Сонгууль 2020

Хууль зөрчсөн мэдээ мэдээллийг түгээсэн хувь хүн таван саяаар торгуулах хуулийн заалттай

2020 оны ээлжит сонгууль коронавирусний цар тахлын үед зохион байгуулагдах гэж байгаа учраас урьд урьдынхаас илүү сошиал болон интернэт орчинд төвлөрөх нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ.

Тиймээс иргэд өөрийн фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд бусдын нэр хүндэд халдахгүй байх, мэдээ мэдээлэл хуваалцахдаа үнэн зөвийг нягталсны дараагаар түгээх зэрэгт анхаарлаа хандуулах шаардлагатайг анхааруулья.

Учир нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.7-д заасны дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох хууль зөрчсөн талаарх санал дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн тохиолдолд тухайн мэдээ мэдээллийг хязгаарлах хүсэлтийг цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд хүргүүлж холбогдох арга хэмжээг авна.

Мөн тухайн хууль зөрчсөн мэдээ, мэдээллийг түгээсэн этгээдэд Зөрчлийн хуулийн дагуу холбогдох арга хэмжээ холбогдох эрх бүхий байгууллагаас авна. Хувь хүн таван сая, хуулийн этгээд 50 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулах хуулийн заалттай.