Ерөнхийлөгч

В.Путин Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахаас татгалзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын   ОХУ-д айлчлах хүсэлт бүтэлгүйтжээ. Тодруулбал, тэрбээр хойд хөршид айлчлах хүсэлтээ өөрийн болон ОХУ-ын Гадаад хэргийн яаманд удаа дараа илэрхийлсэн ч ОХУ-ын талаас татгалзсан  байна. Энэ талаар тус улсын kont.ws сайтад дэлгэрэнгүй мэдээлжээ.   Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д албан ёсны айлчлал хийх хүсэлтээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Гадаад хэргийн яаманд  илэрхийлж эхэлсэн. Манай талаас  ОХУ-д   дээрх хүсэлтийг удаа дараа илэрхийлсэн ч тоймтой хариулт өгөлгүй өдийг хүрсэн байдаг.   Хэдийгээр талууд албан шугамаар айлчлалтай холбоотой мэдээлэл солилцож  байгаа ч хариуг хүлээж тэсээгүй  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн зүгээс ОХУ-ын ЕТГ-ын дарга  А.В.Вайнод айлчлалын асуудлаар албан захидал хүргүүлсэн боловч  мөн л тодорхой хариу ирүүлээгүй байсан юм.

Тэгвэл ОХУ-ын тал Монгол Улсын Ерөнхийлөгчийг  албан ёсны айлчлалын шугамаар хүлээн авах шаардлагагүй гэж  үзэж байгаа ажээ. Учир нь  Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны арванхоёрдугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн байдаг. Тус айлчлалын үеэр хоёр тал гол асуудлуудаа  тохиролцсон учраас  ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах шаардлагагүй гэх байр суурийг  Гадаад хэргийн сайд Сергей Лавров  манай Гадаад хэргийн сайдтай утсаар ярихдаа илэрхийлсэн байна.   Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга дахин нэр дэвших хүсэлтэй байгаа  ч хуулийн талаас боломжгүй гэж үзэж буй. Учир нь 2019  онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж заасан. Энэ талаарх маргаан өдгөө Цэцэд үргэлжилж байгаа юм.  Нөгөөтэйгүүр 2017 онд Х.Баттулгын нэр дэвшин өрсөлдсөн АН-ын зүгээс түүнд дахин итгэл үзүүлэхгүйгээ илэрхийлсэн.

Тодруулбал, АН-ын дарга С.Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой ноцтой мэдэгдэл хийсэн юм. Ингэхдээ тэрбээр  “Ерөнхийлөгч Х.Баттулга  хууль шүүхийн байгууллагыг хувийн зорилгоор ашигладаг, өөрт нь болон охинд нь эрүүгийн хэрэг үүсгэн дарамталсан, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй гэх шалтгаанаар намаасаа дахин нэр дэвшүүлэх боломжгүй” гэж зарласан. Түүнчлэн  Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа   “Улс төрчдийг гадаад улсад данс, компанитай байхыг хорьж, гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирэн иргэдэд тараана”  гэх амлалтыг өгч, ард түмний итгэлийг хүлээсэн байдаг. Гэтэл өнгөрсөн оны сүүлчээр түүний зүүн өмнөд Ази дахь нууц компаниудын баримт, гаднынханд зарсан олон тооны ашигт малтмалын ордуудын наймаа илэрч,  шуугиан тариад байгаа билээ.

Энэ талаар ОХУ-ын kont.ws сайт мэдээлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доор линкээр орж үзнэ үү https://cont.ws/@konstant.pav/1955823