Ж.Туяацэцэг: Заримдаа ямар их тэвчээртэй юм бэ гэж боддог
2017/06/20
Share |

УИХ-ын дарга, МАН-ын дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын гэргий Ж.Туяацэцэгтэй ярилцлаа. Тэрбээр ханиа “Болдоо” гэх юм. Харин өрхийн тэргүүн эхнэрээ “Цэцэгээ” гэж дууддаг. Болдоо, Цэцэгээ хоёр хуримаа хийгээд 33 жил болжээ.

-Та хоёрыг 10 жилийн нэг ангийнх гэдгийг хүмүүс мэднэ. Сургуулийн тайзнаа тоглосон “Отелло” жүжигт та хоёр гол дүр бүтээсэн байдаг. Яагаад та хоёрыг сонгосон юм бол?

-Анги болгонд хүүхдүүдийн өмнө явдаг, уриалан дууддаг гал цогтой, сэргэлэн, хөгжилтэй охид байдаг шүү дээ. Манай ангид ч хэдэн “гал” охид байлаа. Бид жүжгээ найруулна. Дүр бүрт зориулан хувцасны зураг гаргаж, оёно. Одоогийнх шиг бүх юм бэлэн байсан биш. Олон метр марль авч өнгөнд оруулаад хувцас хийдэг байсан. Болдоо нэг удаа “Дайн ба энх”-ийн Пьер Безуховын дүрд тоглосон нь санаанд тод үлдэж. “Отелло”-д Энхболд Отелло, би Дездемон болсон. Болдоо маань том биетэй, төрөлхийн буржгар үстэй болохоор Отеллогийн дүрд  сонгогдсон хэрэг. Нүүрийг нь хараар будчихсан чинь том алаг нүд нь эргэлдээд, маш сүрлэг Отелло болсон шүү. 

-Сонины нэгэн сурвалжлагад Таны тухай зураглахдаа ангийн хөөрхөн охидын нэг, Энхболдыг тоодоггүй. Нөгөөх нь тоогдохын тулд тураад, гоолиг гоё залуу болсон гэж бичсэн байсан. Та түүнийг турвал үерхэнэ гэсэн юм уу? 

-Юу гэж “тур” гэх вэ дээ /инээв/. Тарган бүдүүн ч байгаагүй. Хүмүүс “Энхболд чамд захиа өгч байсан уу” гэж их сонирхдог. Үнэнээ хэлэхэд, тэр бусдын адил захиа занаа өгч сүйд болсон юмгүй. Нэг л мэдэхэд үерхдэг болчихсон байсан. Есдүгээр ангиасаа үерхэж эхэлсэн болохоор аравдугаар анги төгсөх үед хоёр талын аав ээж мэддэг болчихсон байсан. Ахлах ангид байхад баяр болохоор нийлдэг “өвчтэй” байлаа шүү дээ. Баахан нийслэл салаат хийчихээд түүнийгээ тойрч суугаад иддэг байж. Төгрөг хорин мөнгөний лемоны шүүс ууна. Нэг удаа Болдоогийнд, ээж аав нь найзуудтайгаа салхинд гарахаар явсан хойгуур нийллээ. Нийллэг хараахан дуусаагүй, пижигнэж байтал аав ээж нь ороод ирдэг юм. Хүүгээ нэг охинтой найзалж байгааг сонсчихсон байж. Аав нь жаахан халамцуу “За энэ охид дотроос миний хүүтэй найзалж байгаа нь хэн бэ” гэлээ. Би доош хараад, чимээгүй л байлаа. Тэгсэн аав нь “За за, мэдлээ. Нэг охиныг тэр л байх гэж бодлоо” гэсэн. Хожим ааваас сонсоход яагаад ч юм намайг хараад энэ хүүхэд л байх гэж таамагласан юм билээ. Тэр үеийн охид бүгд шахам хоёр салаа гэзэгтэй, ижил загварын хувцастай, ялгахын аргагүй шүү дээ. Намайг гэж яагаад бодсон юм, хөөрхий бүү мэд.
 
-Таны аав ээж сэрүүн байгаа юу. Та ах дүү хэдүүлээ вэ?

