Сонгууль 2020

АН-ын 76 нэр дэвшигч урьдчилсан байдлаар тодорчээ

УИХ-ын тухай хуулиар сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 10-наас 15-ны хооронд тодруулж, СЕХ-нд мэдүүлэх ёстой. 2020 оны Улсын Их Хурлын  сонгуульд нийт 15 нам, 4 эсвэл, 208 бие даагч оролцох хүсэлт гаргаж, батламжаа авсан. Нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа эхэлсэн ч улс төрийн хүчнүүд бие биеэ харзнасан байдалтай, өрсөлдөгчдөө харж байж зохицуулалт хийх тактиктай байгаа.

Өчигдөр ШИНЭ нам хамгийн түрүүнд нэр дэвшигчдээ зарласан. ШИНЭ эвслийн гол түшиц хүчин болж буй ШИНЭ нам энэ сонгуульд нийт 35 орчим нэр дэвшигч сойно. Үүнээс 18 нь нийслэл, 17 нь орон нутгийн тойрогт хамаарч байна.

Тэгвэл АН-аас урьдчилсан байдлаар тодруулсан 76 нэр дэвшигчийн нэрс ил болж эхэллээ.

Өнгөрсөн хугацаанд намын бодлого болоод хүний нөөцдөө багагүй шинэчлэл хийсэн сөрөг хүчний нэр дэвшигчдийн нэрсийг жагсаахад, шинэ залуу төлөөлөл зонхилжээ. Нөгөө талаар улс төрийн тогоонд чанагдаж, намынхаа ялалт, ялагдалтай хамт зогссон хашир туршлагатай улстөрчид ч байна.

Эх сурвалжийн мэдээллээр СЕХ-нд бие даан нэр дэвшихээр бүртгүүлээд байсан зарим улстөрч төрөлх намаасаа мандатаа авчээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшихээр бүртгүүлээд байсан Г.Уянга АН-аас мандатаа авсан гэх мэдээлэл байна. АН-ын зүй ёсны лидерүүдийн нэгд тооцогддог С.Баярцогт ч намынхаа нэрийн өмнөөс оролцох магадлал өндөр болсон аж.

Харин эрх баригч МАН-ын тухайд ирэх баасан гарагт Бага хурлын VI хуралдаанаа хийж нэр дэвшигчдээ тодруулах төлөвтэй байна.

Улс төрийн намаас нэр дэвшигчдийн нэрс энэ сарын 16-ны 24:00 цагт эцэс болох ёстой. Хуулиараа сонгуульд бие даан өрсөлдөх хүсэлтээ өгсөн ч гишүүнчлэлтэй намаасаа нэр дэвших эрхээ авсан тохиолдолд улс төрийн хүчин төлөөлж болно.

 

1 сэтгэгдэл

Энд дарж сэтгэгдэл бичих

  • Байдаг л хэдэн луйварчдаа нэр дэвшүүлсэн байна шүү дээ. Эд нар сонгогдсон ч гэсэн хэзээ ч ард түмний төлөө хуруугаа хөдөлгөхгүй.