Засгийн газар

Энэтхэг улсад шавилан сууж буй 219 ламхайг авчрах тусгай үүргийн онгоц илгээхээр болов

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудлаар хоёр тогтоол гаргасны нэг нь Энэтхэгт шавилан сууж буй  219 хүүхдийг  эх орондоо  авчрах тусгай үүргийн онгоц илгээх, ирсний дараа тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Энэтхэг дэх НҮБ-ын Хүүхдийн сан, Энэтхэгт суугаа Элчин сайдын яам, хүүхдүүд шавилан сууж буй Гоман дацангийн төлөөлөгч нартай хамтран ажиллаж уг арга хэмжээг зохион байгуулах аж.

Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс 6 км зайтай орших Төвдийн тосгонд Ковид-19 вирусын 2 тохиолдол илэрсэн нь хүүхдүүд олноороо нэг дор байгаа нөхцөл байдлыг улам эрсдэлтэй болгож байгаа аж.

Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхэд эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ. Брайбүн Гоман дацангийн хүүхдүүдийн 70-аад хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд аж.

 Хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэжээ.