Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны шинжээчдийн мэдээлснээр, өнгөрсөн онд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой элдэв өвчнөөр хагас сая хүн нас баржээ. Тус байгууллагын сайтад нийтлэгдсэн мэдээнд ингэж дурдсан байна.

Архидан согтууруулах явдал эрчүүдийн үхлийн 30 хувь, эмэгтэйчүүдийн үхлийн 15 хувийн шалтгаан болж байгаа ажээ. Гэхдээ согтууруулах ундаа хэрэглэснээс болсон нас баралтын түвшин сүүлийн жилүүдэд буурч байгааг дээрх байгууллага дурдсан байна. “Статистикийн мэдээгээр, цэвэр этанолд шилжүүлснээр, 2009 оноос нэг хүнд ногдох согтууруулах ундааны албан ёсны худалдаа бараг 9 хувиар буурсныг” мэдээнд тэмдэглэжээ. 2009 онд энэ үзүүлэлт 9,1 литр байсан бол, 2014 онд 8,3 литр болсон байна.

2020 он хүртэлд архидан согтуурахтай тэмцэх чиглэлд согтууруулах ундаа худалдаалах газар, цагийг хязгаарлах замаар хэрэглээг цаашид бууруулахаар заасныг Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгчид онцлон тэмдэглэжээ. Оросын иргэд согтууруулах ундаа уух нь багассаныг Оросын ерөнхий наркологич Евгений Брюн тэмдэглэсэн юм. Сүүлийн таван жилд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ 18 литрээс 13,5 литр болж багассаныг 2015 оны сүүлчээр тэр мэдэгджээ.