-Манай аав одоо 83 настай. Хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Хааяа гэртээ авчирна. Унаа явуулах уу гэхээр “Ёстой үгүй шүү. Бөөн түвэг. Өөрөө дэгдээд оччихож чадна” гэдэг юм. Өөрийгөө бусдад төвөг болчих вий гэж тувт сандарна. Ээж минь 2004 онд элэгний хавдраар өөд болсон. Манай аав Хөдөө аж ахуйн дээд төгссөн, агрономич хүн. Хавар газар гэсэх үеэр яваад, намар ургац хураасан хойно ирдэг байсан. Тариалангийн талбай, ургамал хамгааллын чиглэлийн хүн. Ээж маань Санхүү эдийн засгийн техникум төгссөн. Төгсөөд Дорнодод хоёр жил ажиллаад, Улаанбаатарт ирсэн. Банкинд насаараа ажилласан даа. Би ээж, ааваас наймуулаа. Гурван эгч, нэг ахтай айлын тав дахь хүүхэд. Бага байхад намайг “Одонгийн хүүхэд” гэхээр их гайхдаг байсан. Тэнгэр лүү хараад л “Одонгийн хүүхэд” гэж юуг хэлж байгаа юм бол, одтой холбоотой юм болов уу гэж боддог байлаа. Тэр үед тав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд эхийн хоёрдугаар одон, найман хүүхэд төрүүлбэл нэгдүгээр одон өгдөг байсан. 


-Танайх их эрт айл болсон юм билээ. Та бол олуулаа өссөн, харин Энхболдынх харьцангуй цөөхүүл. Айлын ганц хүү болохоор тэр танаас арай өөр амьдралын хэв маягтай байсан уу? 

-Дөнгөж 20 настайдаа, 1984 онд хуримаа хийсэн. Болдоог гурван эгчтэй, айлын бага хүү болохоор эрх танхи гэж боддог байсан ч хүмүүжил сайтай, дэгтэй хүү байлаа. Гэрийнхээ хамаг ажлыг хийдэг, аав ээжийнхээ бүх юмыг ян тан бэлдэнэ. Гэхдээ гэрийнхээ ажлаас илүү гардаггүй, ноомой жаал байсан бол надтай үерхэхгүй шүү дээ. Олон найз нөхөдтэй, хүнд тусч, нийгмийн идэвхтэй гэж жигтэйхэн. Тухайн үедээ л миний мэдэх хамгийн сайхан хүү байсан юм даа. Есдүгээр ангиасаа үерхэж, Москва руу сурахаар явсан ч ганцхан Болдоог надад оноогоод өгчихсөн юм шиг л гэр бүл болсон. Би гэртээ амралтын өдрүүдээр ес, арван цаг хүртэл унтдаг охин байлаа. Биднийг босоход ээж сайхан будаатай цай хийчихсэн, бөөнөөрөө хооллож ундалчихаад, долоо хоног идэх боорцгоо хийнэ. Харин Болдоогийнх их эрт босно. Аль эрт ажлаа амжуулна. Одоо манай хоёр хүүхэд нойр багатай. Би заримдаа “Ээж нь унтана шүү” гэж захиалж байж унтдаг юм. Хөдөө амарч явахад Болдоо өглөө 5-6 цагт, нар мандахтай зэрэгцээд гараад явчихдаг. Ирэхэд нь би унтаж л байна. “Хөөш чи босооч дээ, яасан их унтдаг юм. Би морь малдаа яваад, өчнөөн айлаар орж, хүн амьтантай ярьж хөөрөөд, сонин сайхан зөндөөг сонсоод ирж байхад орноосоо ч ховхрохгүй, дэндүү юм” гэж загнуулж л явлаа. Үгүй тэгээд босоод ирэхэд дөнгөж л найм /инээв/.  

-Муудалцдаггүй айл гэж байдаггүй л гэж боддог. Та харилцаандаа ямаршуу арга хэрэглэдэг вэ. Тэвчээр л чухал гэж сургацгаадаг шүү дээ?

-Тэвчсэнээс алдана гэж огт байхгүй, ононо уу л гэхээс. Амьдрал юм чинь “Чи ер нь яахаараа дандаа ингэж байдаг юм бэ” гэх мэт асуултуудыг харилцан тавьж л явсан. Бид хоёр 33 жил нэг гэрт амьдарч. Ёстой л уйлж хамт байлаа, дуулж ч хамт байлаа даа. Олон жил амьдрахаар, ялангуяа 40 наснаас хойш нэг нэгийнхээ занг андахаа больчихдог юм байна. Тэр хэрээр сайдаж муудах нь ч багасдаг бололтой. Бид хоёрын хувьд яг үнэндээ сүүлийн 10 гаруй жил ганц ч удаа муудалцсангүй ээ. Хамгийн сүүлд юунд нь уурласнаа ч мартчихаж. Болдоо ачаалалтай ажилладаг ч гэртээ ирсэн л бол ажлын талаар юу ч ярихгүй. Би үүнийг нь сайн тал гэж олзуурхдаг. Царайг нь хараад л бүхнийг ойлгоно. Хэрвээ стресстэй байвал би юм дуугардаг ч үгүй. Тийм үед нь элдэв юм шалгаагаад байвал хэцүү шүү дээ. Харин нэлээд дуу шуутай, сайхан зантай орж ирвэл гэр бүлийнхээ тухай, сонин сайхнаа хуваалцаж ярина. Энэ бол Энхболд бид хоёрын амьдралын жор болохоос айл бүрт тохирох зүйл биш ч байж болох юм. Бүр эсрэгээрээ стресстэй үедээ эхнэртэйгээ ярьж тайвширдаг нөхөр байхыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Бидний хувьд хүүхдээрээ шахам нийлсэн болохоор элдэв арга тактик гэх юм юу ч байхгүй. Одоо болтол бид хоёр бие биедээ өнөө л арван жилийн Болдоо, Цэцэгээгээрээ байгаа юм шиг л санагддаг.

 


-Ингэхэд хоёр оюутан хүүхдүүдээ яаж өсгөсөн хэрэг вэ? 

-Болдоо л аваад үлдсэн. Би том хүүгээ 45 хоногтой орхиод, сургуульдаа явсан. Хүү маань хоёр талын аав, ээжийнд аль харах хүнтэй газар нь байдаг байж. Муу хүүг минь таван литрийн бидонтой үхрийн сүү, угж дагалдаж явдаг байсан гэсэн. Ямар сайндаа ээж “Хүүгээ үнэрлэсэн чинь сүү биш, халсан хаймар үнэртээд” гэж уйлсан гэдэг. Сүүг нь бүлээтгээд угждаг болохоор угжны резин үнэртдэг байж. Сургуулиа төгсөөд ирэхэд хоёр хүүхэд маань овоо том болчихсон, нөхөр маань туршлагатай аав болчихсон байлаа.

-Та хадам аав, ээжийнхээ талаар дурсахгүй юу?

-Бид хуримаа хийчихээд хадам аавынд 1992 он хүртэл найман жил хамт амьдарсан. Бэр болж очиход хөдөө гадааны ах дүү нь бужигнасан айл угтсан. Би тэднийд амьдарч эхлэхдээ үнэндээ гайхсан зүйл энэ л байсан. Ээж нь эмч хүн болоод ч тэр үү, тэр олон хүн шавчихаад байхад огт түүртэхгүй, эмх цэгцтэй, хачин ажилсаг айлын бэр болсон доо, би. Манай хадам ээж насаараа сүрьеэгийн эмчээр ажилласан. Гэртээ ариун цэвэр их сахиулна аа. Одоо 83 настай, хоёр удаа харваад бие нь тэнхээрхүү, бидний асрамжинд байдаг. Хадам аав маань дээд сургуулийн багш байлаа. Олон юм яриад байхгүй, номын хүн. Ажлаасаа ирээд байнга л ном, сонин эргүүлж сууна. Олон жил хамт амьдрахад уурлаж байгааг нь ер үзээгүй. Харин нэг өглөө манай Хулан цэцэрлэгтээ явах гээд бөөн уйлаан майлаан болов. Болдоо бид хоёр охиноо аргадах маягтай. Гэтэл аав “Муу сэрээ чинь яах гэж өглөө болгон ингэж байдаг юм” гээд хажуугаар нь гарахдаа нэг алгадаад авсан. Тэгж л аавыг ганц удаа уурласныг мэднэ. “Сэрээ” гэж уурлахаараа хэлдэг үг нь байж л дээ. Болдоо маань аавыгаа бурхан болтол хувцас хунарыг нь угааж индүүдэх, гутлыг нь тослоход хэнийг ч оролцуулаагүй дээ. Болдоогийн нэг эгч 2004 онд автын ослоор өөд болчихсон юм. Амралтын өдөр гурван эгчийнх нь хүүхдүүд, ах дүү нар нь манайд ирэхэд Болдоо өөрөө л хоол унд хийнэ. Хурдан хэрнээ амттай хоол хийдэг. Хэрийн хүний гарыг голно, ерөөсөө тийм шаардлага өндөртэй “этгээд”. 

 


-Энхболдынх гэдэг айл ам бүл дөрвүүлээ амьдарсан хугацаа нь тун богино юм байна шүү дээ? 

-Анх тусдаа гарахад Болдоогийн авга ах, эгчийнх нь хоёр хүүхэд бидэнтэй амьдардаг байлаа. Тэгээд л хөдөөнөөс нөгөө олон түмэн бууж эхэлсэн дээ. Манайх хэзээнээсээ цэмцгэнэсэн айл байсангүй. Олны бужигнаан дунд өссөн болохоор манай хоёр хүүхдэд эрх цамаан, зожиг зөрүүд ч гэдэг юм уу, элдэв зан ааш байдаггүй нь сайхан. Манайх тусдаа айл болж 10-аад жил амьдраад, хадам аав, ээж хоёрыг тэтгэвэрт гарахад нь бушуухан буцаад нийлчихсэн гэхээр нээрэн би насаараа хадмындаа амьдарснаас өөрцгүй юм биш үү. Болдоо маань хар залуугийн л найзархаг, тусч, хүмүүсийн эвийг олох, аль болох урт удаан нөхөрлөх гэдэг зантай. Ах дүү, хамаатан садандаа ч элгэмсүү. Их хүлээцтэй хүн. Хүнд ийм чанар төлөвшинө гэдэг их л хэрсүүжсэний дараах явдал юм байна гэдгийг би одоо л ойлгохтойгоо болж байна. Эхэндээ надад энэ хамаатан садансаг, найзархаг зан нь их түвэгтэй санагддаг байсан. Одоо би өөрөө өрөөсөн дугуй нь болчихжээ. Тэр бүү хэл манай хоёр хүүхэд энэ талаараа яг л аавыгаа хуулж байна даа. Хадмынхаар бүчдэг хөдөөний хамаатнууд манайд буудаг байсан бол одоо охиныхоор шавдаг болж байна. Хүмүүс манай хоёр хүүхдийг “Яагаа ч үгүй хөгшин хүн шиг болчихсон” гэдэг юм. Яагаад гэхээр “Дандаа л тэгж болохгүй, ингэж болохгүй. Нүгэл, ээ нүгэл гэм” гэж ярьдаг гэнэ. Хөдөөгийн хөгшчүүл нь сургачихгүй юу. Тэнгэр дуугарахаар манай хоёр “Намхайжанцаан” гээд алга хавсарч залбирна. Ингэ гэж бид хоёр лав заагаагүй. Авгуудын хүмүүжүүлсэн нь л энэ.  

-Та одоо ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирлаар ажилладаг. Ямар мэргэжлээр сурсан юм бэ?

-Би Москвагийн Хүнсний технологийн дээд сургуульд механикч инженерийн мэргэжил эзэмшсэн. 1982 онд нэг хүү, дөрвөн охин тавуулаа Москвад очсон. “Үгүй тэгээд энэ охид механик инженерээр сурах юм уу” гэж гайхаж хүлээж авсан нь олон. Сурах ангийг маань сонсмогцоо “Хөөх” болоод явчихна. “Ямар ангид орчихов доо. Хөөгдчихгүй шиг сурах юмсан” гэж л бодогдсон. За тэгээд анхны лекц, анхны хичээлдээ суухад лекцээ гүйцэхгүй шүү дээ. Орос багш нар дуржигнуулаад л, эхний 3-4 өгүүлбэрийг нь барьж аваад, цаашаа байхгүй. Нэг орос оюутан бараадаж суухыг бодно. Гүйцээгүйгээ хуулна. Тэгж явсаар хагас жил болоход лекцээ бичихтэйгээ болсон. Тэр үед манай дунд боловсрол чанартай, багш нар сайн байсан учраас суурь сайтай хүүхдүүд их сургуульд нэг их зовохгүй л дээ. 

