Уул, хайрхадыг тахихад учир бий…!
2018/06/13
Share |

I. Уул, ус тайж, тахиж ирсэн түүхэн мөр, улбаагаар

Тэнгэр, газар, байгаль дэлхий, уул усаа дээдлэн, тахиж шүтэж, тэдгээртэй амьдчилан харьцаж ирсэн сэтгэлэг, зан үйл нь хүн төрөлхтөн үүсэн бүрэлдсэнийхээ дараахан агуй хаданд гал манаж эхэлсэн тэр үеэс үүссэн бөгөөд түүхийн туршид дэлхийн олон улс орон, түүний дотор дорно дахины улсуудад их, бага хэмжээгээр уламжлагдан хадгалагдсаар ирсэн. Тэр тусмаа Монголчуудын хувьд онцгой гүн гүнзгий, өргөн дэлгэр утга бэлгэдлийг шингээн оршсоор байгаа билээ.
Монголчуудын өвөг дээдсийн оршин нутаглаж байсан голомт нутаг дээр улиран хувирч, мандан мөхөж байсан эртний умардын нүүдэлчин үндэстнүүд уул хайрхадыг тахиж байсны улбаа мөр олон сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ. “Судар тэмдэглэл, Хүннүгийн намтарт “таван дугаар сард … тэнгэрийн их чуулган болж тэдний өвөг дээдэс тэнгэр, газар орон сахиулсныг тахимой” гэж, бас “Зүүн хан улсын бичиг”-т “Хүннүчүүд цагаан сар, таван сар, есөн сард чуулга болж, тахилга хийхдээ морь давхиулж, тэмээ уралдуулдаг гэж тэмдэглэжээ.
Тан улсын түүхэн сударт Манай эриний VIII зуунд Орхон мөрний хөвөөнөө мандаж асан Түрэгийн хаад, бидний “Этүгэн эх” хэмээн сүслэх одоогийн Отгонтэнгэр уулыг тайж, тахиж, рашаан усыг нь эм эмнэлэгт ашиглаж байсан мэдээ сурвалж бий.
Тэрчлэн Сүнбэ, Нируны үед уул овоо тахиж байсан ба энэ уламжлал Чингис хааны үед ихэд дэлгэрч, улмаар Манжийн хааны үеийг хүртэл тасралгүйгээр уламжлагдан үйлдэгдсээр байсны жишээ гэвэл XVIII-р зууны үед Манжийн хаан зарлиг гаргаж 1778 онд Хан Хайрхан уул, 1779 онд Отгонтэнгэр уул, 1818 онд Хан Хэнтий уулуудыг тус тус тайж тахихаар болгосон байдаг.
Монгол орны нутагт нийтдээ 1200 гаруй уулыг нэн эртнээс тахиж ирсэн бөгөөд ихэнх нь гол мөрөн, нуур цөөрмийн эх болж байсан. Өөрөөр хэлбэл ус үйлдвэрлэх эх болсон уул овоодыг ийнхүү тайж тахиж эрхэмлэн хамгаалж байсан байна
Монгол улсын ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди төрийн тэргүүнээр ажиллах хугацаандаа уламжлал заншлаа сэргээж, төрт ёсоо бэхжүүлэх тухайд нэжгээд үйлийг бүтээсний дотор “Уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх тухай” зарлиг буулгаж, Богд хан хайрхан, Бурхан Халдун, Отгонтэнгэр, Алтан Хөхий уулын тэнгэрийг тайх, Дарьгангын Алтан овоог тахих төрийн ёслол хүндлэлийг үйлдэх явдлыг хэвшүүлэн тогтоов.
Дараа, дараагийн Ерөнхийлөгчийн үед төрийн тахилгат уул хайрхад нэмэгдэж, Сутай хайрхан, Хан Хөхий, Их тахилгат хайрхан, Суварга хайрханыг тус тус төрийн тахилгатай болгон, 2012 онд гаргасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 5 жилд нэг удаа тахиж байхаар тогтжээ.
