Бусад

САЙН МЭДЭЭ: ЗГ "СПУТНИК-V" вакцин авах шаардлагатай бичиг баримтуудыг албажуулжээ

Монгол Улсын Засгийн газар Улсын онцгой комиссоос ОХУ-аас нэг сая тун "Спутник-V" вакцин авах шаардлагатай бичиг баримтуудыг албажуулжээ

ОХУ-аас "Спутник-V" вакцины нэг сая тунг манай улс худалдан авахаар болсон талаар өмнө нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлж байсан бол өчигдөр албан ёсоор ОХУ-тай гэрээ байгуулсан байна.

Тэрбээр, "Хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун "Спутник-V" вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. " хэмээж байв.

Түүний хэлснээр Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб   Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдсэн  байдаг.

Ямартай ч хоёр орны Засгийн газар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас 1 сая тун вакциныг ирэх долоо хоногоос нийлүүлэх юм байна.