Үйл явдал

Гудамжинд иргэдийн гар дээрээс болон зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдах, худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос “Найман шарга” төвд валют арилжаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянаж шалгахын зэрэгцээ тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоох шалгалтыг дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран явууллаа.

Энэ үеэр тусгай зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлсэн дөрвөн иргэнд хариуцлага ногдуулж, зөрчлийг давтахгүй байхыг анхааруулсан бол нэг аж ахуйн нэгжид прокурорын хяналтан дор зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд байна.

Цаашид ч Санхүүгийн зохицуулах хороо тусгай зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа эрхлэгчдийг таслан зогсоох чиглэлд байнга анхаарч ажиллах бөгөөд үүнд иргэд, олон нийтийн оролцоо чухал. Иймээс валютын арилжаатай холбоотой зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Хороонд мэдэгдэж, хамтран ажиллахыг иргэд Та бүхнээс хүсч байна.

Мөн гудамжинд иргэдийн гар дээрээс болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжээс валют худалдах, худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Учир нь, энэ тохиолдолд хуурамч валют авах цаашилбал дам байдлаар хууль бус ажиллагааг дэмжсэн үйлдэл болох эрсдэлтэй.

Валютын арилжаа эрхлэгчдийн хувьд ч иргэдийг валют солиулах тухай бүрт хуруу уншигч төхөөрөмж ашиглаж мэдээллийг баталгаажуулах, төлбөрийн и-баримтыг олгох үүрэгтэй.

Иргэдийн хувьд валют солиулах тухай бүрт төлбөрийн баримт авснаар аливаа эрсдэлээс хамгаалуулах мөн НӨАТ-ын сугалаанд оролцох давхар боломжтой юм.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

сэтгэгдэл

Энд дарж сэтгэгдэл бичих