Бусад

Вакцин тариулснаар та өөрийгөө хамгаална

Манай улс “COVID-19”-ийн эсрэг вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэл ажлыг 02 сарын 16-ны өдрөөс эхлүүлээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална хэмээн мэдэгдсэн билээ.

Коронавирусын вакциныг эхний ээлжинд Төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын төрийн албан хаагчид, 50-аас дээш насныхныг хамруулна. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм. Ингэснээр Монгол Улс хүн амынхаа 20 хувь буюу 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг Ковакс хөтөлбөрийн хүрээнд авах боломжтой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн оны 12 дугаар сард Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн вакциныг хэрэглэх ёстой. Иймээс Засгийн газар дээрх компаниуд болон ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг татан авч иргэддээ сонголт хийх боломж олгохоор төлөвлөжээ.

КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ЯАГААД ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Вакцин таныг Ковид-19 коронавирусийн халдвар өртөхөөс хамгаална.
  • Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаална.
  • Вакцин хийлгэснээр ойр дотны хүмүүст болон бусдад халдвар тараахаас сэргийлэх болно

КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИНЫГ ЯАГААД 2 УДААГИЙН ТУНГААР ХИЙЛГЭХ ЁСТОЙ ВЭ?

Эхний тунгийн дараа хүний дархлааны тогтолцоо вирусыг таних чадвартай болдог. Энэ үед дархлаа хангалттай тогтоогүй байна.

Хоёр дахь тунгийн дараа дархлааны хариу урвал улам хүчирхэг болж, дархлаа сайн тогтоно.

Халдварт өвчнөөс сэргийлэх цор ганц өвөрмөц арга нь вакцин гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлсээр байна.

ВАКЦИН ДАНГААРАА КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ҮҮ?

Хэдийгээр вакцин хийлгэсэн ч гараа угаах, хүн хоорондын зай барих, амны хаалт хэрэглэхтэй хослуулснаар коронавирусын халдвараас сэргийлж, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж чадна.

ВАКЦИНЫ НАЙРЛАГАД ЮУ, ЮУ ОРДОГ ВЭ?

  • Нөөшлөгч бодис
  • Тогтворжуулагч
  • Гадаргуугийн идэвхт бодис
  • Вакцины үйлдвэрлэлийн явцад хэрэглэгдсэн бодисуудын маш бага мөр төдий үлдэгдэл хэсгүүд
  • Зарим вакцинд шингэлэгч ордог.