Засгийн газарыг огцорход хэн юу хэлэв
2017/09/08
Share |

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулсан. Хуралдаанд 73 гишүүн санал өгсөн бөгөөд гишүүдийн 57,5 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. Ингээд Засгийн газар огцорсон тул шинэ Засгийн газар бүрдтэл Мэргэжлийн Засгийн газар өөрөө үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болж байна. Ээлжит бус чуулганаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэх үеэр хэн, хэн, юу хэлсэн талаар товчлон хүргэе. 

Ё. Баатарсайхан: Богино зайны улс төр битгий байгаасай 

 Харамсалтай бөйна. Ард  түмэн УИХ-д 65 суудал өгчихөөд байхад АН-тай нийлж Засгийн газраа огцруулах хэмжээнд хүрч байгаад харамсаж байна. Өнгөрсөн хугацаанд бүх асуудлаа  бүлгийнхээ хэмжээнд ярьж ирсэн. Гэтэл яриагүй гэж байгаа нь утгагүй байна. Тиймээс анхнаасаа энэ асуудлыг дэмжээгүй. Дараагийн Засгийн газарт орсон гишүүдийн гар аймаг, дүүрэг, сум руу ороосой. Богино зайны улс төр битгий байгаасай  гэж хүсч байна.

 О.Содбилэг: Хөрөнгө оруулалтаа цуцлаж, азнаж байна

 Манай нам ялалт байгуулсан хамгийн том амлалт нь төрийг тогтвортой байлгана гэж амласан. Тиймдээ ч ард түмэн бидэнд 65 суудал олгож байхад Засгийн газраа унагахаар явж байгааг буруу гэж үзэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих гээд ажил нь эхлээд явж байгаа энэ үед Засгийн газраа огцруулах нь олон сөрөг зүйл авчирна. Гадаад хөрөнгө оруулалт ч гэсэн муудаж байна. Хөрөнгө оруулалтаа цуцлаж, азнаж байна. Маш олон сөрөг зүйл дагуулж байгаа учраас Засгийн газрыг унагахыг дэмжихгүй байна. Бүлгээрээ намаа, шийдвэрээ гаргачихаад одоо Засгийн газраа унагах гэж байгааг буруутгаж байна. 

Ж.Батзандан: Авлига, хулгай, луйвартай энэ Засгийн газрыг зоримог тэмцэж чадаагүй

 65 суудалтай эрх баригч нам Засгийн газартаа хариуцлага тооцох асуудлыг хөндөж оруулж ирсэн. Огцруулах эсэх нь Монгол Ардын намын шийдэх асуудал. Энэ Засгийн газрыг байгуулагдах үед би нэг л зүйлийг захиж хэлж байсан. Хамгийн түрүүнд Тагнуулын даргаа, Цагдаагийн даргаа солиорой гэж хэлсэн. УИХ-ын гишүүдийг өдөр, шөнөгүй тагнадаг боллоо. Гүйцэтгэх ажил хяналтаас гарлаа. Тагнуултай улс төр бол сайн улс төр гэж ярьдаг улс олширлоо. Бүтэн жил гүйцэтгэх байгууллагынхаа дарга нарыг сольж чадахгүй байсаар эцэст нь Засгийн газар чинь задрал руу явлаа. Сүүлийн таван жилийн турш монголын улс төрийн байгууллагуудыг хооронд нь муудалцуулдаг, сөргөлдүүлдэг ажлыг хийдэг боллоо. Элбэгдоржийн үед эхэлсэн, түүний найзууд хөгжүүлсэн. Амласан амлалтуудаа биелүүлээрэй гэж би жилийн өмнө захисан. Өр нэмэхгүй гэж энэ Засгийн газар байгуулагдсан, эсрэгээрээ өр нэмсэн. Концесс, векселийг таслан зогсооно гэчихээд Засгийн газрынхаа сайд нарт концесс, вексель бичиж өгдөг болсон. Татвар нэмэхгүй гэсэн, долоон төрлийн татвар нэмсэн. Хүүхдийн мөнгийг хасахгүй гэсэн, хассан. Эргэж хургасан олон шийдвэр гарсан.

 Тагнах чагнах бол маш ноцтой асуудал. Өнөөдөр Шадар сайдаа тагнасан болоод, Ерөнхий сайд нь тагнаагүй гэсэн дүгнэлт гаргуулах гэж дэд хороогоо шахаад сууж байна. Дэд хороон дээр яригдсан асуудал нууцын зэрэглэлтэй тул би энд ярихгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутгах нь зөв биш. Иймд шүүхийн гурван шатны шийдвэр гарсны дараа энэ асуудлыг ярихыг хүсч байна. Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэж өгөөч гэж энэ Засгийн газраас би мөн ч их хүсч байгаа. Гэтэл нөгөө “сахал” Эрдэнэбилэг нь 49 хувийг ард түмэнд өгөлгүйгээр Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүн болчихоод байгаа. Дубайн гэрээг залруулаарай гэсэн, тэр талаар огт ярихгүй байгаа. Авлига, хулгай, луйвартай энэ Засгийн газрыг зоримог тэмцэж чадаагүй гэж би дүгнэж байгаа. Ерөнхий сайд хэлэхдээ концессын гэрээнүүдийн ихэнх нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед байгуулагдсан гэлээ. Гэтэл концессийн найман гэрээний долоог нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар шийдсэн байна. Хүүхдүүд сургуульгүй, цэцэрлэггүй сууж байхад С.Бямбацогт, Н.Номтойбаяр нарын сайд нар 805 тэрбум төгрөгөөр өөрсдийнхөө хувийн компани руу гэрлийн шугам татаад, зам тавиад сууж байна. Энэ бол маш увайгүй үйлдэл.