“Алтан Хөхий” (Өндөр Хөхий) уулын төрийн их тахилгыг одоогийн бидний дагаж мөрдөж буй “Төгс буянтын” гэх тооллын арвандолдугаар жарны модон тахиа жилийн зуны дунд хар морь сарын гучны өдрийн цагаагчин туулай, зуны адаг харагчин хонь сарын шинийн нэгний хар луу өдрүүдэд буюу 2005 оны 7 сарын 6, 7-нд анх удаа үйлдсэн
Хангай дэлхийнхээ баялаг хишгээс хувь хүртэхдээ булаан сүйтгэх бус гуйж, аргаар хүртэх гэсэн эевэргүү сэтгэлээс үүдэлтэй өргөл хүндлэлийн үйл нь явсаар уул овоо тахих ёс болон уламжлагдсан хэмээн нэгэн судлаач үзсэн байх ба ямар ч атугай овоо тахих зан үйл нь Монгол орноо эртний бөө мөргөлийн үеэс улбаалан, шарын шашин дэлгэрэх тэр цагаар дамжиж, цацал өргөлийн уншлага, дуулал, уул овооны сан, тахилгын дэг жаяг сэлтээр баяжин, нэгэнтээ мартагдан бүдгэрч, нэгэнтээ сэргэн дэвжсээр ирсэн аж.
Удахгүй ирэх долоо дугаар сарын эхэн хагасд /6-7-ны өдөр/ Алтан хөхий уулын тэнгэрийг тайх, уг уулын овоог тахих төрийн ёслол болно. Тэрбээр энэ нь Алтан хөхий уулыг төрөөс тахиж буй дөрөв дэх удаагийн тахилга бөгөөд Монгол орны баруун бүсийн аймгуудын удирдлага хийгээд Монгол улсын Ерөнхийлөгч хүртэл ирж оролцон, өргөн цар хүрээтэйгээр үйлдэж хэвшээд байгаа. Мөн сарын 27-29-ны өдрүүдэд зүүн бүсийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Даргангын “Алтан Дарь” овооны төрийн тахилгыг үйлдэнэ.

Ийнхүү уул овооны “төрийн гэх” тахилгыг үйлдэхийн тулд түүх, уламжлал, түүнтэй холбоотой язгуур утга агуулга сэлтийг лавшруулан судалж, цагаас цагт үндэсний болон нутаг, зоны эв зохиролд нийцүүлэхээс гадна тухайн цаг үеийн онцлогыг анхаарах, ирээдүйн ач холбогдолыг сайтар бодолцох тал дээр ухаан бодлоо чилээх шаардлага байгаа нь ч ажиглагддаг.
Эртний бөө мөргөлийн ёсоор бол овоог ямар нэгэн зүйлд зориулан босгодог уламжлалтай байсан бөгөөд энэхүү жаяг, ёс нь яваандаа Монголчуудын аж төрөх ёсны энгийн зүйлүүдтэй сүлэлдэн, хэвшиж, тахилгатай, тахилгагүй гэсэн хоёр зүйл овоо босгодог болсон. Эдгээр нь тэнгэрийн овоо, овог аймгийн овоо, баатар жанжны овоо, хурах овоо, онгодын овоо, албан овоо, чуулганы овоо, хошууны овоо, хилийн овоо, сүм хийдийн овоо, айл хотол усны овоо, хараалын овоо, хөтөл аян замын овоо, уулын овоо, ус булаг шандын овоо, зурхайн овоо, нуур усны овоо, тэмдэг овоо, хүүхдийн овоо, хүүхэн овоо, малын овоо, ан агнуурын овоо, амьтны овоо, хурдан морины овоо, тангарагын овоо, шилийн сайн эрчүүдийн овоо гэх мэтээр тус тусын зориулалт, учир жанцантайгаар босгогддог байжээ.
2000-аад оноос Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, нэр бүхий уул овоодын төрийн тахилгыг үйлдэх болсныг дээр дурьдагдсан уламжлалын хүрээнд авч үзвэл “албан овоо”-г бий болгон тайж тахиж байсны үр, улбаа гэж үзэж болох юм.
Сонирхуулахад Монголчуудын хувьд энэ нь хаант төрийн үеэс буй болсон түүхтэй бөгөөд Өгэдэй хааны үед өртөөний замыг заасан овоо босгож байсан, Юань улсын үед Манжтай зах нийлсэн Хорчин аймаг ба Ордос түмэн захын хэцийн овоог босгож байсан зэргээс эхлэлтэй гэж зарим судлаачид үзсэн байх. Чухам тэр цагаас хойш төрийн зүгээс уул хайрхад, ус мөрний сонгосон газарт овоо босгож, тахиж тайдаг ёс ихэд дэлгэрсэн бөгөөд тэдгээр нь чуулганы овоо, хошууны овоо, хэдэн чуулганы овоо, хэдэн хошууны овоо, өртөө овоо, сумын овоо, зангийн овоо гэх зэргээр олон төрөл болон салаалах болсон байна.
Албаны овоо нь дээр үгүүлсэнчилэн тахилгатай, тахилгагүй хоёр янз байх ба тахилгатай овооны тахилгын зардал сүйтгэлийг төрөөс гаргадаг ёстой байжээ.
Түүнчилэн чин улсын үеэс элдэв зүйлийн албан овоо бий болсон. Тодруулбал Эеэр засагчийн гутгаар оны (1646 он) улаагчин нохой жилд манжийн ноёрхогчид Монголыг хэсэглэн хувааж, тус тусад нь захирах бодлого хэрэгжүүлэхийн төлөө чуулган, хошууд болгон жижиглэж, олон цааз, журам гаргасны нэг нь “Гадаад Монголын төрийг засах яам”-наас гаргасан хил хязгаарын ёсонд “Нүүдлийн малчдын зах нийлэх газар уул усны тэмдэг үгүй болбоос чулуугаар овоо босгож тэмдэг хиймой” хэмээн тэмдэглэсэн байдаг аж.
Ингэснээр Чин улсын үеэс чуулган хооронд буюу хошуудын хоорондох замын хэцийг ялгасан мянга түмэн овоо босчээ. Манжийн ноёрхогчид шарийн шашны сүм хийдийг олноор байгуулахыг уриалан зүтгэж Монгол оронд тоо томшгүй сүм хийд бий болж, эдгээрт тамга тэмдэг олгон, хошуу нутаг хуваан өгч, улмаар сүмийн овоо, гэгээд, хутагтын овоо, сүмийн газрын хэцийн хилийн овоо нэрт овоонуудыг олноор босгожээ. Монгол оронд чухам овооны зуд болж, “шүүсээ тойроод захирагч дүүрч, дугуйраад овоо дүүрэв” хэмээн ард олон хоорондоо хэлэлцэх болсон /судлаач Д.Сүхбат/ гэдэг.
Эл бүгдийг анзааран, цааш бодолхийлвээс өдгөө төрийн тахилгын ёслол үйлдэж буй энэ үйл явдлын утга агуулга, ач холбогдол нь юунд чиглэгдэх вэ гэдэгт анхаарал талбих нь нэн чухал гэж санана.

II. Учир холбогдол нь юунд орших ёстой вэ?

2005 оноос хойш Алтан Хөхий (Өндөр Хөхий) уулын төрийн тахилгыг гурвантаа үйлдэхдээ уг ёслолыг хэрхэн нэрлэж байсныг анзааран харья. Эдгээр тахилгын үеэр албан ёсоор “Алтан Хөхий уулын тэнгэрийг тайх, Өндөр Хөхийн овоог тахих” ёслол хэмээн нэрийдэж асан нь бичиг баримтанд үлджээ. Анзаарваас нэгд эртний язгуур утга санааг мөшгөн тодруулахыг хичээсэн сайшаалтай оролдлого, хоёрт уул усны нэрийн тухайд учир утгыг тодруулан нэг мөр цэгцэлж чадаагүй зөрчилтэй санааг агуулсан эсрэгцэл харагдаж байна.
“Тайх, тахих” гэдэг үгийн язгуур утгыг судлаач Ч.Жавзанчулууны тайлсанаас үзэхэд “аливааг сэрж мэдрэх чадварыг нь сэргээх, мартаж гээсэн, мунхарч төөрөлдсөнийг нь сануулж цочроох, цаашилбал бодис зүйн онолын хувьд тайлбарлавал бодисын цөмийг бөмбөгдөн идэвхжүүлж, хөдөлгөөнд оруулах” гэсэн утгатай үг ажээ. Уул усны тахилгын ёслолын тухайд ухваас байгаль дэлхийтэй харилцах жам ёсны талаарх хүмүүний төөрөгдөл, мунхралыг арилгахын тулд цочроон сануулах, оюун бодлыг нь сэрээх, соён гэгээрүүлэх, улмаар уул усны эзэн савдаг, онго тэнгэрт мэдүүлэх гэдэг утгыг агуулна. Энэ үүднээс харахад “уулын тэнгэрийг тайх гэж нэрэлсэн нь бас ч гэж уг үйлийнхээ язгуур утга санааг мөшгөн судлаж, танихыг хичээсэн оролдлого байгааг илтгэх мэт. Гэтэл Хөхий хэмээх нэг л уул хайрханы нэрийг хоёр өөрөөр нэрлэн, “Алтан Хөхий уулын тэнгэрийг тайх Өндөр Хөхийн овоог тахих” гэсэн нь хоёр янзын тайлга, тахилга үйлдэж буй мэтээр ойлгогдохоор байгаа юм. Энэ нь урьд цагт нутгийн зон Өндөр Хөхий гэж нэрийдэж байсан уулыг хэзээ ч юм өөрчлөн, Алтан Хөхий гэх болсонтой холбоотой аж. Үлгэрлэвээс Монголд шарын шашин дэлгэрэх үеэр хутагт хувилгаад бөөнөөр тодорч, тэд олон уул овооны нэрийг сольж өөрчилсөн, мөнхүү хожуу үед ч нийгмийн үзэл суртлын улбаатайгаар газар усны нэрийг өөрчилсөн үзэгдлүүд олноор гарч байсны бас нэг нөлөө сүүдэр нь бололтой. Түүх сөхвөл Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг Шургазай нэрт уулыг Баянхан болгосон. Энэ нутгаас тодорсон Угтамын хийдийн дүвчин хувилгаан миний төрсөн уул Шургазай нэртэй байх ёсгүй гээд нэрийг тэгж өөрчилсөн. Дорнот аймгийн Матад сумын нутагт байх Агуйт гэдэг баян бүрдийг мэргэн бандид лам Баян хангай болгосон, Монгол Алтайн нурууны Мөнххайрхан уулын таван оргилыг урьд нь Таван хурмаст гэдэг байсан атал социализмын үед Хурмаст гэдгийг нь шашин шүтлэгийн илрэл гэж үзээд Хумст болгон өөрчилсөн гэх мэтчилэн олон жишээг дурьдаж болох. Энэ бүхэн Монголын газар усны нэрийг ядууруулаад зогсоогүй, судлахад маш саадтай болгосон хэмээн судлаач, “гүүш” Г.Аким бичсэн байдаг.
Тэгэхээр өнөөгийн нөхцөлд байгаль дэлхий, уул усыг тайж тахих ёслолын гол ач холбогдол нь юу вэ гэвэл, уул хайрханы төрийн тахилгыг хийж байна хэмээн олон түмнийг үй олноор цуглуулж, овоон дээр гаран, учрыг нь нарийн ухаж ойлгоогүй ёслол мэтийг үйлдэж, дүр эсгэхээс илүүтэй, юуны өмнө тухайн үйл явдлынхаа үүх түүх, учир холбогдол, тайлал эрэгцүүллийг олон түмэнд танин мэдүүлэх, сэнхрүүлэх, соён гийгүүлэхэд чиглэгдэх ёстой.
Зөвхөн тахилга тайлгын дуудлага даллаганд агуулагдаж буй язгуур ухагдахууныг судалж үзэхэд Монгол бөө мөргөлийн зан үйл нь ертөнцийн үүсэл хөгжлийг задлан шинжилж, нэгтгэн дүгнэх байдлаар аливаа зүйлсийг эхлэлийн нэг цэгт хязгаарлан тавьж, тэдгээр зүйлс хоорондоо харилцан нөлөөлж, бие биетэйгээ шүтэлцэн оршиж байдгийг, тэрчилэн ертөнцийн анхдагч элементүүдийн ялгаралыг дурдаж, хоорондоо шалтгаан-үр дагаварын ямар харьцаанд оршдог зэргийг тайлж илэрхийлсэн байдаг аж. Тухайлбал гал тахих ёсны дуудлагад:
“Дээрх мөнх тэнгэрийг
Тэвшийн төдийхэн бүхийгээс
Доорхи этүгэн эхийг
Өлмийн чинээхэн бүхийгээс
Сүн далайг чалчааг бүхийгээс
Өөд заяасан гал, галайхан ээждээ
Өөхөн тосыг өргөнөм билээ…” гэх мэтээр ертөнц хийгээд аливаа өлөг биет зүйлийн анхдагчийг хөгжлийн нэг хэмжээ түвшинд авч үзсэн байна. Гэхдээ үүнийг нарийвчлан задлан үзэхэд:
Мөнх тэнгэр – хий
Этүгэн эх -шороо
Сүн далай – ус
Галайхан ээж – гал гэх монголчууд хийгээд дорно дахины мэдлэг ухаанд аливаа зүйлийн үүсэл үүтгэлийг тайлбарлах дөрвөн махбодын тогтолцооны язгуур элементүүдийг заасан болох нь тодорхой харагддаг (доктор, профессор А.Батсуурь)
“Зуун зуун тахилын үндсийг хаанаас үүсгэмүй?
Тахилын үндсэнийг огторгуйгаас үүсгэмүй.
Эцэг огторгуйгаас луугийн дуун хүрхрээд
Эх дэлхийгээс гал гялбалаад
Эд хоёрын завсраас далайн зүрхнээс
Цагаан үүлэн байгуулаад
Тэр үүлний зүрхнээс рашааны хур ороод
Газрын зүрхнээс өвс модон ургаад,
Өвс модны зүрхнээс сангийн идээ хураагаад
Сангийн эцэг нь огторгуй буй.
Эх нь дэлхий буй.
Хөвүүн нь арван гурван тахилын модон буй гэсэн гурван бадаг шүлэгт задаргаа хийж үзүүлбэл: энд язгуур дөрвөн махбод (элемент)-ыг 1. Хий, 2. Гал, 3. Ус, 4. Шороо гэсэн дарааллаар авч үзэн тэдгээрийн харилцан хамаарлын үр дүнд бие биетэйгээ ямар шалтгаан үрийн харьцаанд байгааг тодруулсан” (доктор, профессор А.Батсуурь) байх жишээтэй.
Нэгэнтээ би судлаач Ч.Жавзанчулуунаас “уул, хайрхадыг тахиж, тайхын эцсийн үр, өгөөж нь юунд чиглэгдэх ёстой юм бол” гэж асуусан юм. Тэгтэл тэр хүн “ямар ч амьд амьтан ялгаагүй амьдрахын тулд хөгжиж, шалгарлыг давж байх хууль урьд өмнө ч байсан, одоо ч, ирээдүйд ч байнга үйлчилнэ. Тэгэхээр хүн төрлөхтний хувьд оюун ухааныхаа хүчээр, ертөнцийг танин мэдэх замаар шалгарлыг давна гэсэн үг. Манай төрийн өндөр албаныхан уул, ус тахина, лус савдаг аргадана гээд ойлгоод зөвшөөрөөд байгаа нь бас ч гэж сайшаамаар. Лам нараас эхлээд л уул, усны эзэн, лус савдаг гэж байдаг гэцгээдэг ч, яг учрыг нь танин мэдэж чадаж байгаа юу, тэр гээд хэлж чадах боловуу гэдэгт би их эргэлздэг юм. Үүнийг ойлгохгүйгээр мухар сохроор тахилга үйлдэх нь үр дүнгүй гэдгийг ч хэлэх нь зүйд нийцнэ байх. Амьд байгалийн оршихуйн мөн чанар, бүтэц бүрэлдэхүүнийг хадгалсан туяаг “бодьтуяа”, харин амьгүй байгалийн мөн чанарыг хадгалсан туяаг эрхис туяа гэдэг. Бусад улс оронд ямар байдаг юм бүү мэд. Лав манай монголд газар, уул, усны эзэд (манайхны хэлж заншсанаар лус, савдаг) байнаа. Эдгээр лус савдагуудаар дамжуулаад уул, ус, газрын эрхис туяаг од, гараг, нар сарны эрхис туяатай холбож хэсэг газарт байгалийн зохист харьцааг буй болгож болно. Жишээ нь “Отгон тэнгэр”, “Ханхөхий”, “Алтанхөхий” зэрэг уулуудыг төрөөс тахьдаг. Эдгээр уулсын эрхис туяаг эзэгнэсэн эздийг биеэр буулгаж төрийн тахилга хийхээр томилогдсон хэн байдаг юм түүнтэй уулзуулж, ямар ёс жаягтай хэн, хэзээ, хэдэн хүнтэй, хаанаас тахих, зэргийг заалгаж тахивал тэр жинэхэнэ тахилга болно” гэж билээ.

III. Санаж, сэрэхийн дэнсэнд

Уул, усаа тайж, тахих үйлийг өргөн цар хүрээтэйгээр үйлдэх болсон нь ихээхэн олзуурхууштай ч гэлээ учир дутагдалтай зүйлүүд ч олон байдгийг нуухын хэрэггүй байх.
Тухайлахад төрийн тахилгат Бурхан халдун хайрханы өмнө бие дэх Далай нуурыг тойроод зуны цагт самарчдын оромж дүүрдэг, нутгийн малчдын ярьснаар архидалт, танхайрал, олиггүй бүхэн үүрлэдэг, тахилга хийж байна гээд нийлэг уут, архины шил, шээс, баас болгож баахан бохирдуулаад шилээ харуулдаг тухай сэтгүүлч, судлаачийн бичсэнийг уншиж байв. .
“Тахилгын ёслолын дараа зочдын байрлаж байсан хотхон, овооны орчим, овоо тахилгад зориулан бэсрэг наадам цэнгэл үүсгэсэн талбайгаас ачааны машины 4-5 тэвш хог чөлөөтэй гардаг. Тэрийг хэрхэн зайлуулах хаана далд оруулах гээд бас ч бага биш гэхээр асуудал үүснэ. Шаварт унасан шарын эзэн гэгчээр тэнд үлдсэн нутгийхан л цэвэрлэдэг. Уул нь энэ төр ёсны тайлга тахилга гэдэг чинь хойч үеийнхний ухамсарыг төлөвшүүлэхэд л тун чухал ач холбогдолтой юм гэж боддог доо” хэмээн Алтан Хөхий уулын төрийн тахилгын үеэр нутгийн нэгэн иргэний ярьж байсныг санаж байна.

Түүхч Н.Нагаанбуу агсан “Гэрэлт цалиг” сэтгүүлийн 2011 оны нэгэн дугаарт хэвлэгдсэн үгүүлэлдээ “…..1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, эртний уламжлалыг баримтлан, Хан уулыг дахин төрийн тахилгатай болгосон……..Түүнээс хойш энэ уулын тахилга дөрвөнтээ болсон ч элэг эмтэрмээр дүр төрх жил бүр нэмэгдсээр байсан”. “…Бурхан халдун “хогонд дарагдаж”, Отгонтэнгэр уулыг бүр түвдээр Очирваань гэж нэрлэх болж, бас л хүний хөл, аяны хог хоёрт дарагдсаны дээр …малчид зуданд нэрвэгдэх нь тасарсангүй. Тахилгаас хүссэн сайн сайхан үр дүн тэр бүр харагдахаа байжээ.
Түүхийн үнэн мөнийг сөхөж үзвэл Манжийн хаан “манай сүр шүтээнийг Монголын гол зүрхэнд хаана байрлуулж, үеийн үед ид шидээ үзүүлж болохыг шинж” гэж түвдүүдэд үүрэг өгч. Түвд лам нар ирж шинжээд, “тахидаг ганц уулынх нь орой дээр байгуул” гэж зөвлөж. Түүний үр дүнд Хан ууланд Манзуширын хийд гэдгийг байгуулжээ. Энэ бол баримт нотолгоотой түүх. Гэтэл Түвдийн Далай лам бас Монголын зүрхэнд түвд бурхан залах, Түвдээ Монголын зүрхэнд мөнхлөх санаа төрж, үзмэрч лам нараа явуулжээ. Тэд нь “Монголын нийслэл хүрээний үүдэнд Манзуширын хийд заларч, хоймор нь Гандан хийд данхайж байгаа тул тэнд хэрэггүй. Харин ар Монгол нутгийн яг төв, гол зүрхэн дээр нь байдаг өндөр уулан дээр босгох нь зөв юм байна гэж шинжлээ” гэж хэлж. “Тэгвэл тэнд чинь бас хийд байгуулъя” гэтэл нөгөө лам нар нь “Тэр бүтэхэд амаргүй. Яагаад гэвэл дээрээ мөнх цастай, эзгүй зэлүүд өндөр уул юмаа” гэж. Тэгээд яах юм? гэж асуухаар нь мөнөөх лам нар “Тэр өндөр уул “Голомтын хан” буюу “От хан” гэсэн утга бүхий нэртэй юм байна. Эртний энэ нэрийг нь халж, Очирваань гэдэг алдартай болгочих хэрэгтэй. Тэгвэл хамгийн өндөр бурхан бүтээснээс ялгаагүй болно. Бас гол цэг, голомтоо шүтдэг Монголчуудын нутгийн төв нь түвд бурханы нэртэй болно” гэсэн гэдэг.
Тэрээр сүүлийн үед болж буй олон тахилга нэгд жинэхэнэ эртний ёсоороо болж чадахгүй бохирдуулж, бузартуулахын үүтгэл болж байна, хоёрт ламын шашны лам нараар тахиулах нь төдий зохимжтой бус юм гэсэн санааг хөндөж гаргажээ. Үүнийхээ учир зүйг тодруулан цааш өгүүлэхдээ Монголчууд уул нь гол шүтээн Чингэс хааны тахилга болон уул хайрхадын тахилгадаа түвд уншлагатай лам нарыг ойртуулж, очуулахаас зайлсхийдэг байж. Тухайлбал “Хан Тайшир”-ын “Сэрэг”-ийн нурууны тахилгат өндөрлөг “Сан тавиач”-ийг тахихад нутгийн лам нар Монгол хүнийхээ хувьд оролцдог. Гэхдээ орой нь харагдах тал газраас тухайлбал “Толийн бор толгой” гэдэг газар идээ будаагаа тавьж, зэрэгцэн суугаад номоо уншдаг байж. Бусад энгийн хүмүүс нь бүгд “Сан тавиач”-ийн орой дээр бужигнадаг байсан уу гэвэл бас үгүй. …..Тахиж байгаа хайрханы орой дээр ахасыг төлөөлж азай буурал нэгэн, эхсийг төлөөлж,өндөр хүндтэй нагац, ихсийг төлөөлж төрийн түшмэл гурвыг нэр, жил, буян хишгийг нь харан дэвшүүлж, халиун, бор, цавьдар, хонгор зэрэг хүндэт зүсмийн хүлэг мориор уул өөд жишүүлдэг. Уул оргил бараадахаас өмнө биеэ засаж,ариулж бараалхадаг. Бараалхахдаа төр түмний хүндэтгэл хишгээ хүргэдэг ба тэр нь онгон хүлгийн дэлний өргөл, шүүс өргөлийн эвэр хүндэтгэл, сүү цэгээний дээж байдаг. Эдгээрийг талбин хуур сонсгодог. Хайрханаа магтаж өчил өчдөг байсан” тухай үгүүлжээ.
Энэ мэтийг эрэгцүүлэн тунгаах тусам уул, хайрханы тахилгын ёслолыг хийхэд учрыг ухах, санаж сэрэх зүйл бишгүй байгааг мэдрэнэ.
Эрдэмтэн судлаач А.Батсуур нэгэнтээ уул, овооны тахилгын ёслолыг ажиглаад, “өнөө цагт хүмүүс ийнхүү ёслолд оролцохдоо сүлд хийморио хангай дэлхийдээ өргөхийн тухайд бус бай, харамжид шунасан сэтгэлээр оролцох нь номын хазгай, овоо тахилгын ариун индэр дээр хувь өөрийн өчүүхэн хүслийг тээн аминчхан үзлээр хандах нь бодол сэтгэлийн хазгай /цөв/, мөнхүү далимдуулан дарвиж цэнгэх сэлт нь бүтэмж үйлсийн хазгай болж, хангай дэлхийн эзэн сахиусныг хилэгнүүлэх нигуурын эхлэл болоод байна” гэж сануулсан байна.
Тиймээс тахилга, тайлгын ёслолыг бэлтгэн, зохион байгуулж буй сум, аймгийн удирдлага, ажил хариуцсан хүмүүсээс эхлээд Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг хүртэлх албаны эрхэмүүд одооноос уг үйл ажиллагааны хөтөлбөр, дэг сэлтийг боловсруулахдаа энд үгүүлэгдсэн эшлэл сэлтээр зогсохгүйгээр, судалж мэдвэл зохистойг судлан мэдэж, хамгаас урьд түмэн олныг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэхэд тахилгын ёслолын хожмын ач холбогдлыг чиглүүлэх, зардал сүйтгэлийг энэ мэт зохистой үр өгөөжтэй зүйлүүдэд шингээх, учир холбогдол, зорилго зоригдол нь бүрхэг атал, үй түмэн машин тэрэг, хүн амьтан цуглуулан, дэмий бужигнуулахаас аль болох зайлсхийх товчхондоо хэлбэл энэ үйл явдлыг өнгөний төдий үзүүлбэр /шоу/ болгохгүй байхад анхаарал талбин хичээх аваас бас нэг дэвшилд зоригдож байна хэмээн үзэх боломжтой гэдгийг зориудаар санаа сэдэл болгохыг хүссэн билээ.

Энэхүү үгүүллийг бичихэд:
“Дээр тэнгэрийн ахуй, дэргэд агчийн сэтгэл” ном Г.Төрмөнх /2013/
“Гэрэлт цалиг” сэтгүүл. /2012 -2015/ оны зарим дугаар
“Сав ертөнцийн хууль шинжлэх ухааны онол” ном. Ч.Жавзанчулуун /2013/
“Гэрийн онол” ном Ч.Жавзанчулуун /2013/
“Туульс хайлдаг уулс” ном Г.Аким. /2012/
“Монголын язгуур гүн ухаан” Н.Нагаанбуу агсан /2008/
Монгол – Анх, Энх, Мөнхийн амин зурхай Н.Нагаанбуу агсан, А.Ариунболд /2004/
“Ховдын толь” сонин, Нийгмийн толь сонины зарим дугаарууд зэрэг ном материалыг ашиглав.

Хиргис Г.ТӨРМӨНХ

2018.06.12. Ховд хот

Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу!
Сэтгэгдэл
.:: Ажлын зар
  • “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуульд сувилахуйн багш ажилд авна.
    Тавигдах шаардлага: • Сувилахуйн бакалавр зэрэгтэй байх • Сувилахуйн мэргэжлийн лицензтэй байх • Эрдмийн зэрэг цол (магистр түүнээс дээш бол давуу тал болно) • Багаар ажиллах чадвартай • Гадаад хэл, компьютерын зохих мэдлэгтэй “Шинэ Анагаах Ухаан” Их Сургуулийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Албаны дарга С.Нансалмаа Утас: 80018080, 91925888, 99040266
    2018-04-27
  • Газар зарна
    Чингэлтэй дүүргийн 19 хороо Яргайтын Богинод 6х6 хэмжээтэй Зуслангийн Байшинтай газар, мөн нэг айлын газрын хамт зарна Утас: 91020812
    2017-08-22
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: Утас: 89294422
    2016-03-20
  • Газар яаралтай зарна
    Сонгино хайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын зам ангийн буудлын ард гурван тал хашаатай газар яаралтай зарна.Бичиг баримт бүрэн. Утас: 89294422
    2016-03-20
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Микро автобус зарна
    Микро автобус яаралтай зарна Утас: 98190897
    2016-02-19
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-11-19
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-11-19
  • ЗАРЛАЛ
    Отгонбаатарын Мягмар-20 настай 2014 оны 10-01 өдөр Цайз захад 16 орчимд байдаг гэрээсээ гараад одоо болтол эргэж ирээгүй харсан үзсэн хүн холбоо барина уу. Гарахдаа Улаан өнгийн канттай хар хөх юүдэнтэй цамц цагаан, цэнхэр женсэн өмд, гуталтай гарсан. Биеийн өндөр 165 см, мөн баруун хөл нь гишгээ доголон бор царайтай. Утас: 89949186, 95053232
    2014-11-05
  • Үсчингийн газар түрээслүүлэнэ
    Монгол 3-р сургуулийн зүүн талд үсчингийн газар түрээслүүлэнэ Утас: 99727344
    2014-10-22
  • “Пи Эс Даблью” ХХК
    Солонгосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн, үргүйдлийн шилдэг эмнэлэг, Hanyang, Seoul- ийн Их сургуулийн болон Нуруу Нугасны чиглэлээр шилдэг Гүми Гандун зэрэг эмнэлгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ. /Яаралтай өвчтөнд 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./ 3. Та бүхэн оношилгоо шинжилгээнд хамрагдан солонгосын үзэсгэлэнтэй байгалаар найз нөхөд, гэр бүлийн хүрээнд аялаж амрах боломжтой. Утас: 9505-4415,9199-8109,89918109
    2014-10-15
  • Солонгост сурч, эмчлүүлж,аялуулна
    Олон жилийн туршлагатай “Пи Эс Даблью” ХХК – нь Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, баклавр, магистерт бүх төрлийн мэргэжилээр хамгийн хямд суралцуулна. Төлбөр виз гарсны дараа. Монголд сурч байгаа сургуулиасаа шилжин 3 р курсээсээ сурах боломжтой. Утас: 9505-4415, 8991-8109,89918109
    2014-10-15
  • Ажилд авна
    1. МУЖААН 2. АРМАТУРЧИН 3. БАРИЛГЫН ТУСЛАХ Цалин өндөр. Утас: 99059950
    2013-07-17
  • Барилгын хяналтын инженер ажилд авна.
    Цалинг ярьж тохирно. Утас: 89859011
    2013-07-17
  • Микро автобус зарна
    Утас: 98228610
    2013-06-27
  • 2009 онд орж ирсэн Land cruiser -80 зарна
    1996 онд үйлдвэрлэгдсэн улаан хүрэн өнгөтэй Land cruiser -80 маркийн автомашиныг яаралтай зарна. Утас: 99234934
    2013-06-27
  • Автобусаар үйлчилнэ
    45 хүний суудалтай жуулчин автобусаар үйлчилнэ. Утас: 88086094
    2013-06-07
  • Барилга
    Барилгын туслах ажилтан, өрлөгчин, армартурчин ажилд авна. Цалин өндөр. Утас: 88084148
    2013-06-05
  • Жуулчин автобусаар үйлчилнэ
    Хонхны баяр болон албан газрын амралт, зугаалганд явж өгнө. Утас: 88984959
    2013-06-04
  • Ногооны газар зарна
    ХУД-ын шувуун фабрикт ногоо тарих болон фермэр ажиллуулахад тохиромжтой 3 га газар зарна. Утас: 96061907,88807699 И-мэйл: shmbliss1@yahoo.com
    2013-05-29
Валютын ханш
  • Сүүлд нэмэгдсэн
  • Их уншсан