Сонгууль 2020

Ц.Оюунгэрэл: С.Эрдэнийн тамга УБЕГ-аар баталгаажсан хүчинтэй тамга

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиас хойш  Ардчилсан нам дотор хоёр дарга, хоёр тамганы маргаан дэгдэж өнөөдрийг хүртэл халуун сэдэв байсаар байна. АН дотор үүсээд буй асуудлаар тус намын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл "Парламент" телевизийн "Ярих өнцөг" ярилцлагын нэвтрүүлэгт зочноор оролцон дэлгэрэнгүй ярьжээ.

Тэрээр “ 2017 онд АН дүрмэндээ өөрчлөлт оруулсан. Зургаадугаар сарын 25-наас эхлээд манай намын шинэ дүрэм, Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмийн ёсоор анх удаа сонгуулийн дүнгээр намын удирдлага тэр чигээрээ огцрох заалт хэрэгжиж эхлэх ёстой байсан. Өмнө тийм дүрэмтэй байгаагүй. 2017 онд батлагдсан дүрмийн дагуу анхны сонгуулийн ялагдал нь үүсч, улс төрийн хариуцлагыг баг командаар нь тооцдог заалт анх удаа улс төрийн намд тэр дүрмийн хэрэгжилт эхлэх гэж байсан юм. Энэ дүрмийн хэрэгжилттэй холбогдуулж би 6 сарын 25-нд мэдэгдэл хийж байсан. Өөрөөр хэлбэл шинэ дүрмээр дараагийн дарга 90 хоногийн дотор сонгогдсон байх ёстой бөгөөд уг заалтыг хэрэгжүүлэхэд би намын удирдлагад нэрээ дэвшүүлсэн. Тэрнээс хойш хоёр ч 90 хоног өнгөрлөө. Энэ дүрэмд зааснаараа хэрэгжиж чадаагүйн шалтгаан нь С.Эрдэнэ багаараа огцоръё гэдгээ мэдэгдээд намын Их хурлыг зарласан, Дотоод сонгуулийн хороогоо зарласан. Тэр сонгуульд намын даргад өрсөлдөх 11 хүн бүртгүүлсэн, тэдний нэг нь би. Бид 90 хоногт багтаж дараагийн намын даргын сунгаа явагдана гэж ойлгож байтал С.Эрдэнэ намын даргынхаа тамгыг үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд шилжүүлж, намын ажилдаа оролцохгүй гээд мэдэгдэл хийгээд явсан. Гэтэл Ц.Туваан зарласан сонгуулийг явуулах ёстой байтал тамгаа авангуутаа сонгуулиа цуцлаж, Их хурлыг хойшуулаад бүгдийг зогсоогоод эхэлсэн. Үргэлжлүүлж хурал зарлахдаа намын дарга сонгох гэдэг анхны зорилгоосоо ухарч, намын дүрэм өөрчлөх гэдэг зүйл рүү явсан байсан. Намын дүрэм өөрчлөх ажлын хэсгээрээ намын дүрэм батлуулаад, намын дүрэм өөрчлөх асуудлаа хэлэлцүүлж дуусган Улсын Дээд шүүхэд өгөхдөө намын Их хурлаар хэлэлцээгүй заалтыг нэмж оруулсан байсан. Тодруулбал одоогийн Ерөнхийлөгчид илт үйлчилсэн заалтыг нэмж оруулаад бүртгүүлэх оролдого хийж эхэлсэн гэсэн үг. Гэтэл сонгуулийн дараа тамгаа шилжүүлээд явсан С.Эрдэнэ дарга гэнэт буцаж гарч ирээд би ийм асуудал хийлгүүлэх гэж тамгаа өгөөгүй. Шинэ даргад хүлээлгэж өг гэж тамгаа өгсөн, тамгыг буруугаар ашиглаж байна гээд зарга мэдүүлсэн. Ц.Тувааныг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж УБЕГ дүгнэж С.Эрдэнийн зарга ялсан. Ер нь аливаа улстөрийн нам УБЕГ-аас хүлээн зөвшөөрөгдсөн тамгыг л ашиглах ёстой. Энэ тамга нь С.Эрдэнэд байгаад байна. Яагаад С.Эрдэнэ зарга хийв гэдгийг тодруулбал С.Эрдэнэ гэдэг хүний нэр Улсын Дээд шүүх дээр АН-ын дүрэмтэй хамт бүртгэгдсэн албан ёсны хэвээр байгаа. Гэтэл Улсын Дээд шүүх дээр АН-ыг төлөөлөх этгээд нь Ц.Туваан юмаа гээд бас нэг бүртгэл явсан байдаг. Тэр бүртгэлийг Их хурал хийгээгүй байхад бүртгэл хийсэн байна гэдэг зарга бас үүсч, Ц.Туваан АН-ыг төлөөлөх хүн биш юм байна гэж үзээд нэрийг нь хасуулсан байдаг юм. Тодруулбал хоёр газар зарга явсан байдаг. Дунд нь намын гишүүд бид хэн нь дарга юм бэ, аль тамга нь хүчинтэй юм бэ, аль ҮБХ нь хүчинтэй юм бэ гэж бужигнаж, эцэстээ хуулинд л хашигдаж байна. Дээд шүүх дээр бүртгэлтэй дүрэм манай намын дүрэм, УБЕГ зөвшөөрсөн нь манай тамга албан ёсных тэр нь С.Эрдэнэд байгаад байгаа юм.  Хамгийн гол нь АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан гишүүдээр хэлэлцүүлээгүй заалт буюу ”МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧИД ДАХИН НЭР ДЭВШВЭЛ ӨРСӨЛДӨГЧГҮЙГЭЭР НЭР ДЭВШҮҮЛНЭ” гэх одоогийн Ерөнхийлөгчид үйлчилсэн заалт оруулж, гишүүдээс санал аваагүйгээс болж зарга үүссэн гэж ойлгож байна” хэмээжээ.

Эндээс харахад АН дотор үүссэн хоёр тамга, хоёр даргын маргааны асуудал хуулиараа бол заргалдаад байх асуудал биш. Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхэд албан ёсоор бүртгэлтэй тамга, мөрдөгдөж буй дүрмээр С.Эрдэнэ намын дарга, түүнд буй тамга албан ёсных аж.