 

Ж.Бат-Эрдэнэ: Дараагийн ЗГ үүнийг дэмжихгүй бол би өөрөө унагах бичигээ өргөн барина

 Эсрэг саналтай байна. Нэг жилийн хугацаанд ЗГ-ыг гайхалтай сайн ажилласан гэхгүй. Гэхдээ хүнд нөхцөлд ажилласан гэдгийг мэднэ. Эдийн засаг өсөлттэй гарсан. Ер нь ЗГ-ын бодлого ард иргэд рүүгээ чиглэсэн байх ёстой. Орлоготой, ажилтай амьжиргаатай байлгах нь үүрэг нь. Саян зунжингаа хөдөө явлаа.  “Шинэ хөдөө” төслийн талаар танилцууллаа. Энэ төслөө 2018 оны төсөв дээр сайдуутай ярилцаад ойлгоод явж байтал ЗГ унах болчихлоо. Бодлогын дэмжлэг туслалцаа үзүүлэх юм бол  ажиллахад бэлэн байна гэсэн иргэд байна. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлмээр байна. Орлого нь 1,5 тэрбум хэмжээний үйдвэрээр хангамаар байна. Одоогийн дараагийн ЗГ-д энэ төслөө дахин жил ярьж ойлгуулах уу. Дараагийн ЗГ үүнийг дэмжихгүй бол би өөрөө унагах бичигээ өргөн барина шүү.

 Л.Болд: ЗГ-ыг огцруулах үндэслэл нь өөрөө 60 тэрбумын нотолгоо

 АН-тай нийлж ЗГ-ыг унагаах гэж байна гэж яриад байна. Гарын үсэг зурсан гишүүд дотор АН-ын нэг ч гишүүн байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг нам хоорондын тэмцэл мэтээр харагдуулах нь буруу. ЗГ-ыг огцруулах үндэслэл нь 60 тэрбумын нотолгоо гарч ирж байна гэж харж байна. 807 тэрбум концесс бол концертын билет юм биш үү. Хүүхдийн мөнгө хууль бусаар олгосон гэж байна. Үүнийг шүүмжлэхгүй. Хууль бусаар ч боловч хүүхдэд мөнгө өгөөсэй. Боловсон хүчний томилгооны асуудал яригдаж байна. Энэ асуудлаа ний нуугүй ярих хэрэгтэй. Энэ бол 60 тэрбумаас үүдсэн томилгоо гэдгийг бүх хүн ойлгож байгаа.  Хуулийн байгууллагын оролцооны талаар ярьмаар байна. Танай намын Амарсанаа агсны талаар хандсан би хэд хэдэн удаа ярьсан. Гэтэл үүнийхээ горыг амссан. Аймшигтайгаар гүтгүүлсэн.

 

 

 Б.Чойжилсүрэн: Хэдэн тоон харьцуулалт хэлмээр байна

 Хэдэн тоон харьцуулалт хэлмээр байна. 2016 оны гуравдугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад байсан Монгол Улсын эдийн засгийг 2017 оны эхний хагас жилд 5.3 хувиар өсгөж чадлаа. Эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрэхэд худалдааны салбар 18.5 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 23.5 хувиар, тээврийн үйл ажиллагааны салбар 13.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх, экспортыг нэмэгдүүлж, орлого бий болгох замаар нийт эдийн засгийг идэвхжүүлэх бодлого үр дүнтэй хэрэгжиж байгааг харуулж байна. Унаж байсан эдийн засгийг 3 улирлын дотор дундаж өсөлт рүү буцаан авчирч чадлаа.

 Төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа.  2016 оны 11 дүгээр сард төгрөгийн ам. доллартай харьцах зах зээлийн ханш түүхэндээ байгаагүйгээр өсөж, 2700 орчим төгрөгт хүрч байсан бол өнөөдөр 2440 орчим төгрөг болж тогтворжоод байна.

 ОУВС-тай хамтран “Өтгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн нь манай улсын эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлж эхлээд байна. Бизнес эрхлэлтийн орчны индекс 2017 онд найман байраар урагшиллаа. Мөн АХБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд бодлогын зээл, буцалтгүй тусламж үзүүлэхээр болоод байгаа бол Япон улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг улс 1.0 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна" гэв. 

Х.Болорчулуун: Алийн болгон том хулгайг намын нэрийн дор нуух юм бэ

Жилийн өмнө 65 суудалтай болж байлаа. Ойн дээрээ ЗГ огцруулахаар бичиг өргөн барьсан. Алийн болгон том хулгайг намын нэрийн дор нуух юм бэ. ЗГ-ын байгуулахдаа өөр үнэлэмжээр байгуулсан. Засгийн газрын анх байгуулахдаа олон амлалтаасаа буцсан.  Тиймээс зэс нь одоо цухуйж байна. Сайд нь нар өөрийн компанидаа олон зуун тэрбумын концесс авсан байна. 800 тэрбумаас 300 гаруй тэрбум нь Засгийн газрын гишүүдтэй холбоотой. Бүх гишүүд өөрсдийн тойрогтоо цэцэрлэг, сургууль байгуулах хэмжээний мөнгийг сайд нар концесс нэрээр авсан байна. Гэтэл УИХ-ын гишүүдэд манай хүүхдийг тэр цэцэрлэг, сургуульд оруулж өгөөч гэсэн хүсэлт ирж байна шүү дээ.

Байнгын хорооны хурал дээр энэ талаар яригдахад Сангийн сайд нь мэдэхгүй байсан шүү. Ер нь нууц байдлаар хийгдсэн.  Дээр нь Ч.Сайханбилэгийн алдааг засах байх гэтэл засаагүй. Тэр битгий хэл өөрийн компаниа Хятадад өгөхөөр оруулж ирж байсан. Одоо Олон улсын валютын сангийн мэдэлд бүрэн орчихлоо. Тогтвортой байна гэдэг бодлого нь тогтвортой байхыг хэлж байгаа юм.

Ө.Энхтүвшин: Засгийн газарт хариуцдага тооцъя, дотроо л асуудлаа ярилцмаар байна

Засгийн газрыг огцруулах үндэслэлийг тавьжээ. Боловсон хүчний бодлогын алдаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, кабинетын удирдлага сул, концессын гэрээ зэрэг нь хариуцлага тооцох шалтгаан болсон гэж байна. Үүнийг манай 65-ын бүлэг ярьж, чиглүүлж өгсөн. Бүлгийн шийдвэрээр хийгдэж байсан ажил болохоос Засгийн газар дур мэдээд хийсэн ажил биш. Энэ 65 чинь ямар хариуцлага хүлээх юм бэ. Засгийн газар руугаа чихчихээд 65-ын бүлэг зүгээр суугаад үлдэх юм уу. Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон шалтгаан маш олон байгаа. Ганц Засгийн газрын буруу биш. Би үүнийг хувьдаа зөвшөөрөхгүй. Дотроо асуудлаа эхлээд ярилцъя гэж би мөн ч их гуйсан даа, намынхныгаа. Энэ хүмүүс зөвшөөрөхгүй байна. Эхлээд засгаа огцруулж байгаад намынхаа Их хурлыг хийнэ гэлээ. Засгийн газарт хариуцдага тооцъя, дотроо л асуудлаа ярилцмаар байна. АН-ы оролцоогүй шийдье л дээ. Би үүнд харамсч байна. Хариуцлага алдааны тухай яриад л байгаа юм. Жилийн өмнө Засгийн газар байгуулагдахад зарчим алдагдаж байна гэж би ярьсан. Хоёр сарын дараа намын Их хурал болно, тэр хүн намын дарга болоод Ерөнхий сайд болоод явж болно.

Г.Тэмүүлэн: Нэг жил Засгийн газарт дүн тавих хугацаа биш

Засгийн газар огцруулах асуудал улс орны хувь заяатай шууд холбоотой. Ард түмний хувьд МАН-ыг хамгийн тулхтай улстөрийн хүчин гэж хүлээж байсан. Асар их итгэлийг ард түмэн манай намд олгосон. Гишүүд маань энэ чухал асуудалд тулхтай хандаасай. Улс орны төлөө тулхтай шийдвэр гаргаасай гэж бүлгийнхээ гишүүдэд уриалж байна. Нэг жил Засгийн газарт дүн тавих хугацаа биш. Харин ч хямралыг зогсоох гэж чадлаараа ажиллаж байгаа. Юм бүхэн дардан цагаан байдаггүй. Засгийн газрыг огцруулбал арай гэж сэргэж байсан эдийн засаг сэхэхгүй болж мэднэ. Бид Засгийн газрын ажлыг хийлгэмээр байна.  Засгийн газар огцорлоо гээд бид улс төрийн хариуцлагыг тооцож үзэх ёстой.

 

 

Б.Мөнхцэцэг: Ард иргэд л хохирно

Маш их эмгэнэлтэй байдалд байна. Өнөөдөр төр гэдэг гэрийн маань гадаа хийх  ажил их байна.  Бид бусдаас алдаагаа хайх хэрэггүй. ЗГ-ыг огцруулах асуудлыг бид өөрсдөө л бий болгосон. АН-тай нийлээд ЗГ-аа унагаах гэж байна гэж ярьж байна. ЗГ унаж болно. Байх л зүйл. Гол нь цаашид яаж явах вэ. Ганцаараа олсон санааг бодол, олноороо бодсон санааг бодлого гэдэг. Ямар бодлого байна вэ. Гэрээ цэвэрлэх гэж байгаа бол бид өөрсдөө цэвэрлэх хэрэгтэй. Засгийн газар уналаа гээд энэ танхимд сууж байгаа хүмүүсийн нэг нь ч хохирохгүй. Ард иргэд л хохирно. Тиймээс дарах кнопоо дарах хэрэгтэй.

