Сонгууль 2020

Ч.Содномцэрэн: Манай улсад суугаа ЭСЯ-ны төлөөллүүдийг сонгуульд ажиглагчаар оролцохыг урьж байгаа

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ы гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааны талаар танилцуулж, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, явц, сонгогчийн санал авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар танилцуулж, ноён Элчин сайдын сонирхсон асуултад тодорхой хариулт өгсөн юм.

Ноён Майкл Клечески цар тахлын үед УИХ-ын сонгуулийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай, санал өгөх шат дамжлага ямар байх, сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах, гадаадад байгаа иргэд саналаа өгөх эсэх, тусгаарлагдсан сонгогчид хэрхэн саналаа өгөх, сонгуулийн ирц хүрэх эсэх, гадаадын ажиглагчид хэрхэн оролцох, Монгол дахь дипломат төлөөлөгчдийн газрынхан ажиглалт хийж болох эсэх, ер нь сонгуулийн үйл ажиллагааг ажиглахад юунд анхаарах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн хамтарч ажиллаж болох, юунд анхаарах зэрэг олон асуудлаар сонирхон ярилцлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ “УИХ-ын 2020 оны сонгууль цар тахлын үед болж байгаа учраас Улсын онцгой комиссоос гаргаж байгаа заавар зөвлөмжүүдийг чанд баримтлан ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хийх ёстой. Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинэ зохицуулалт хуулинд орсон. Үүний дагуу мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд тодорхой хяналт, хязгаарлалт хийх талаар заасан. Үүний дагуу технологийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хороо, Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. Харин зөрчил гарсан тохиолдолд цагдаа, тагнуулын байгууллага хариуцлага тооцож ажиллана. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай сонгогчдын идэвх өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Хуулийн дагуу хэрвээ санал хураалтын ирц 50 хувьдаа хүрэхгүй бол ирц хүрээгүй тойргийн тухайн хэсгүүд дээр нь нэмэлт санал хураалт явуулдаг журамтай.

Гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч нарын хувьд гадаад улсын иргэд ирэх боломжгүй болсон учраас манай улсад суугаа ЭСЯ-ны төлөөллүүдийг сонгуульд ажиглагчаар оролцохыг урьж байгаа. Ажиглахыг хүссэн гадаадын ажиглагчид манай Хороонд хүсэлтээ гаргах боломжтой. Сонгогчдын боловсролын хувьд харьцангүй байна. Бид энэ тал дээр цаашид Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна” гэв.

Ноён Майкл Клечески хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд “Миний хувьд Монгол Улсын Их Хурлын сонгуульд ажиглагчаар оролцох сонирхолтой байгаа. Бусад гадаадын дипломат төлөөлөгчдийн газруудын хувьд тодорхой болоогүй байна. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх талаар таны гаргаж байгаа хамтран ажиллах саналыг хүлээн авч байна. АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс ирэх 10 дугаар сараас Монгол Улсад залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогчдын боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжинэ. Энэ хүрээнд хамтарч ажиллаж болно” гэв.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн, Улс төрийн хэлтсийн ажилтан Г. Золбоо нар оролцлоо