Сонгууль 2020

Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд ажлын байр хэрхэн хамгаалах талаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан, гадаадад гацсан иргэдтэй холбоотойгоор Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн талаараа мэдээлэл өгөв. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй бөгөөд энэ талаар  Ерөнхийлөгчийн сонгуулийн  тухай хуульд тодруулж өгөх ёстой, уг асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаж байна хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой тусгаагүй. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хуультай нийцэхгүй зөрчилдөж байна. Үндсэн хуулийн дээрх заалт 2025 оноос эхлэн хэрэгжих байсныг наашлуулсан. 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлж эхэлье гэдэг зүйл заалтыг Ерөнхийлөгчийг бүрэн төлөөлж байсан, тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд харилцан зөвшилцсөний үндсэн дээр батлуулсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Энхбаяр, Н.Багабанди, П.Очирбат тэргүүтэй хүмүүс нэр дэвших эрхгүй. Өмнөх Үндсэн хуулийн зохицуулалтаар Ерөнхийлөгчийн алба хаших хугацаа 2 удаа 4 жилээр буюу дээд тал нь 8 жил байсан. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг удаа 6 жилээр сонгогдон ажиллахаар тодорхой хуульчилсан. Энэ тодорхой заалтуудыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгах ёстой. Энэ хууль бол Үндсэн хуулийн тайлбар байх ёстой. Энэ шалтгаанаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна. Үндсэн хуулийн цэц хуулиа хүндэтгэн асуудлыг үнэн зөвөөр шийднэ гэж найдаж байна.

Хуулийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх: Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хоёр жилээр сунгана гэх асуудал бол утгагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэдий хугацаагаар, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг ард түмэн сонгуулиар шийддэг. Ард түмэн шийдээд 2021 он хүртэл 4 жилийн хугацаатай сонгочихсон байхад үүнийг хууль тогтоогчид өмнөөс нь шийдэж болохгүй, хууль зүйн хувьд ч ингэх боломжгүй. Зарим хууль тогтоогчид “эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж болохгүй. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох боломжтой” гэж байгаа нь үндэслэлгүй юм. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилээр зөвхөн нэг л удаа сонгоно гэж маш тодорхой заасан байгаа. Энэ заалтыг өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүст хэрэглэхээр зарим нь 4, зарим нь 8 жил ажилласан байдаг. Дахиад сонгоё гэхээр 14 жил болоод 6 жил гэдэг заалтыг зөрчинө. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ч 10 жил ажиллах нөхцөл байдал үүснэ. Тиймээс Үндсэн хуульд өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвшиж болохгүй гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байгаа юм.