Эцэг эхчүүд долоо хоногт хүүхдэдээ хэдий хэмжээний цаг зарцуулж байгаа талаар судлаачдын асуултад 60 хувь нь “бараг цаг зарцуулдаггүй” гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцсон гэр бүлийн 65.7 хувь нь хүүхдүүдийнхээ дэргэд муудалдцдаг гэж хариулсан байна. Судалгаагаар дөрвөн хүүхдийн нэг нь хүчирхийлэлд дунд өсч торниж байгаа дүн гарчээ. Цаашлаад хүүхэд тогтмол айдастай байх нь сэтгэцэд нь нөлөөлдөг байна.

Монгол гэр бүл уламжлалт хэв шинжээ алдаж, өөрчлөгдөж буй талаар судлаачид хэллээ. Дэлхийн гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байгаа. Манай улс энэ өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. Энэ хүрээнд салбарын яам УИХ-ын НББСШУ-ны байнгын хороотой хамтарч хэлэлцүүлэг өрнүүллээ.

Гэр бүл салалт сүүлийн жилүүдэд ихэссэн. Шүүхээр өнгөрсөн онд 2791 иргэн гэр бүлээ цуцлуулсан байна. Жил ирэх тусам гэрлэлтээ цуцлуулах иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас эвлэрүүлэн зуучлах төвийг сайн ажиллуулах хэрэгцээ шаардлага үүсэнийг албаныхан хэлж байлаа. Гадаадад нэгнээсээ хол удаан хугацаагаар амьдрах, архидалт, хүчирхийлэл зэрэг нь гэр бүл салалтын гол шалтгаан болж байгаа аж. Тиймээс залуусыг гэр бүл болохоос нь өмнө энэ талын сургалтад хамруулж, гэр бүлийн боловсрол олгох чиглэлд төрөөс анхаарал хандуулах ёстойг хэлэлцүүлгийн үеэр судлаачид сануулж байсан юм.

Салбарын яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа юм байна. Хуульд эвлэрүүлэн зуучлуулах төвийг идэвхтэй ажиллуулах, гэр бүл болохоос нь өмнө энэ чиглэлийн боловсрол олгох зэрэг олон зүйл заалтыг тусгаж өгснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир хэллээ.

Хүүхдэд бага наснаас нь эхлээд гэр бүлийн боловсрол олгох нь маш чухал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байв. Тиймээс бүх шатны боловсролын хөтөлбөрт гэр бүлийн хичээл оруулдаг болох тухай асуудал хөндөгдөж байлаа.