Бусад

АН-ын ҮБХ-ны гишүүд “цаасан” дарга О.Цогтгэрэлийг эсэргүүцэв

АН-аас гишүүдийн 57 хувийн саналаар АН-ын дарга болсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах их хурлыг товлох ҮБХ-ны хурлыг эсэргүүцэж, шүүхэд хандахаа мэдэгдлээ.

Тодруулбал өнөөдөр 15 цаг 30 минутад Ц. Тувааны АН-ын Үндэсний бодлогыг хорооны хурлыг зарлаж, гишүүдийн 57,6 хувийн саналаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг  батламжлах Их хурлыг товлох гэж байсан юм. Харамсалтай нь ҮБХ-ны гишүүд О.Цогтгэрэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэн ҮЭ-ийн Соёлын ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлэв.

Тэдний өгсөн мэдээллээр бол О.Цогтгэрэлийг АН-ын нийт гишүүдийн 57,6 хувиар сонгосон гэх нь АН-ын байтугай Монгол Улсын сонгуулийн түүхэнд байгаагүй хэрээс хэтэрсэн луйвар хуйвалдаан болсон гэнэ. Монголчууд анх удаа 1992 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөхдөө анхны бөгөөд сүүлчийн удаа 94 хувийн ирцтэй оролцож байжээ. Түүнээс хойшхи бүх сонгуульд сонгуулийн ирц 60 гаруй л хувьтай явагдсан статистик байдаг аж. Гэтэл О.Цогтгэрэлийг дарга болгох гэж  зарим аймаг, сумын АН-ын гишүүд  100 хувийн ирцтэй санал өгснийг худал хэмээн хэллээ. Мөн АН  орон нутгийн сонгуульд ялж, засаг барьж байгаа найман аймагт гишүүдийн өгсөн саналын 20 хувийг нь хүчингүй болгосныг АН-ын мянга мянган гишүүдийг бичиг үсэггүй, ганц хүний нэр дугуйлах чадваргүй мэт басамжилсан явдал гэв.  Тэд Дарханы 2745  саналын 549 нь хүчингүй, Хэнтий аймагт 2462 саналын 428 нь хүчингүй хуудас болгосон гэлээ.

Тэр бүү хэл АН ялсан найман аймагт Засаг дарга болон намын дарга нар нь  О.Цогтгэрэлийг намын дарга болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын хуйвалдаанд оройлон оролцож, гишүүдээ дарамталж, хайрцагласан нь ардчиллын гутамшиг боллоо хэмээн ҮБХ-ын гишүүд ярьж байна. Энэ нь АН-ын жирийн гишүүдийн сонгох эрхэнд халдсан АН-ын мөнгөнд дуртай хэсэг дарга нар ардчиллаасаа ухарсан увайгүй явдал хэмээн онцлов. Тиймээс АН-ын ҮБХ-ны гишүүд Улсын Дээд шүүх болон АН-ын холбогдох газарт гомдол шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн юм.