Сонгууль 2020

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй

Хуульчид, улстөрчид Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ингэж тайлбарлаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ 2021 онд тохиож буй. Хэн гэдэг Ерөнхийлөгчтэй болох вэ гэдэг нэр дэвшүүлэх эрх бүхий намуудын СОНГОЛТ болно. Тэднээс ард түмэн сонголтоо хийнэ. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн гол нэр дэвшигчийг нэрлэх намуудын тухайд, ялангуяа одоогийн Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн АН нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан нэмэлт, өөрчлөлттэй тулчихаад байна. Учир юу гэвэл Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн  2-т Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно гэсэн өөрчлөлт орсон юм. Тиймээс 2017 онд АН-аас нэр дэвшиж сонгогдсон Халтмаагийн Баттулга энэ сонгуульд дахин нэр дэвших эрхтэй юу. Эсвэл үгүй юу. Ийм асуулт гарч ирчихээд байгаа юм. Энэ талаар хуульчид, улстөрчдийн байр суурийг сурвалжиллаа. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн  2-т Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно гэсэн талаар:
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол үзэл санаа бол зургаан жилээс илүүгүй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг НЭГ УДАА хэрэгжүүлэх боломжийг олгоё. НЭГ УДАА, 50 наснаас дээш байя гэдэг зарчмуудыг тавьсан. Тэр зарчмууд хэн нэгэн албан тушаалтан байгаа эсэхээс үл шалтгаалаад ялгамжгүй үйлчлэхээс өөр арга байхгүй. Хэн нэгэн одоо хашиж байгаа албан тушаалаараа давуу эрх эдлэх ойлголт байхгүй. Сонгууль гэдэг сонгуулийн өмнө очиж байгаа Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх тухай яриа юм. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт маш тодорхой. ЗӨВХӨН НЭГ УДАА зургаан жилээр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн гэж шаардлага тавьж л байгаа бол тэнд сонгуульд оролцохоор хүсэлтээ гаргасан хүмүүст яг ижил үйлчилнэ. Хуулийг буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг нь эрүүгийн эрх зүйд хэрэглэгддэг зарчим. Ерөнхийлөгч болно гэдэг хэн нэгнийг шийтгэж байгаа үг биш. Энэ бол сонгох сонгогдох эрхийн асуудал. Хууль буцаан хэрэглэх буюу эрх зүйн байдлыг дордуулах тухай зарчим огт яригдахгүй.
Хуульч О.Мөнхсайхан:
-Уг нь 62 гишүүний төслийн үзэл баримтлал тодорхой байсан. Одоо бол энд тайлбарын асуудал шаардаж байгаа. Үндсэн хуулийг тайлбарлах олон янзын аргачлалууд бий. Эхнийх нь бол, Үндсэн хуулийг баталсан хүмүүс юу бодож байсан бэ гэдгээр тайлбарлах явдал. Түүгээр харах юм бол ЗУРГААН ЖИЛЭЭР НЭГ УДАА гэдэг шинээр эхэлнэ. Гэхдээ өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс нэр дэвшихгүй гэсэн утгатай байсан. Тийм учраас 2025 он гэж  тавьчихсан байгаа юм. Тэр үзэл баримтлал энд шингэжээ гэж үзэх юм бол одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй байх гэсэн үндэслэл бас гараад ирж байгаа юм. Хоёрт, тэр текст харахаар ЗӨВХӨН НЭГ УДАА зургаан жил гэж байгаа. НЭГ УДАА гэдэг нь нэг удаа Ерөнхийлөгч хийчихсэн хүмүүс хийхгүй ээ гэсэн текст байгаа юм. Тэгэхээр энэ текст нь бас тэр талын үндэслэл болно.
Хуульч Б.Мэргэн:
-Хэзээ хэрэгжиж эхэлсэн гэдэг дээр ямар ч маргаан байхгүй. Миний зүгээс угаасаа дахиж нэр дэвшихгүй гэж тайлбарлаад байгаа юм. Яагаад гэвэл нэгэнт НЭГ УДАА нэр дэвшээд явчихсан. Өнөөдрийн Ерөнхийлөгч өөрөө хэрэв НЭГ УДАА зургаан жилээр сонгогдвол өнөөдрийн маргаан үүсч магадгүй гэдгийг урьдчилаад харж байсан. Тийм учраас дахиад нэг удаа маргаангүйгээр сонгогдох боломжийг хадгалж үлдэхийн тулд 2025 оноос эхэлж мөрдөнө гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирсэн. Түүн дээр нь хууль тогтоогч нарын зүгээс буулт хийгээд 2025 оноос хэрэгжинэ гээд явж байсан боловч эцсийн мөчид тэр заалт Дагаж мөрдөх журмын тухай хуулиас нь байхгүй болчихсон.