 


-Та яагаад охидын тэр бүр сонирхдоггүй мэргэжил сонгосон юм бэ?

-Би шугам зураг, геометр, математикийн хичээлдээ илүү сонирхолтой хүүхэд байлаа. Ангийнхаа, нэг байрны охидын шугам зургийн хичээлийг нь хийж өгнө. Тэр хэд дэвтрээ овоолоод л гараад явчихна. Геометрийн хичээлийг Шарав гэж мундаг багш заадаг байсан. Сэтгэхүй хөгжүүлдэг, дүрсийн тооцоолол хийдэг, огторгуйн дүрсийн бодлого боддог байсан учраас тооны хичээлээсээ ч илүү геометрт дурласан юмдаг. Тиймээс найм, есдүгээр ангиасаа л инженер болохоор шийдсэн. 

-Ажлынхаа гарааг хаанаас эхэлсэн бэ?  

-Сургуулиа төгсөөд 1988 оны наймдугаар сарын 18-нд Талх чихрийн комбинатын жигнэмэгийн үйлдвэрт механик инженерээр орсон. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, хүнсний үйлдвэр зогсолтгүй 24 цагаар ажилладаг байлаа.

-Социализмын үеийн залуу гэр бүл амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг байв?

-Талх чихрийн комбинатад ажилласан эхний хоёр жил нь би бямба, ням гарагт ганц ч удаа амарч үзээгүй. Болдоо маань хоёр хүүхэдтэйгээ, аав ээжтэй үлдэнэ. Заримдаа “Чи амарч болдоггүй юм уу. Хааяа ч гэсэн өөр хүмүүст хариуцуулаад хийлгэж болохгүй юу” гэнэ. Тэгж болох ч жигнэмэгийн үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжийг хэний ч дор орохгүй сайн мэдэж авна гэж би хатуу төлөвлөчихсөн байсан. Ажлаа гартаа оруулсан мундаг инженер болох туйлын хүсэлтэй. 

 


-Та хэдийнээс багшилж эхэлсэн юм бэ. Мэдээж шууд захирал болоогүй байх?

-Талх чихрийн үйлдвэрт гурван жил ажиллаад 1990 онд гарсан. Хүү маань менингитээр хүнд өвдөөд, ажлаасаа чөлөө авсан юм. Тэгсэн миний ээж аав “Чи төрүүлснээсээ хойш эх хүн шиг хүүхдүүдээ асарсангүй. Оюутан байхад чинь хүргэн л хоёр хүүхдээ харсан. Төгсөж ирээд үр хүүхдэдээ ч үзэгдсэнгүй” гэж загнасан. Би хүүгээ эмнэлэгт сахиж, яах учраа олохгүй уйлаад л суудагсан. Бие нь тааруу байгаа муу хүүгээ хараад ер нь хүүхдээ л бодъё гэж шийдсэн. Миний хүү өвдсөнийхөө дараа үдээс хойш болохоор доголчихдог байлаа. Хэрвээ би үйлдвэр лүүгээ нэг л орчих юм бол хүүгээ маш шаардлагатай физик эмчилгээнд нь ч дагуулж явж чадахааргүй, цаг наргүй ажиллах байсан. Би ер нь ажилд тэгс ингэсхийх маягтай, хөнгөн хуумгай хандаж чаддаггүй юм. Тийм болохоор ажлаа хөнгөвчилье гэж шийдсэн. Тэгээд Политехникийн дээд сургуулийн Хөнгөн хүнсний факультет гэж байхад 1990 онд сургалтын мастераар орсон. Шууд багш болгохгүй л дээ. Ингэж харьцангуй хөнгөн, цаг нар нь ч бага ажил хийж байж хүүгээ тэнхрүүлж авсан. 1993 онд нэг ах маань нарийн боовны цех ажиллуулж эхлэхэд тэнд нь хоёр жил орчим ажилласан. Тэгж байтал ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуульд багш шалгаруулж авах зар сонслоо. Болдоод хэлэхгүй байгаа юм аа, бас. Хэрвээ тэнцэхгүй бол “Миний хөгшин тэнцчихгүй яагаа вэ” гэж үгээр идэж мэднэ гэж муу санаалахгүй юу. Чимээгүйхэн очиж шалгалтаа өгөөд багш болсон. Болдоо ч бөөн баяр. Аав нь их сургуулийн багш байсан болохоор их таалагдаж байх шиг байсан. 2009 он хүртэл багшилж байгаад захирал болсон доо.  
 
-Танай охин Хулан өнгөрсөн оны орон нутгийн сонгуульд нэр дэвшин ялж, улс төрд орсноо харууллаа. Энэ шийдвэрийг хэнтэй зөвлөсөн бол?


-Аавтайгаа л зөвлөсөн. Манай Хулан нээрэн их сонин хүүхэд шүү. Ах дүү нарынхаа удирдан зохион байгуулагч. Хөдөөний хэд маань биднийг гэхээсээ Хулангаа их сонсоно. Утсаар цаадуултайгаа ярихдаа “Ноолуураа “баас” болгохоосоо өмнө хөргөгчөө авахгүй бол...” гэж ч байх шиг. Лондонд оюутан байхдаа тэндээс холбогдож санаа оноогоо хэлээд, удирдаад байдаг байсан. Хуланг намар хичээлдээ явах болохоор хөдөөний хэд нь гаргаж өгнө гэж, ирэхээр нь тосож авна гээд давхиад ирнэ. Охин маань аавынхаа талыг дуурайсан, ямар ч хүнтэй хэл амаа олдог, зохион байгуулагч, нийтэч хүүхэд. Өөрөө болохоор “Надаар тэврүүлэхгүй, намайг дагаад явах чадвартай хүнтэй л би найзална” гэдэг. Хөгшин, залуу олон найзтай. Гэтэл хүү маань харьцангуй даруу гэх үү, их л дуугүй хүн болж. 

 


-Танай охин хуримлаад нэлээд удчихлаа. Та хоёр охиноосоо зээ хүлээж байна уу? 

-Хүлээлгүй яах вэ. Охин маань нийлээн тарган шүү дээ.  Таргалалтдаа ч зовно. Өөрийнх нь хамгийн их эмзэглэдэг зүйл нь. Харсан хүн болгон тураач гээд байхаар залуу бүсгүйд их эмзэг тусна шүү дээ. Фитнесст их явна. Ер нь төрөлхийн идэвхтэй, хөдөлгөөнтэй хүүхэд. Би шим судлалын хүн. Тэгэхэд охин минь надаас ч илүү эрүүл, зөв хооллох дэглэмийн талаар судална шүү дээ. Миний охин хүүхдэд ухаангүй хайртай. Монголчууд хүүхэд их хүссэн үед хүлээлгэдэг гэдэг дээ. Ах дүү нарынхаа хүүхдүүдийг нас насаар нь жагсааж, хэдэн бүлэг болгож байгаад, ээлж ээлжээр гадуур авч яваад л тоглуулна. Хөгшчүүлийн арга эвийг сайн олно, эрхэлнэ ч, эрхлүүлнэ ч. Манай Болдоогийн төрсөн эгч нар манайхтай нийлээд есөн ач, зээтэй. Эгч нар нь хааяа “Та нар дандаа л Хулан гэдэг. Адилхан хүүхдүүдийг ижил үзэхгүй байна” гэж аав, ээжийг хавиргална аа. Хөөрхий тэр хоёр дуугүй л сууна. Хулан маань өвөө, эмээгийнхээ юунд дуртайг сайн мэднэ. Эмээгийнхээ бие нь арай гайгүй үед үсийг нь самнаад л, илээд л “Эмээгийн цагаан үс зөндөө болчихжээ. Хоёулаа хэзээ үсчин орох вэ” гэж сууна. Тэгэхээр хөгшин хүн сайн байлгүй яахав. Дагаад гарч чадахгүй ч дагуулж явна гээд дотносоод байхаар чинь амины хүүхэд нь байхаас яах вэ.
 
-Та амралтынхаа өдрөөр эмээгийн ажил хийдэг үү?

-Их тэнгэрт ирснээс хойш ач нараа салхилаг гээд амралтын өдрөөр энд авчирч хардаг болоод байна. Бид хоёрын амьдралын хэмнэл гэвэл долоо хоногийн тавд нь өдөр шөнөгүй ажиллана. Хагас сайнд бусад айлын адил угаалга хийнэ. УИХ-ын дарга болоогүй байхад нь би тав дахийн орой Энхболдын цагаан цамц, хувцаснуудыг угааж индүүдээд тавьчихна. Маргааш нь хоёулаа хөдөө гараад давхичихдаг байсан. 

 


-Цагаан цамцыг нь хими цэвэрлэгээнд өгөхгүй юү?

-Би өөрөө л угаана. Заавал надаар хийлгэх гэдэг юм. Нэг удаа цагаан цамцыг нь индүүдээд зогсож байсан чинь Болдоогийн эгчийн охин орж ирээд “Би индүүдчихье. Та хоол ундаа хий” гэхээр нь өгчихсөн юм. Анх удаа хүнээр индүүдүүлж байгаа нь тэр. Тэгтэл нэг дэхийн өглөө нөгөөх чинь ажилдаа явах гээд цамцаа өмсөж байснаа “Энэ одоо яаж индүүдсэн юм” гээд тайлаад шидчихлээ. Яасан гэсэн, зах нь эвгүй байж. Нэг хүний индүүдэх аргад хүртэл дадал болдог юм байна шүү. Орчин цагийн хүмүүс цаасан салфетка хэрэглэдэг бол манай хүн хэзээнээсээ л алчуур хэрэглэдэг болохоор би наашаа цаашаа явах үедээ зөөлөн даавуун, ус сайн авдаг алчуур сонгодог юм. Болдоо алчуурнуудаа уранхай салбархай болтол хэрэглэнэ. Хүүхдүүд алчуурыг нь индүүдээд нугалаад тавихаар “Буруу эвхчихсэн байна” гээд өөрөө зөв болгож эвхдэг. Миний хийж өгдөг юм бүхэн Болдоод солих аргагүй дадал болчихож л дээ.  

-Энхболд гэдэг хүнийг та хүүхэд байхаас нь мэднэ. Түүнийг өнөөгийн байр сууринд хүрэхэд ямар зан чанар нь хамгийн их нөлөөлсөн бол?

-Би улстөрч биш. Гэхдээ улстөрчийн гэр бүлийн хүний хувиар Монголын болон гадаадын улстөрчдийг ажиглахад ерөөсөө тухайн хүний суурь хүмүүжил чухал юм гэж бодогддог. Энхболдын удам судар, ах дүү нарынх нь зан төлөвийн хамгийн гол цөм нь олны төлөө гэсэн сэтгэл нь л байдаг. Би заримдаа Болдоог ямар их тэвчээртэй юм бэ гэж боддог. Уурламаар юманд ч уурладаггүй. Эцэг эхээсээ уламжилсан гэр бүлийн чанараараа, бужигнаж өссөн авгуудынхаа хүний төлөө гэсэн сэтгэлээр, хүнийг уучилдгаараа, буруу яваа нэгэндээ хэлдэг үг, сургамжаараа Болдоо өдий зэрэгт хүрсэн гэж би боддог. М.Энхболдыг хамт ажиллаж байсан хүмүүсээ хаядаггүйг хүмүүс анддаггүй. Миний нүдээр бол тэр хүмүүс дотор сайн нь ч бий, илэрхий муу юм хийгээд байгаа хүн ч харагддаг. Гэсэн ч Энхболдын зарчим бол сайныг нь аваад саарыг нь хаяж нөхдөө ялгах гэхээсээ учир явдал, буруу зөвөө тунгааж, эв түнжинтэй хол явах, урт зам туулахад оршдог. Ерөнхийдөө Болдоогийн тайван байдал нь, юмыг зохицуулж чаддаг зан нь, олон хүний жаргал, зовлонг ойлгодог нь л улс төрд өөрийн гэсэн байр суурийг бий болгосон гэж боддог.

 

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан