Сонгууль 2020

Х.Баттулга: Шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газартай эдийн засгийг босгох чиглэлээр хамтарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хороо буюу  Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн зааланд очиж, саналаа өглөө. Саналаа өгсний дараа тэрбээр “Монгол Улс УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиа өнөөдөр зохион байгуулж, санал хураалтаа явуулж байна. 1990 онд Ардчилсан Монгол Улс болсноо дэлхий даяар зарласнаас хойш 30 жил болж байгаа. Энэ хугацаанд алдаж, оносон олон зүйл байгаа. Хамгийн гол нь энэ удаагийн сонгуулиар залуучууд саналаа идэвхтэй өгөхийг хүсье. Сая 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц орон даяар 40 гаруй хувьтай байна.  Улаанбаатар хотод нэлээд идэвхтэй буюу 50 гаруй хувьтай байгаа гэсэн мэдээ авсан.

22:00 цагт санал авах үйл ажиллагааг хаана. Би залуучууддаа хандаж, та нарын санал энэ улс орны хөгжилд чухал шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Бид гэр орондоо хүнсний бараа худалдаж авахдаа хугацаа дууссан эсэх, хаана үйлдвэрлэсэн, гарал үүслийг нь маш сайн хардаг. УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Тиймээс 76 гишүүнээ хүнсний бараа сонгодгоос илүү шалгууртайгаар сонгож гаргаарай гэж иргэдээсээ хүсье. Санал худалдаж авах асуудал нэлээд олон тойрогт яригдаж байна. Үе үеийн сонгуулиар ийм асуудал яригддаг. УИХ-д уул уурхайн бизнес хийдэг маш олон хүн орж ирдэг. Тэр хүмүүс их мөнгөөрөө санал худалдаж авах. Эсвэл гэмт хэрэг хийсэн хүмүүс УИХ-д орж ирж толгой хоргодох байдал сүүлийн сонгуулиудаар ажиглагдаж байгаа гэдгийг ард түмэндээ дахин дахин хэлэх гэсэн юм” хэмээлээ.

Түүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Г.Амартүвшин гэдэг нэр дэвшигчийг 2014 онд ямар шалтгаанаар Монгол Улсын иргэншээс гаргасан юм бол. Энэ талаар та мэдсэн үү?

-2014 оны шийдвэрийг би сайн мэдэхгүй байна. Энэ асуудлыг зохих байгуулллагууд, архив ч юм уу, судалж гаргаж ирэх ёстой байх.  Гадаад иргэншилтэй гэсэн мэдээлэл гарч, паспорт нь хүртэл гарсан харагдсан.

-Зарим нэр дэвшигчдийг цагдан хорьж, шоронгоос өрсөлдөж байна. Ардчилсан улсын Ерөнхийлөгчийн хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Шүүх эрх мэдлийн өөрсдийнх нь асуудал болов уу. Зүгээр ажиглахад, 2013-2016 оны хооронд гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээс тодорхой ялын дүгнэлт авчихсан хүмүүс байна билээ. Энэ асуудлыг бид ажиглаж байгаа.

-Цар тахлаас үүдэлтэй эдийн засаг хүндэрчихлээ. Та шинээр бүрэлдэх УИХ, Засгийн газартай эдийн засгаа аврах чиглэлд яаж хамтарч ажиллах вэ?

-Дэлхий даяараа цар тахалтай холбоотойгоор эдийн засаг ямар байдалтай байгааг хүмүүс хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.   Монгол орны хувьд эдийн засаг төрөлжөөгүй, хэдхэн төрлийн экспортод суурилдаг. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн УИХ, Засгийн газартай эдийн засгийг босгох талаар маш шуурхай хамтарч ажиллана. Би өөрөө бизнесийн салбарт байсан хүн учраас бусдаас арай илүү нөхцөл байдлыг ойлгодог. Энэ давуу талаа ашиглаж ажиллана.

-Та сонгуулиа яагаад үдээс хойш өгч байна вэ?

-Би 17:00 цагийн ирцийн мэдээллийг харж байгаад залуучуудыг уриалах зорилготойгоор өдийд ирж байгаа юм.