Н.Цэрэнбат: Энэ ЗГ-ын алдааг дараагийнх нь давтахгүй гэсэн баталгаа байхгүй

Юуны түрүүнд 32 дугаар тойргийн сонгогчидоосоо уучлалт гуйж байна. Түүх давтагдаж байна. Алдаагаа хүн рүү чихдэг байдлаасаа салах ёстой. Өнөөдрөөс монголын зовлон МАН зовлон болж байна. Засаг унах болгоны цаана том хулгай явагддаг гэж харддаг. Энэ ЗГ-ын алдааг дараагийн ЗГ давтахгүй гэсэн баталгаа байхгүй.  Тиймээс ЗГ-аа тогтвортой байлгаад зараа дараагийнхаа ажлыг хийцгээе.

Н.Оюундарь: Амлалтаа биелүүлснийхээ төлөө ЗГ огцрох гэж байна

Жилийн өмнө хариуцлагатай байя гэж амласан. Энэ амлалтаа биелүүлснийхээ төлөө ЗГ огцрох дээрээ тулаад байна. Ачааны хүндийг үүрүүлсэн. Жилийн хугацаа бол их хугацаа биш. Алдаа оноо ЗГ-т байсан. Үүнийг нь өөрчлөхөөр ярьж байгаа. Гэвч ингэж талцаж болохгүй. Түүхийн бүхий л үед эв эеийг хичээж ирсэн тал ялж ирсэн.  Манай их хуралд хүчтэй сөрөг хүчин хэрэгтэй байна. Сөрөг хүчний орон зай үгүйлэгдээд байна. Нам дотроо сүүдрийн ЗГ байгуулж байж дараа дараагийн алхамаа хийх гээд байгаа юм уу. Ийм л дүр төрх бий болоод байна шүү дээ.

Н.Энхболд: Намынхаа Бага хурал, Их хурлыг хүлээх нь зөв

Ард түмэн биднийг сонгохдоо өмнөх жилүүдийн алдааг засах болов уу гэж сонгосон. Гэвч тэр итгэлийг бид алдаж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүд ирээдүйд сайн үр дүн авчрах хүнд шийдвэрүүдийг гаргасан. Энэ хугацаанд улс орныхоо эрх ашгийн төлөө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэх мэт хүнд шийдвэрийг ч гаргасан. Хамтдаа энэ шийдвэрийг гаргачихаад одоо би өөр байр суурьтай байсан гэж хэлээд Засгийн газраа огцруулж болохгүй. Намынхаа Бага хурал, Их хурлыг хүлээх нь зөв байсан юм. Гэвч бидэнд нам хамаагүй гэж байгаа юм шиг Засгийн газраа огцруулах гэж байгаад харамсч байна" гэв. 

Я.Содбаатар: МАН-ын бүлэг бутраагүй

Олон түмнийхээ санаа бодлыг тооцож байж гарын үсэг зурсан. Амаргүй дарамттай байна. Гэхдээ хэн ч байсан хууль зөрчиж болохгүй. МАН-аас сонгогдсон ЗГ хууль зөрчиж болохгүй. Зарим хүмүүс бүлэг дээр яригдсан зүйлээ ярьж байна гэж байна. Ингэж худлаа ярьж болохгүй. Концессын асуудал яах аргагүй зөрчигдсөн. Хүүхдийн мөнгөний асуудлыг бүлэг дээр яригдаагүй. МАН-ын бүлэг бутраагүй. Зөвхөн бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлсэн хэрэг. Энэ Засгийн газарт сайн зүйл бий. Эдийн засаг хүнд байсныг сайжуулсан. Гэхдээ хууль зөрчсөн асуудлыг нь толгойг илээд өнгөрч болохгүй.  Хүчний байгууллагуудынхаа үйл ажиллагааг сайжруулах цаг болсон.

 

 

Ч.Улаан: Ойлгомжгүй асуудал их байна

Би өнөөдрийг хүртэл аль нэг талыг  хатуу баримтлаагүй. Гэхдээ шийдвэр гаргах мөч ойртоод ирэхээр бүх зүйл тодорхой болж байна. Бүх мэдээллийг авлаа. Ойлгомжгүй асуудал их байна. Тусгай хяналтын дэд хороо би энэ үйл явдалд холбоотой гэх хүмүүсийг оруулсан. Гэтэл хорооны бус гишүүн энэ хорооны хурлын үйл явцыг олон нийтэд зарлаад байгаа юм. Би хувьдаа нутгийн дүү, журмын нөхдийг маань  буруутгахыг хичээгээд байна уу гэж харж байна.  Өдрийн явдлаа орой нь дүгнэвэл ухаарч байгаагийн шинж гэдэг. Давхар дээлтэй ЗГ-ын гишүүд, жирийн гишүүдийн саналтай нийлэхгүй байна. Тиймээс нэг шугам дээрээ ирэх нь зөв гэдэг дүгнэлт хийж байна. Зарчмын өөрчлөлт хийж, ашиг сонирхолын зөрчлийг ялгаж ойлгоорой.

