Үйл явдал

Москвагаас ирсэн 3 оюутнаас коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр”Зургадугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 171 хүнд шинжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ.

Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 219 болсон бол үүнээс  170 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан. ХӨСҮТ-д 49 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 42 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр байгаа. Чихрийн шижинтэй нэг, жирэмсэн нэг эмэгтэй байгаа. Өнөө өглөө 08:30 цагт ОХУ-аас 75 цэргийн алба хаагч ирсэн. Сорьц цуглуулах ажил эхэлсэн. Шинжилгээний хариуг маргааш танилцуулна” гэлээ.