Улс төрийн намууд

МАН-ын ХХХ Их Хурал 3 сарын 1,2-нд болно

Эрх баригч Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумаас онлайнаар Бага хурлын 360 гаруй гишүүдийн 90 орчим хувь  нь оролцсон байна. Тус хуралдаанаар XXX Их хурлаа зарлан хуралдуулах тов, Их Хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог батлах, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.

Төв Азидаа ууган улс төрийн хүчинд тооцогддог эрх баригч Монгол Ардын Намын Их Хурал 4 жилд нэгээс хоёр удаа зохион байгуулагддаг. ХХХ Их Хурлаа түүхт 100 жилийн ойн өдрөө буюу ирэх 3-р сарын 1,2-нд хуралдуулахаар тогтож бэлтгэл ажлаа хангахаар болжээ. ХХХ Их хурлынхаа төлөөлөгчдийн тоог тогтоохдоо намын гишүүдийн тоо, намын анхан шатны байгууллагын тоог тус тус харгалзан 1111 хэмээн тогтоосон байна.

Монгол Ардын Намын  бодлогын шинэчлэлийн хүрээнд тус нам “Цахим нам” болсноо олон нийтэд зарласан. Дэлхий нийтээрээ дижитал эрин үед амьдарч буй энэ цаг үед эрх баригч Монгол Ардын Нам бусад улс төрийн намаасаа манлайлан, бодлого үйл ажиллагаандаа шинэчлэлт хийж нийгэмд шударга ёсыг тогтоох ажилд шамдан орсон соён гэгээрүүлэгч нам болж буй аж.

Цар тахалын хүндрэлтэй нөхцөлд онлайнаар хуралдсан Монгол Ардын Намын 360 гаруй Бага хурлын гишүүд дараахи уриалгыг мөн гаргажээ.