С.Жавхлан: Миний бие огцруулах саналтай байна

Усан бороо их орсон, хахир өвөл дөхсөн эзэгтэй үед ЗГ-ын тухай яригдаж байна.  Миний бие огцруулах саналтай байна. Энэ ЗГ байсан байгаагүй ямар ч нэмэргүй. Уг нь өнөөдөр багш нарын асуудлаар ээлжит бус хуралдаан зарлах байсан юм. Гэтэл хэдхэн сарын өмнө бурхан шиг тахисан хүмүүсээ өнөөдөр буг шиг дарж байна. Үүний цаана Монгол түмэн хохирч байна. ЗГ-ын хувьд чадамжгүй байсан. Дараагийн томилгоог би маш их анхааралтай ажиглана. Эх оронч залуучуудаа гаргах хэрэгтэй. Монголоо бодож байгаа бол. Харин хэрүүлээ бодож байгаа бол 90 жилийн түүхтэй чинь ярина шүү. Жавхлан хэдий ганцаараа ч ард түмэнтэйгээ хамт. Зөвхөн ах дүү нараа гаргаж ирвэл хоолойгоо тасартал орилно. 10 хоногийн хугацаанд энэ асуудлаа шийдвэрлэхийг шаардаж байна.

Ц.Цогзолмаа: Гарын үсэг зурсан гишүүдийг буруутгахыг хүсэхгүй байна

Улс төрийн намууд, улс төрчдийн ёс зүйн болоод эрх зүйн мэдлэг асуултын тэмдэгтэй байна.  Улс төрд эрх зүйн өөрчлөлт, шинэчлэл шаардлагатай байгаа юм байна гэж харж байна. Насны хязгаар, эрхзүйн мэдлэгт цензур тавих хэрэгтэй байна. Ингэхгүй бол популист улс төр явагдаж эхлээд байна. Гарын үсэг зурсан гишүүдийг буруутгахыг хүсэхгүй байна. Гарын үсгийн цаана сандал ширээний тухай асуудал бус хөгжлийн асуудал яригдаасай гэж хүсч байна. Энэ ЗГ-ын өмөөрөөгүй. Тогтвортой байдлын цаана хууль бус зүйлийг хаацайлах гэсэнгүй. Гагцхүү үүнийг шийдэх, ярилцах газарт ярих хэрэгтэй. Хэт туйлшрал үр дүнд хүрдэггүй. Маргааш амьдрал үргэлжлэхгүй юм шиг ярьж болохгүй.

Д.Эрдэнэбат: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

Хайран ч монголын төр, ард түмний итгэл. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж монголчууд ярьдаг. 2014 онд Алтанхуягийн ЗГ-ыг унагаж байхад сөрөг хүчний дарга яг миний өөдөөс хараад “Олонх Засгаа өөрсдөө унагаадаг” гэсэн. Би яг 10 сарын өмнө хүссэн хүсээгүй та нар бидний туулсан замаар   явна шүү гэж хэлж байхад зарим нь инээгээд өнгөрсөн.   Ер нь энэ Их хурал тарчихвал яасан юм бэ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бие биенийгээ үнсээд л магтаж байсан хүмүүс өнөөдөр яачихав. Нөгөө эр хүний жудаг хайчив. Ийм хуурмаг улстөрчтэй. Нам дотроо амь нэг байж чадахгүй хүмүүс ард түмэнтэйгээ амь нэг байж яадах уу.

 

 

 

Т.Аюурсайхан: Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нараас илүү надад намаа гэсэн итгэл байна

Энэ ЗГ төсвийн тухай хууль зөрчсөн. Бүлгийн хурлынхаа асуудлыг зөрчсөн. Н.Номтойбаяр, С.Бямбацогт Ж.Мөнхбат нар хууль зөрчиж өгсөн. Тэгсэн хэрнээ ачааны хүндийг ард түмэндээ үүрүүлсэн. 5,3  хувийн эдийн засгийн өсөлт хэрхэн яаж явагдсан нь ил байсан шүү дээ. Хүүхдийн мөнгөн дээр 4 удаа өөрчилсөн. Би намд элсээд 20 гаруй жил болж байна. Эрдэнэбат, Мөнхбат нараас илүү надад намаа гэсэн итгэл байна.

Б.Бат-Эрдэнэ: ЗГ-т хурдтай, шуурхай байдал алдагдсныг үгүйсгэхгүй

Батлан хамгаалах салбарыг тэргүүлээд жил гаруй ажилласан. Сахилга хариуцлага суларсан байна гэж яригдаж байна. Энэ бол нэлээд олон жил хуримтлагдсан зүйл. Тиймээс хаалттай чуулган дээр мэдээлэл хийх үеэр энэ асуудлыг хөндөж байсан. Сууриар нь засах хэрэгтэй байна. Улс орны эдийн засаг хүнд байсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнийг тогтворжуулж, өсөлт бий болгохын төлөө ажилласан гэж ЗГ-т ажилласан хүний хувьд хэлмээр байна. ЗГ-т хурдтай, шуурхай байдал алдагдсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бага ч гэсэн тодорхой үр дүнд хүрсэн түвшингээ хадгалах хариуцлагатай цаг үед ирсэн байна. Асуудалд бодитойгоор хандах шаардлагатай байна.

