Нийслэл хотыг бүрхээд байгаа түймрийн утаа ОХУ-ын Сибирьт их хэмжээний газар нутгийг хамран дүрэлзэж буй ойн түймэртэй холбоотойг ОБЕГ-ын албаныхан мэдээлж байсан. Энэхүү түймрийн утаа хэд хоногоос арилна гэсэн мэдээлэл байсан ч өнөөдрийн байдлаар утаа арилаагүй байгаа юм.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Манай орны хилд хамгийн ойрхон асч буй түймэр Байгал нуурын баруун хэсэгт буюу хилээс 350-400 км-ын зайтай байгаа. ОХУ-ын Онцгой байдлын яам болон Ойн газар алба хаагчид сайн ажиллаж байгаа хэдий ч түймрийг унтрааж дийлэхгүй байна. Тиймээс баруун бүс нутгаасаа Онцгой байдлын алба хаагчдыг татан оролцуулахаар ажиллаж байгаа. Одоогийн байдлаар хойд хөршийн Сибирь, Байгал нуур орчимд 217 ойн түймэр гарч байна гэсэн мэдээлэл бий” гэв.