Дэлхийд

Нас барсан алдартны хөрөнгийг багад нь хаяж явсан ээж нь авахаар шүүхэд ханджээ

Солонгосын алдарт охидын “Kara” хамтлагийн гишүүн дуучин, жүжигчин Кү Ха Ра өнгөрсөн оны 11-р сард нас барсан билээ. Тэрээр Солонгос болон Японы урлагийн зах зээлд тун алдартай нэгэн байсан бөгөөд хөрөнгийн хувьд ч чамлахааргүй их байсан аж. Кү Ха Ра нас бараад нэг жил өнгөрсөн хэдий ч түүний талаарх мэдээллүүд Солонгосын хэвлэл мэдээллээр гарсаар байгаа юм.

Тодруулбал дуучин Кү Ха Раг 9 настай байхад төрүүлсэн ээж нь хаяж явсан бөгөөд ах болон аавтайгаа хамт өсжээ. Гэтэл алдарт дуучин амиа хорлосны дараа 20 жилийн турш сураггүй байсан ээж нь гэнэт гарч ирэн охиныхоо өв хөрөнгийн талыг залгамжилж авахаар шүүхэд хандсан байна. Солонгос улсын хуулийн дагуу нөхөр, хүүхэдгүй хүний хөрөнгийг төрсөн эцэг эхэд нь өвлүүлдэг бөгөөд хуулийн дагуу бага байхад нь хаяж явсан ээжид нь өв залгамжлах эрх үүссэн байна.

Харин алдарт дуучны ах, хаяж явсан ээждээ нас барсан дүүгийнхээ хөрөнгийг өгөх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Солонгос улсын Засгийн газрын сайтад хүртэл тус хуульд өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан байна. Дуучны шүтэн бишрэгчдийн хувьд ч мөн хаяж явсан ээжид нь өв залгамжлах боломж олгож байгаа хуулийг өөрчлөх шаардлагатай хэмээх байр суурь зонхилжээ.

Одоо хэрэгжиж байгаа хуулийн хувьд гэр бүлийнхнийхээ аминд хүрэх, гэрээслэл хуурамчаар үйлдэх зэрэг хэрэг хийсэн тохиолдолд өв залгамжлах эрхийг түдгэлзүүлдэг бөгөөд хүүхдээ хаяж явсан эцэг, эх дээрх хоёр заалтыг зөрчөөгүй бол бүрэн өв залгамжлах эрхтэй байдаг юм байна.