Б.Баттөмөр: Өнгөрсөн хугацаанд том том төслүүд ерөөсөө явсангүй

ЗГ өнгөрсөн хугацаанд ажилласан. Идэвхтэй үйл ажиллагаа дутагдсан гэдэгтэй санал нийлж байна. ЗГ байгууллагдаад 14 сар болж байна. Тогтвортой хөгжлийн суурь энэ хугацаанд тавигдах ёстой байсан. Эдийн засаг, нийгмийн салбарт ялангуяа. Гэвч хийсэн ажил нь чамлалттай байна. Мөн өнгөрсөн хугацаанд том том төслүүд ерөөсөө явсангүй.  ОУВС-тай хамтарч ажиллаад тулгамдсан асуудлаа шийдээд явж байгаа. Гэхдээ цаашид ингээд л хамтраад байх юм уу. Бусдын туслалцаагүйгээр амьдрах юмсан. 10 жилийн төслийн орлоготой тэнцэх хэмжээний өртэй байна. 27 жилийн жил болгон, сар болгон өлөр болгон хямралтай тэмцэж ирсэн.

Ж.Мөнхбат: Ж.Мөнхбат гэдэг хүнд нэг ч компани байдаггүй

 Манай нам олонх болсон үедээ засгаа огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа түүх анхных нь энэ болж байна. Түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээчихээд хариуцлагаа Засгийн газартайгаа ярих гэж байна. Мөн манай намын хэсэг нөхөд АН-ынхны тусламжтайгаар Засгийн газраа огцруулах гэж байна. Өнөөдөр Засгийн газар монголын бүх хүүхдийн мөнгийг алагчилгүй өгснийхөө төлөө огцрох дээрээ туллаа. Мөн концессын асуудлыг их ярьж байна. Концессын асуудалд хууль зөрчсөн юм байхгүй. Манай гэр бүлийн хүнтэй хамаатай гэсэн концесс бий. Ж.Мөнхбат гэдэг хүнд нэг ч компани байдаггүй. 2009 оноос хойш 100-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлээд явж байгаа компанид концессын гэрээ өгсөн юм билээ. Тэр компанитай холбоотой хүн нь манай эхнэрийн хамаатан. Түүнтэй холбож байна. Би бүлгийн хурал дээр тэр компанийн концессыг цуцал гэж хэлсэн. Энэ Засгийн газрыг огцруулах чинь шалтгаан гэхээсээ илүүтэй шалтаг юм биш үү. Тогоон дотроо ярилцах асуудлыг Засгийн газар дээр авчирч, төрийн зовлон болгож байна. Унаж босох уруудах сэхэх зүйл олон л бий. Сайдын суудал мөнх биш.

 

 

Д.Лүндээжанцан: Зорилго зөв бол арга хамаагүй гэж зүтгэж болохгүй

МАН-ын бүлгийн 65 гишүүн дотоод асуудлаа ярьж байгаа юм шиг боловч төрийн асуудал шүү. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүдийг буруутгахгүй ч хийх ажлаа буруу эхлээд байна. Эхлээд асуудлаа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад хаяглаад бүлэг дээрээ хэлэлцэх байсан. Эсвэл Засгийн газар итгэл үзүүлэх тогтоолын төслөө УИХ-д оруулж ирж болох байлаа. Гэтэл шууд УИХ-ын даргад өргөн барьсан нь буруу. Засгийн газарт алдаа, оноо бий л байх. Гэхдээ зорилго зөв бол арга хамаагүй гэж зүтгэж болохгүй.

Д.Оюун-эрдэнэ: Монгол төрийн бодлого төрийн ордонд биш хувийн компанийн өрөөнд шийдэгдэж байна

Засгийн газрыг бүхэлд буруутгаж байгаа юм биш. Гэхдээ гишүүн бүхэнд өөрийн гэсэн итгэл үнэмшил байна. Монгол төрийн бодлого төрийн ордонд биш хувийн компанийн өрөөнд шийдэгдэж байгааг нь эсэргүүцээд байгаа юм. Энэ үйл явц Эрдэнэтээс ил харагддаг. Нийгэм өдрөөс өдөрт өөрчлөгдөж байхад улс төр хоцрогдоод байна. Концессыг буруутгаад байгаа юм биш. Засгийн газрын гишүүд нь өөрсдөө авчихаад байгааг эсэргүүцээд байгаа юм. Энэ байр сууриа илэрхийлсэнийхээ төлөө  хууль хүчнийхээ байгууллагуудаар баахан дарамтлууллаа. Бид цаашдаа үнэт зүйлийнхээ төлөө явах ёстой. Хууль зөрчиж байгаа үйдэлээ хуулиар хаацайлж болохгүй. Би анхнаасаа намын даргыг Ерөнхий сайд болох ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Наадмын өмнө 49 хувийн рейтингтэй байсан нам 13 хувьд хүрсэн. Ингэж буурсны төлөө намын дарга нь уучлалт гуйгаад албан тушаалаа өгөх ёстой. Гарын үсэг зурсан гишүүдээ битгий буруутга.

