлаа. Цахим санал хураалтад иргэдийн оролцоо ч өндөр байна.

- Авлига том аюул хэвээр байна. Ил тод, няцашгүй, хатуу бодлого баримталсны үр дүнд Transparency International байгууллагын үзүүлэлтээр манай улсын авлигын индекс сүүлийн 5 жилийн хугацаанд гуравны нэгээр буурч чадсан. Энэхүү аюулын эсрэг бид үргэлжүүлэн тэмцэх болно.

- Монгол Улс нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоор дэлхийд тэргүүлэх улс орнуудын нэг болж байна. Бид хамгийн нээлттэй, олон ургальч, цензургүй хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ба цахим сүлжээ болон социал сүлжээ хэрэглэгчдийн тоо  борооны дараахь мөөг шиг олширч байна. 3 сая гаруйхан иргэнтэй ч бараг тийм тооны сэтгүүлч ажиллаж байгаа мэт санагддаг. Шинэ технологи, ил тод байдал, олон нийтийн хяналт нь манай нийгмийг илүү эрүүл саруул болгож байна.

- Нээлттэй, шударга, иргэний төлөө гэсэн хууль эрх зүйн баримт бичгүүдийг батлах, хэрэгжүүлэх ажлыг хийж байна. Энэхүү үйл явц нь иргэдийн  чанд хяналтын дор явагдаж байна. Шударга шүүхийн тогтолцоонд итгэх ард иргэдийн итгэл дахин сэргэж байна. Түүнчлэн бид иргэний оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тогтолцоог бүрдүүлж байна. Төсвийн ил тод байдлын тухай хууль буюу “Шилэн дансны хууль”-ийг баталж, олон нийтэд төсвийн хөрөнгийн зарцуулалтыг тайлагнадаг хууль баталсныг  сэтгэл ханамжтайгаар тэмдэглэх байна.

- Хүний хөгжлийн гол түлхүүр бол боловсрол. Хүний хөгжил нь эргээд улс орны хөгжлийн гол түлхүүр нь болдог. Манай хүн амын гуравны нэгээс дээш хувь нь сурч боловсрох үйл явцад оролцож байна. Манай боловсролын тогтолцоо нь сурагч төвтэй, тэдний практик үйл ажиллагаатай уялддаг. Монгол Улсын иргэн дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад элсэн суралцахад манай Засгийн газар сургалтын зардлыг хариуцах бодлогыг бид хэрэгжүүлдэг.

- Бид хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн чадавхид итгэдэг. Энэ асуудлаар Монгол Улс НҮБ-ын хүчтэй дэмжигч. Нийгмийг улам хөгжүүлэхийн төлөө бид орон нутгийн түвшинд ч, дэлхий нийтийн түвшинд ч нийтийн албанд  эмэгтэйчүүдийн  эзлэх хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эмэгтэйчүүд илүү олноороо эрх мэдэлтэй болсноор бид улам нийцтэй, эвсэг болж, илүү бага сөргөлдөөн, илүү богино харууслыг мэдрэх болно.

Энэхүү хүчин зүтгэл эрх тэгш, ил тод, цогц, хариуцлагатай, үйл ажиллагаанд чиглэсэн удирдамжийг гаргаж, тогтвортой хөгжлийн замд чиглүүлэх болно. Үүний амжилтын тулгын чулуу нь ноён Дарга Таны удирдлага, чиглэлийн дор гаргасан “Үйл ажиллагааны шинэ амлалт” уриалга урагш хөтлөнө гэдэгт би итгэлтэй байна.

Ноён Дарга аа,

Шинэ зууны эхээр бүх нийтийг хамарсан цочирдом, шинэ сорилтуудтай дэлхий нийтээр нүүр тулаад байна.

Үй олноор хөнөөх зэвсгээс дэлхийн дулаарал

Хүний эрхийн зөрчлөөс хүмүүнлэгийн гамшиг

Аймшигт гэмт хэрэг, алан хядлагаас улс орны тусгаар тогтнолоо алдалт

Эрчим хүч, хоол хүнс, усны гачигдлаас эрх чөлөө, аюулгүй байдлын заналхийлэлтэй  тулгарч байна.

Дэлхий нийтийг хамарсан сорилттой тулгарахад бид нэг л зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Том ч бай, жижиг ч бай, улс орон дан ганцаараа үүнийг шийдэж чадахгүй. Иймд бүх улс орон, бүх тоглогчдын уялдуулан зохицуулсан үйл ажиллагаа чухал шаардлагатай.

Хэрэв бид нэгдэж чадвал ямар ч соёл, иргэншилтэйгээсээ үл хамааран дэлхий нийтийн өмнө тулгарч буй аливаа сорилтыг давж чадна гэдэгт итгэлтэй байна. Парис хотноо удахгүй болох COP-21 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт нь олон улсын хүчин чармайлт, нэгдлийг сорих хамгийн эхний шалгуур байх болно.

Иймдээ ч эх дэлхий, экосистемийг өөрсдийнхөө болоод хойч ирээдүйнхээ төлөө хамгаалах нь яах аргагүй өнөөдрийн бидний үүрэг хариуцлага болж байна. Бид шударга байх ёстой. Улс орон, Засгийн газар бүр даян дэлхийн зорилтод өөрийн бололцоо, оногдох хариуцлагын түвшингээр хувь нэмрээ оруулах ёстой.

Ноён дарга аа,

Манай улсын хувьд даян дэлхийн сайн сайхны төлөө ямагт хүчин зүтгэж ирсэн. Тухайлбал:

Монголчууд бид бахархалтайгаар зүтгэж, энхийн үйлснээ хувь нэмрээ оруулсаар байх болно. Манай цэнхэр дуулгатнууд НҮБ-ын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж байна. Өдгөө монголчууд бид мэргэжлийн ур чадвар, чанар чансаагаараа НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд цэрэг илгээгч топ 20 орны тоонд орж байна. Энэ хугацаанд 14000 монгол энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ нь манай улсын хүн амтай харьцуулахад үлэмж тоо юм.

Бид өөрийн улсын шилжилтийн туршлага, эрх чөлөө, шударга ёс, хөгжлийн төлөөх туршлагаасаа бусадтай хуваалцахдаа ямагт бахдалтай байдаг. Ингэж гэмээнэ бидний ололт амжилт урт насалж, улам бүр бат бэх болж чадна. Монголчууд бид энэхүү эрмэлзэлдээ хөтлөгдөн бүс нутаг хийгээд түүнээс чинагш олон оронтой идэвхтэй хамтран ажиллаж байна.

Дэлхий нийтийн тогтвортой байдалд бид бусдын адил санаа тавьж ирсэн. Бид эх дэлхийгээ цөмийн зэвсгээс ангижруулах ёстой. Иймдээ ч сүүлийн 23 жилийн хугацаанд манай улс цөмийн зэвсгээс ангид статусаа баталгаажуулсаар ирсэн. Нэг улсын цөмийн эрчим хүчний хөтөлбөр нөгөө улсын энх тайван, аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлэх учиргүй. Аливаа асуудлыг яриа хэлцээ, хамтын хүчээр шийдвэрлэхээс биш ганцаардуулах, хамтын нийгэмлэгээс тусгаарлах учиргүй.

Олон талт хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх нь юу юунаас чухал. Тэр дундаа Азид. Монгол бол эвсэлд үл нэгдсэн улсын хувьд бүс нутагтаа энх тайван, аюулгүй байдлыг түгээн дэлгэрүүлэх үйлснээ “үнэнч зууч” нь болж чаддаг. Бид Хельсинкийн яриа хэлцээтэй ижил төстэй “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г санаачлан эхлүүлээд байгаа.

Түүнчлэн “Азийн форум” хэмээх механизмыг эхлүүлээд байна. Азийн улс орнуудыг бүхэлд нь татан оролцуулах олон талт яриа хэлцээний цогц механизм  зайлшгүй шаардлагатай. Улс орон бүр дэлхийн тавцанд ганц ганцаараа нүүр тулан барилдахаасаа илүүтэйгээр нэг нэгнийхээ өмнө үүрэг хүлээдэг. “Азийн форум” нь жижиг, том гэлтгүй Ази тив дэх тусгаар улс бүрийн эрх тэгш оролцоог хангаж, тэдний тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, тогтвортой хөгжлийн баталгааг бэхжүүлэх зорилготой механизм юм. Энэхүү үйл хэргийг дэмжиж, сонирхож буй бүх улс идэвхитэй оролцохыг урьж байна.

Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жил амжилттай даргалсан. Харин өнөөдөр “Онлайн эрх чөлөө” эвслийг даргалж байна. Энэхүү чухал эвслийг даргалж буй Азийн анхны улс болж байна.  Цахим ертөнцөд хүн бүр холбогдох боломжийг уриалж, улмаар Цахим эрх чөлөөний асуудлаарх бүх нийтийн конвенциийг гишүүн улс орон бүр дэмжин батлахыг энэ завшаанд уриалж байна. Цахим хувьсгалын төлөө ийн нэгдсэнээр хүн төрөлхтөнд хөгжил цэцэглэлийг авч ирэх нь гарцаагүй.

Монгол Улс нээлттэй олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн. Чухамдаа энэхүү бодлого, байр суурь нь Монгол Улсыг байнга төвийг сахисан улс болгон зарлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Манай дотоодын хууль тогтоомж, нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрүүд угтаа төвийг сахих бодлоготой нийцэж байгаа юм. Иймд Та бүхнээс манай улсын энх тайванч, нээлттэй, төвийг сахисан, идэвхтэй гадаад бодлогын хүчин чармайлтыг ойлгож, дэмжихийг хүсч байна. Монгол Улсын байнга төвийг сахих статус нь бүс нутагт төдийгүй дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг бэхжүүлэхэд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс саяхан Ази, Номхон далайн хүний эрхийн бага хурлыг зохион байгууллаа. Мөн ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулган анх удаа манай улсад хуралдлаа. Хүний эрхийн мэргэжилтнүүд, Европын парламентчид үр ашигтай, амьд яриа өрнүүлж, санал бодлоо солилцлоо. Энэ нь нэг ёсондоо хүний эрхийн асуудлаар бидний хийж, гүйцэтгэсэн ажилтай газар дээр нь биечлэн танилцаж, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт, нээлттэй нийгмийг хэрхэн бүрдүүлж буйг ажиглах таатай боломж олгосон хэмээн найдаж байна.

Ирэх жил, саруудад бид олон улсын томоохон арга хэмжээг нийслэл хотноо зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээгээд байна. Эн тэргүүнд 2016 оны зун АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулна. Ази, Европын 53 орны төр, засгийн тэргүүн нар АСЕМ байгуулагдсаны 20 жилийн түүхэн ойгоор манай улсад чуулах тул тэднийг бид чин сэтгэлээсээ хүлээн авах болно..

Монгол Улс энх тайвны төлөөх санаачилгын дор энхийн зуучлагчийн үүргээ гүйцэтгэж, идэвхтэй, нээлттэй гадаад бодлогоо улам бүр бэхжүүлэхийг эрмэлзэж байна. Манай улсын үүд хаалга үргэлж нээлттэй байж, бүс нутгийн хийгээд олон улсын асуудлаарх аливаа яриа хэлцээнд оролцох болно. Эрх чөлөө, шударга ёс, хөгжил цэцэглэлийн төлөөх хамтын үйлснээ бид үргэлж ханцуй шамлан ажиллахдаа таатай байх  болно. Бид сурсан мэдсэнээ болон цааш сурч мэдэхээ бусадтай хуваалцахад үргэлж бэлэн байна.

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд анх удаа нэр дэвшиж байгааг онцлон тэмдэглэмээр байна. НҮБ-ын Хүний эрхий зөвлөл нь хүний эрхийг дэлхийн дахинаа хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд гол үүрэг бүхий байгууллага юм. Хүний эрхийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх олон улсын талбар нь болж, улмаар түүнийг эргүүлээд үндэсний  бодлого болгоход чухал ач холбогдолтой зөвлөл юм. Монгол Улс хүний эрхийг дээдлэн, түгээн дэлгэрүүлэх үүргээ баталгаажуулахын сацуу ардчилсан, чөлөөт нийгэм рүү хэрхэн шилжсэн, авлигын эсрэг хэрэгжүүлсэн ажил, цаазын ялыг халсан зэрэг өөрсдийн туршлагаас хуваалцахыг хүсч байна. Ирэх 10 дугаар сард болох НҮБ-ын ХЭЗ-ийн сонгуульд Монгол Улсыг дэмжихийг гишүүн улс орон бүрээс хичээнгүйлэн хүсье.

Ноён Дарга аа,

Энх тайвныг дэлгэрүүлэх,

Хүний эрхийг дээдлэх,

Хүн бүрт хүрэлцээтэй нийгэм, эдийн засгийн цогц хөгжлийн төлөө байгуулсан НҮБ-ын үндсэн зорилтын төлөө бид бүгдээрээ  хүч чармайлтаа дайчлах хэрэгтэй.

XXI зуунд ч гэсэн НҮБ-ын оролцоо хүн төрөлхтөн бидний зүрхэнд хэвээр байна гэдэгт итгэлтэй байна.

Арьс, өнгө, шашин шүтлэгээс үл хамааран, гагцхүү хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийн шаардлагаар Байгууллагын чиг үүрэг, зорилго нь дахин шинэ утгаар бүрэлдэж, улам бүр төгөлдөржих учиртай.

Бид өнөөдөр илүү гэрэл гэгээтэй XXI зуунд амьдарч байгаа ч хүний эрх ноцтойгоор зөрчигдсөөр л байна. Хүнийг боолчилсон наймаа өнөөдөр ч байсаар байна.

Энэхүү хүндэт индэр дээрээс үг хэлсэн бусад төлөөлөгчдийн хамтаар НҮБ-ын өмнө тавьсан зорилгыг биелүүлж, бэрхшээл саадыг хамтын хүчээр шийдмэгээр даван туулахын төлөө өөрийн үг санааг ийнхүү нэгтгэж байна.

Үр өгөөж олох олон боломж байна.

Дэлхий нийтийн өмнө тулгараад буй асуудлыг шийдэх боломж, технологи, нөөц баялаг бид бүхэнд байгаа бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэнд анх удаагийнх юм.

Цэрэг, зэвсэглэлийн том үзэсгэлэн үзэх үед: “Дайны машин, үй олноор хөнөөх зэвсэгт ямар их хөрөнгө мөнгө, хүний оюун ухаан, цаг хугацаа орж байна вэ” гэж би өөрийн эрхгүй боддог юм. Ийм “хүчирхэг зэр зэвсэгийн үзүүлэнд” зарцуулсан хөрөнгө мөнгө, технологийн багахан хэсгийг ч болтугай өнөөдөр тулгараад буй бусад олон асуудлыг шийдэхэд ашигласан бол  илүү өгөөжтэй байхсан гэж бодогдоно.

Нөгөөтэйгүүр бид бүхний мөрөн дээр буй бэрх сорилтыг шинэлэг, эрч хүчтэй, эрэмгий шийдлээр гэтлэн давах чадвартай, ухаалаг, орчин үеийн техникт гаршсан, эрч хүчтэй залуу хойч үе бидэнд байна. Эд бол бидний найдвар, бидний итгэл бөлгөө.

Ноён Дарга аа,

Жижиг, том бүх улс үндэстний эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь НҮБ-ын үндэс суурь юм.

НҮБ-ын талаар тодорхой үндэстэй шүүмжлэл байгааг бид бүгд мэднэ. Хэрэв НҮБ шинэ бодит байдалд тулгарч буй асуудлуудыг даван туулъя гэж байгаа бол зарим томоохон өөрчлөлтийг НҮБ-д хийх хэрэгтэй байна.

НҮБ нь дэлхийн хамгийн өргөн төлөөлөлтэй бөгөөд хамгийн чухал байгууллага хэвээр байна гэдгийг бид бүгд сайн мэднэ. Энэ бол дуу хоолойгоо илэрхийлэх, санал өгөх эрхтэй байх, хүн төрөлтний гэр бүлийн гишүүн нь байх явдал юм.

Гэвч бидэнд өрх гэрээ шударгаар засан төвхнүүлэх шинэчлэл хэрэгтэй байна.

Учир нь, НҮБ урьд өмнөхөөсөө илүү харилцан хамааралтай болоод байгаа.

Бид үйл ажиллагаагаа хойш тавих аваас нөхцөл байдал цаашид илүү хүнд, бэрх болох болно.

Өмнө хэлсэнчлэн, сүүлийн 70 жил хүн төрөлхтний хамгийн гайхамшигтай 70 жил байсан.

Иймд ирэх 70 жилийг ч мөн хүн төрөлхтний төлөөх гайхамшигтай 70 жил болгохын төлөө хамтдаа ажиллая.

Ноён дарга аа,

Хүн төрөлхтөн аливаа сорилттой нүүр тулгарахдаа хамгийн сайн арга замыг эрэлхийлдэгийг бид мэднэ.

Тогтвортой хөгжлийн зорилтуудтай тулгараад буй энэ цагт бид бүгд “хөгжиж” буй орнууд болоод байна. Яагаад гэвэл бид бүгд амжилтад хүрэх зорилттой тулгарч байна.

Энх тайван үгүй бол ирээдүй үгүй,

Тогтвортой байдал үгүй бол ертөнц үгүй,

Шударга ёс үгүй бол хүн төрөлхтөн үгүй гэдгийг бид бүгд мэднэ.

Ялалтын төлөө үргэлжлүүлэн тэмцье.

Манлайлагчид нь байцгаая.

Барианы зурвас дээр өөрсдийн тугаа мандуулцгаая.

Тэгээд энэ сайхан эх дэлхийнхээ хойч үед эдгээрийг бахархалтайгаар уламжилъя.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан