Өнгөрсөн лхагва гарагт олон нийтийн сүлжээгээр Исламын улс бүлэглэлийг дэмжигчид фэйсбүүк, твиттерийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг, Жак Дорсей нарыг сүрдүүлсэн видео бичлэгийг байршуулжээ. Эдгээр компаниуд терроризм, хүчирхийлэлтэй холбоотой хэрэглэгчдийн хаягийг хаах шийдвэр гаргасан нь хэт даврагчдыг ийм үйлдэл хийхэд хүргэжээ. Тухайлбал, өнгөрсөн саруудад твиттерээс Исламын улс бүлэглэлтэй холбоотой нийт 125 мянган хаягийг хаасан байна.

25 минут үргэлжлэх тус видеог ISIS-ийг дэмжигчдийн дөл хэмээн нэрлээд, тэрбумтнуудын зурган дээр буугаар буудаж нүх гаргасан зургийг оруулсан байна. Түүнчлэн тус бүлэглэл фэйсбүүкийн 10 мянган хаяг, 150 групп, твиттерийн 5000 аккаунтыг хяналтандаа байлгадаг болохоо мэдэгдээд тус бүлэглэлийн эсрэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулбал хариу арга хэмжээг авахаа сануулжээ. 

Харин цахим ертөнцөд тараасан дүрс бичлэгт “Твитер, фэйсбүүкийг үндэслэгч Жак, Марк болон тэдний загалмайтны Засгийн газарт” хэмээн эхлээд “Та нар олон нийтийн сүлжээн дэх манай маш олон хаягийг түдгэлзүүлсэн байна. Та нар нэг хаяг хаавал бид хариуд нь 10-ыг хаах болно” гэж сүрдүүлжээ.

Одоогоор фэйсбүүкийн зүгээс уг бичлэгт ямар нэгэн хариу өгөөгүй байна. Харин твиттерийн төлөөлөгч терроризм,  хүчирхийллийг дэмжигч хэрэглэгчидтэй  хатуу тэмцэх бодлогоо үргэлжлүүлнэ гэжээ. 

www.eagle.mn