Хуульч О.Баасанхүү:
-50 нас хүрсэн Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаагаар НЭГ УДАА сонгогдоно гэж байгаа юм. Жишээ нь дөрвөн жил Ерөнхийлөгч байсан хүн дахиад нэр дэвшвэл 10 жил болчихно. Өнөөдөр Монгол Улсад Ерөнхийлөгч нь Х.Баттулга НЭГ УДАА байгаа биз дээ. Гэтэл “Би дөрөв юм чинь найм байх ёстой, хууль буцаан хэрэглэгдэхгүй” гэдэг ярьдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж хууль гаргадаг болохоос биш Үндсэн хуулийг буцааж хэрэглэх, эсвэл шууд хэрэглэхгүй.
АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл:
-Үндсэн хууль бол цагаан дээр хараар бичигдсэн учраас НЭГ УДАА гэдэг заалт бол хүчтэй заалт гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Хууль баталсан нөхөдтэй уулзаад ярихаар маш тодорхой хариулж байгаа юм. Дарангуйлагчийг төрүүлэхгүйн тулд, хоёрдугаарт хэрэв хоёр дахь удаагаа сонгогддог тохиолдолд сонгогдохын тулд өөрсдийнхөө өрсөлдөгчийн барьж авч үндэслэлгүйгээр ял өгдөг, шоронд хийдэг гүтгэдэг харлуулдаг. Энэ байдал нь өөрөө Ерөнхийлөгч бүх нийтийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх ёстой атал Ерөнхийлөгчийн сонгуулиасаа өмнө хагалж бутаргаад байж болохгүй гэсэн үндэслэлээр хуульд өөрчлөлт оруулсан байгаа юм.
АН-ын X Их хурал болж намын дүрмээ шинэчилсэн боловч Дээд шүүхэд очих замд нь огт хэлэлцээгүй заалт  нэмэгдсэн гэх мэдээлэл цацагдааг байгаа. Тухайлбал, АН-ын Үндсэн дүрмийн 2.12.4.2.1-т АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал эсвэл ҮБХ-оор өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэх /Энэхүү заалт 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй байна/ гэсэн нэмэлт орчихжээ.
Дээрх асуудлаар болон өрнөж буй үйл явдлын талаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 онд нэр дэвшүүлсэн АН-ынхан ямар байр суурьтай байна вэ?
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:
-АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлт дотор завсар зайгаар тийм заалт орж ирсэн байдалтай хэрүүл маргаан байгаа. Үндсэн хууль намын дотор ч адилхан үйлчлэх учраас Үндсэн хууль зөрчсөн дүрмийн зүйл заалтаар энэ нам урагшаа алхаж болохгүй.
УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваан:
-Монгол Улсын Ерөнхийлөгчид өмнө нь манай намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга дэвших магадлал өндөр байгаа.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-Нам бус Монгол төрийн тусгай чиг үүрэгтэй тусгай хуулиар эрх хэмжээ нь хязгаарлагдаж зохицуулагдаж байдаг Ерөнхийлөгчийн албан тушаалтай хүнийг өнөөдөр шууд аль нэг намд харьяалуулж асуудлыг ярих нь хууль бус үйлдэл. Тэгээд УИХ-ын гишүүн хүн өнөөдрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийг Манай намаас хамгийн ихээр нэр дэвших магадлалтай хүн гэж ярих нь ёс зүйд хэр нийцэх вэ. Би бол үүнийг ёс зүйтэй асуудал гэж харахгүй байна.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшихдээ бүх гишүүдийн сунгаагаар олонхийн санал авсан.  Ардчилсан нээлттэй гишүүдийн оролцоог хангасан дүрмийн заалтаас ухраад байгаа зорилго бол нэг хэсэг хүмүүсийн хуйвалдаан.
Түр эрхийг намын дарга гэж ойлгоод, намын дүрмээр олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлээд ажиллаж байгаа нь намын дүрмийг зөрчиж байгаа гол асуудал болоод байгаа. Шууд хэлэх юм бол Ц.Туваанд өнөөдөр намын Их хурлыг зарлан хуралдуулах эрх дүрэмд байхгүй. АН-ын өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа дүрэм бол маш сайн боловсруулагдсан. Энэ дүрмээр оролдох болоогүй. Би АН-ын гишүүн хэвээрээ. Гишүүнийхээ хувьд ч тэр энэ намыг үүсгэн байгуулалцаж 31 жил намынхаа төлөө зүтгэсний хувьд харсаар байж энэ намыг самруулах, унагаах эрх байхгүй. Тэгээд ч би хуулийн дагуу АН-ын дарга хэвээрээ байна.
Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн  2 дахь хэсгийн Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар ЗӨВХӨН НЭГ УДАА сонгоно гэх заалтын талаар хуульчид, улстөрчид ийм байр суурийг илэрхийллээ. Эндээс харвал тэд бараг л нэг дуугаар Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй хэмээн тайлбарлаж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин