Технологи

“LG” шинэ гар утасныхаа үзүүлэлтүүдийг танилцуулжээ

БНСУ-ын “LG” компани шинэ коронавирусний цар тахал дэгдсэн үед ухаалаг гар утасны борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор удахгүй худалдаанд гаргах шинэ гар утасныхаа үзүүлэлтүүдийг танилцуулжээ.

“LG” компани “LG Velvet” гар утсаа ирэх тавдугаар сарын 7-нд цахимаар олон нийтэд танилцуулах боловч хэрэглэгчдийн анхаарлыг татах үүднээс үзүүлэлтүүд болон бусад мэдээллийг нь ийнхүү дэлгэж байгаа аж. “LG Velvet” ард талдаа 48, 8, 5 мегапиксель бүхий гурван камертай бол урд камер нь 16 мегапиксель ажээ. Мөн 6.8 инчийн “FullVision” дэлгэц, 8 гегабайтын рамтай бөгөөд 128 гегабайтын багтаамжтайгаас гадна 2 терабайт хүртэлх хэмжээтэй мемори карт унших боломжтой гэнэ.

Дэлгэцэндээ хурууны хээ мэдрэгчтэй “LG Velvet” ногоон, саарал, цагаан, улбар шар өнгийн сонголттой байна. “LG” компани шинэ гар утсаа БНСУ-д тавдугаар сарын 15-наас худалдаалж эхэлнэ гэж мэдэгдсэн боловч гар утасны үнэ болон бусад оронд хэзээнээс худалдаалах талаар мэдээлээгүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, “LG Velvet” 800 мянга орчим воны /650 ам.доллар/ үнэтэй байх төлөвтэй байна.