Үйл явдал

6 оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 185 боллоо

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагаас хийдэг мэдээллээ иргэдэд өглөө.  Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 оронд коронвирус бүртгэгдэж, 6.2 сая хүн өвчилсөн. 371 мянган хүн энэ өвчний улмаас нас барсан. 2.8 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Сүүлийн 24 цагийн хугацаанд 108 мянган хүнээр өвчлөл, нас баралт 1000 гаруй хүнээр нэмэгджээ. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад, өвчлөл 15 мянган хүнээр буурсан сайхан мэдээ байна.

Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Эрхүү, Читид 24 цагт 29-90 хүн өвчилсөн. Ялангуяа Эрхүүд 90 хүнээр өвчлөл нэмэгдлээ. Манай улсад 4 хүн ажиглалтад шинээр орлоо. Одоогоор 1856 хүн ажиглалтад байна. Архаг хууч өвчтэй 116 хүн 29 эмч эмнэлгийн тусламж үзүүлж ажиллаж байгаа. 24 цагийн хугацаанд 119 дугаарт нийт 156 дуудлага ирж, зөвлөгөө авсан. Ихэнх нь амралтын газар хүмүүс олноор бөөгнөрч байгаад анхааруулж, зөвлөмж өгөөрэй гэж хэлсэн.

Өнөөдөр Хүүхдийн баяр болж байгаа. Аж ахуйн нэгж, хувь болгон коронавирусээс сэргийлэх зөвлөмжийг дагах хэрэгтэй гэдгийг дахин сануулъя” хэмээлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны тавдугаар сарын 31-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дарханы лабораторид 371 хүнд шинжилгээ хийснээс 365-д коронавирус илрээгүй. Тандалтын зорилгооор 8 сорьцоос шинжилгээ авлаа. Вирус илрээгүй. Тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Тавдугаар сарын 13-ны өдөр Оросын цэргийн онгоцоор ирсэн 340 оюутны давтан шинжилгээнээс илэрсэн. 18-19 хоногийн дараа давтан шинжилгээгээр илэрсэн нь энэ. Нийт батлагдсан тохиолдол 185, эдгэрсэн 44, эмчлэгдэж байгаа 141 хүн байна.

Өнөөдөр Станбулын онгоцоор ирсэн 175 хүнээс давтан шинжилгээ хийх сорьцыг цуглуулахаар манайхан гарлаа. Хүмүүс амны хаалтаа зүүж, гараа сайн угааж, бээлий өмсөх хэрэгтэй. 24 хүн хүндэвтэр байгаа.  Ихэнх нь оюутнууд байгаа. Эдгэрч гарч байгаа хүмүүс ч гэсэн ихэх нь оюутнууд байгаа. Чихрийн шижинтэй, архаг хууч өвчтэй хүмүүст тохирсон эмчилгээ хийж байгаа” хэмээлээ.