Бусад

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зүй бус мэдэгдэл ганцхан сарын дотор 3 хүний аминд хүрэв үү

Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Сүхбаатарын талбайд нойтон өлсгөлөн, жагсаал цуглаан зохион байгууулсан. Энэ үеэрээ сэтгүүлчид цуглуулан “Цаашид хуурай өлсөх, эсвэл өөрийгөө шатаах эсэхийг эхнэрээсээ асууна” хэмээн мэдэгдэж байлаа.

Энэ үйл явдлаас хойш өнөөдрийн байдлаар гурвын гурван хүн өөрсдийгөө шатааж, халуун амиа золиослосон хэрэг гарч байна. Тодруулбал УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дээрх мэдэгдэл хийснээс 10 гаруйхан хоногийн дараа Сүхбаатарын талбайн баруун хэсэгт дөнгөж 34-хөн настай  Э гэгч залуу цэвэр усны саванд хийсэн шатахуун өөр дээрээ асган өөрийгөө шатааж амиа алдсан.  Сүхбаатарын талбай дээр хүн өөрийгөө шатаасан хэргийн дуулиан намжаагүй байхад Ховд аймгийн Дуут сумын Босго багийн “Хөндлөнгийн-Ам” гэх газар 17-хон настай хүү мөн л өөр дээрээ шатахуун асган шатаж нас барсан юм. Харин өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт амьдардаг 53 настай эрэгтэй мөн л өөрийгөө шатаан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Ард олны  дунд “Хиншүү” хочтой УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийгөө шатаана хэмээн мэдэгдснээс хойш гурвын гурван хүн өөрийгөө шатаан амиа алдаад байна. Цар тахал дэгдэн, эдийн засаг хүндэрч, нийгмийн санаа бодол тогтворгүй байгаа энэ цаг үед улс төрчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлж ярьж байгаа зүйлдээ анхаарахыг хуульчид болон сэтгэл зүйчид сануулж байна.