Засгийн газар

04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр боллоо.
Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ 04 дүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Энэ нь цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой юм.
Дээрх хугацаанд:
· Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй
· Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх
· Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах
· Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/
· Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/
· Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах
· Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох
· Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
Тодорхой зохицуулалт хийх зорилгоор:
· Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх
· 60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах
· Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхижүүлэх
· Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах
· Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах
· Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах
Тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд:
· Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх
· Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг/ хүргэх
· Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих
· Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах
· Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах
· 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах
· 04 дүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг /эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид/ дархлаажуулах
· 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна.
Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилтнуудад урамшуулал олгоно
Эмч, сувилагч, ажилтан тус бүрт нэг сая, резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн дэмжлэг, урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хоёр тэрбум 780 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. Халдварын голомтод 2,230 эмч, ажилтан, 1,100 резидент эмч ажиллаж байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш эрүүл мэндийн салбарынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа боловч халдварын тоо өсч, эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл нэмэгдсээр байна. Ажлын ачаалал, эрсдэлтэй нөхцөл зэргээс болж эрүүл мэнд, гэр бүлийнхнийх нь болон хувь хүний сэтгэл зүй хямрах, халшрах, ажиллах урам зориггүй болох бэрхшээл ч гарч байна.
Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2,500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн зээл аваад байна
Ажлын байрыг дэмжих зээл: 03 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг.
Урт хугацаат репо санхүүжилттэй зээл: 1,078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг.
Ипотекийн зээл: 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.
Товч мэдээ
- 2021 оны 03 дугаар сарын 30-ны байдлаар 290,108 хүнийг дархлаажуулаад байна.
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-д тусгасан таван бодлого, 20 зорилт, 127 арга хэмжээний биелэлт 2020 оны эцсийн байдлаар 75.9 хувьтай байна.