Сонгууль 2020

Б.Тулга: МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн сонгуульд нэр дэвшинэ

Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд 2020 оны парламентын сонгуульд нэр дэвшигчдийнхээ нэрийг тавдугаар сарын 16-ны дотор буюу өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Энэ дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хурлуудаа хийсээр байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бөгөөд түүний нэр дэвших нь Сонгуулийн тухай хуулийн заалтыг зөрчөөгүй гэдгийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэллээ.

Тэрээр “Манай намын дарга сонгуульд нэр дэвших хууль эрхзүйн орчин 2017 онд бүрдсэн. Сая баталсан Сонгуулийн тухай хуульд албан тушаалын гэмт хэргийн заалт орсон. Н.Энхбаяр дарга бол албан тушаалын гэмт хэргээр дээд шүүхээс ял сонсоогүй учраас энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжтой. 2012 онд хэлмэгдүүлэхдээ өөр заалтаар хэлмэгдүүлсэн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

2020 оны УИХ-ын сонгуульд МАХН, МУНН, ИЗНН хамтран “Та бидний эвсэл” болон орохоор болсон. Тус эсвлийнхэн энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг тодруулахаар хуралдаж байна.

Тус эвслээс нам тус бүрээс нэр дэвших квотыг тогтоохдоо:

  • МАХН 56
  • ИЗНН 15
  • МУНН 5 байна гэж гэрээндээ тусгажээ.