Д.Оюунхорол: Явцуу эрх ашигаа хойш тавиад бодолтой шийдвэр гаргаасай

ЗГ сайн ажилласан гэж дүгнэдэг. Эдийн засаг дампуурал зарлах хэмжээнд хүрсэн байхад яаж засах талаар ярьж байсан цаг саяхан. Гэтэл одоо огцруулах гэж байна. УИХ-ын сонгуулиар амласан хэд хэдэн амлалтуудаа хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Оюутны сургалтын төлбөр, насны хишиг, малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулах гээд олон чухал шийдвэрүүдийг гаргасан. Монгол улсын төр 14 удаа ЗГ-аа огцоруулж байсан. Үүний хохирогч нь ард түмэн байсан. Явцуу эрх ашигаа хойш тавиад бодолтой шийдвэр гаргаасай гэж хүсч байна.

М.Билэгт: Хоёрхон сарын настай Засгийн газар байгуулах юм уу

ЗГ-ыг муу ажилласан гэж үзэхэд хэтэрхий явцуу ойлголт. Ерөнхийлөгчийн сонгуулиа бодох уу, улс орноо бодох уу гэсэн сонголтоо бид 65 уулаа хийж байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагыг Засгийн газартайгаа тооцож байгаад харамсалтай байна. Он гараад 650 сая ам доллар төлнө. Засаг төр хямрахад долларын ханш өсдөг. Үүний хохирогч ард иргэд л байна. Хоёрхон сарын дараа намын их хурал болно. Намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалаа хашаад явах болмжтой. Тэгэхээр хоёрхон сарын настай Засгийн газар байгуулах юм уу.

С.Бямбацогт: Гэр бүл, эхнэр хүүхэд хүртэл “Та луйвар хийчихсэн юм уу” гэж байна

Ард түмэн МАН-д итгэж 65 суудалтай болгосон. Ард түмний амьдрал хэцүү байсан учраас биднийг хямралаас гаргах байх, тогтвортой ажиллах байх гэж сонгосон. Гэтэл журмын нөхөд маань Засгийн газраа огцруулах асуудлыг ярьж байна. Ингэснээрээ ард түмний итгэлийг бүрэн алдлаа. Тиймээс журмын нөхөд минь сайн бодоорой. Засгийн газар сайн ажилласан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Жишээ нь, миний удирдаж байгаа Хууль зүйн салбарт гэмт хэргийн гаралт 17 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийллийн хууль гээд маш олон хууль батлагдсан. Маш олон ажил хийсэн. Засгийн газар чадлаараа ажиллаж байгаа. Олон улсад Монгол Улсад итгэх итгэл сэргэж байгаа. Концессын асуудалд миний нэр холбогдсон. 2014 онд концессын тендер зарласан. 2016 оны тогтоолоор эдийн засгийг сэргээх хөтөлбөрт орсон. Энэ 2013 оноос хойш явж байгаа ажил. Журмын нөхөд маань луйвар хийсэн мэтээр хандаж байгаад харамсч байна. Би өөрийгөө шалгуулна. Гэр бүл, эхнэр хүүхэд хүртэл “Та луйвар хийчихсэн юм уу” гэж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ нотлуулна. Зорилгодоо хүрэхийн тулд бие биенээ харлуулах гутаах зүйл бүү хийдэг байгаасай. Өнөөдрийн бидний биенийгээ гутааж байгаа үгс 2020 оны сонгуулиар ашиглагдана шүү.

 

 

Н.Номтойбаяр: Таван засгийн газар шат дараалалтай шийдэж явсан асуудал

Концесс дээр миний нэр удаа дараа яригдаж байгаа. Гэрээ байгуулагдсан уу гэвэл байгуулагдсан. Таван засгийн газар шат дараалалтай шийдэж явсан асуудал. Хорь гаран жилийн хугацаанд бизнес хийсэн. Сүүлийн 10 жил улсад татвар төллөө. Би Засгийн газрын гишүүн болсноор манай компани үйл ажиллагаагаа хаах байсан юм уу. Би ашиг сонирхолын зөрчилгүй. Бид улсаа хөгжүүлэх л ашиг сонирхолтой. Хөгжлийн банкнаас зээл авсан гээд шүүмжилсэн. Цементын үйлдвэр ашиглалтанд орсон Хятадаас цемент авахаа байсан, олон хүн ажилтай болсон. Яагаад үүний үр дүнг ярихгүй байгаа юм. 

Н.Амарзаяа: Маш эмгэнэлтэй байна

 Засгийн газрыг огцруулахаар хуралдаж байгаа нь маш эмгэнэлтэй байна. Асуудлыг намын их хурлаар хэлэлцэх байсан. МАН-ыг ард түмэн, сонгосон, итгэл хүлээлгэсэн. 65 суудал өгсөн. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. МАН-ын мөрийн хөтөлбөрийн хоёр жилийн ажлыг нэг жилийн дотор хийж амжуулсан. МУ-ын Засгийн газар анх удаа хариуцлага алдсан сайддаа хариуцлага тооцоод дараагийнх нь мэргэжлийн хүнийг томилсон. ЗГ-ын эхлүүлсэн ажлын үр дүнг үзэх ёстой байсан.

  Н.Учрал: Зөв зүйлд зөөлөн, буруу зүйлд хатуу хандана

 Ард түмэнд хамгийн хэрэгтэй ажлыг жагсааж, эхлүүлэх ёстой. Өмнө нь концессын гэрээ хийхгүй гэж хэлчхээд найман гэрээ хийсэнд би гомдоод байна. Ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Иргэдтэй уулзахаар сургууль, цэцэрлэгийн асуудлыг хөндөөд байх юм. Тав арван төгрөг хармалаж байгаа мөртлөө 807 тэрбум төгрөгийн концессын гэрээ хийчихсэн. Гарын үсэг зурсны төлөө хаа хамаагүй 60 тэрбумын асуудлаар АТГ дууддаг. Өнөөдөр МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчид зурагтаар харж байгаа. Бид хэлэх ёстой. Зөв зүйлд зөөлөн, буруу зүйлд хатуу хандана.

Ч.Хүрэлбаатар: Итгэл хумхын тоос мэт алга болсон

Засгийн газрын үнэт зүйл ард түмний итгэл байдаг. Ард түмний итгэлийн алдсан хүн улс төрөөс зайлагддаг. Энэ Засгийн газар нэг жил боллоо. Ерөнхийлөгчийн сонгуулиар бид ард түмэнтэй уулзсан. Итгэл хумхын тоос мэт алга болсон. Засгийн газрын бодлого ойлгомжгүй байсан. Эргэж буцсан, тодорхойгүй, ойлгомжгүй олон шийдвэр гарсан. Гаргасан шийдвэртээ итгэхгүй байгаа Засгийн газарт хэн итгэх юм бэ. Хөрөнгө оруулагч нар итгэхгүй. Энэ Засгийн газар ард түмний төлөө зүтгэхгүй байж, дарга нарынхаа төлөө зүтгэсэн. Хувийн хэвшлийн компаниуд бидэнд гомдлын үг хэлж байсан. “Дарга нарын компани ажил үйлчилгээ авдаг цаг болсон юм байна” гэж хэлсэн. Гашуун ч гэсэн үнэн. Үүний төлөө бид Засгийн газрыг ажиллуулаагүй.

Ц.Нямдорж: Монголын ирээдүйн төлөө ийм алхам хийсэн

Лүндээ бид хоёр УИХ-д 25 жил болсон. Огцруулах бичигт миний бие сүүлд гарын үсэг зурсан. Энэ УИХ-д миний хамтран зүтгэгчид, дүү нар ажиллаж байгаа. Гэхдээ би Монголын ирээдүйн төлөө ийм алхам хийсэн. 

 

ЭХ СУРВАЛЖ:24tsag.mn

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
  • Дараах ажлын байранд урьж байна
    Хөөсөнцөрийн үйлдвэрт ажиллах ажилтан Менежер- эрэгтэй удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай Тээврийн менежер- В ангилалтай, эрэгтэй Захиалгын менежер- В ангилалтай , эрэгтэй Мужаан Гагнуурчин С ангилалтай жолооч Авто кранист Е ангилалтай засварчин Ковшийн оператор Утас: 91140237
    2013-05-29
  • Ажил хайж байгаа хүн бүхэнд зориулав
    Та доорх линкрүү орж үзээд яах гэж? юуны төлөө? хэдий хэр хугацаанд амьдарлаа дээшлүүлэх гэж байгаа талаар сайн бодоод үзээрэй. http://bolomj6536.blog.gogo.mn/read/entry450724 Утас: 88019083 И-мэйл: bolomj.6536@yahoo.com
    2013-05-29
  • Хүнсний дэлгүүр, PUB зарна.
    25-р эмийн сан, Төмөр замын эмнэлэгийн зүүн талд байрлалтай, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа хүнсний 6 нэрийн дэлгүүр, PUB-г компанитай нь хамт зарна. Бичиг баримт бүрэн. Утас: 91167237
    2013-05-21
  • Жолооч ажилд авна
    B, C, D ангилалтай Жолооч ажилд авна. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Хөтлөгч редактор, эвлүүлэгч
    Хөтлөгч редактор, эвлүүлэгч ажилд авна. Мэргэжлээрээ 1-с дээш жил ажилласан байх шаардлагатай. Утас: 88118061 И-мэйл: hr_zolo@yahoo.com
    2013-05-21
  • Явган хүний хашлага байнга нийлүүлнэ
    Явган хүний замын даацын болон өнгөлгөөний хавтан, хашлага /брожур/ байнга нийлүүлнэ. Бид чанарыг эрхэмлэнэ. Утас: утас:99115893, 55150105
    2013-05-15
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан