Сонгууль 2020

Ж.Эрхэмбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших, улиран сонгогдох эрхгүй болсон

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арваннгэдүгээр  сард нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч нь зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгогдоно гэсэн заалтыг тусгасан бөгөөд тус заалтыг 2020 оны тавдугаар сард мөрдөж эхэлсэн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаарх маргааныг дагуулсаар бүтэн жил тойрлоо.

Энэ хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудлаар Монголын олны танил хуульчид өөр өөрийн байр сууриа илэрхийлж, тайлбар өгсөөр байгаа. Тэгвэл энэ удаад хуульч Ж.Эрхэмбаатар одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудалд тайлбар өгчээ. Түүний тайлбарлаж буйгаар одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч буюу Х.Баттулга дахин нэр дэвшиж, улиран сонгогдох боломжгүй гэнэ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн сонгох, сонгогдох эрхтэй холбоотой асуудлаар “Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа сонгогдоно” гэсэн заалтыг оруулсан. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 31.7-д байсан “Ерөнхийлөгчийг нэг удаа улируулан сонгоно” гэсэн заалтыг хүчингүй болгочихсон. Тиймээс хэн ч байсан улиран сонгогдох  эрхгүй болсон. Ингэснээр одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгч дахин нэр дэвшиж, улиран сонгогдох боломжгүй болчихсон хэмээн тайлбарласан юм. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн анх өргөн барьсан төсөлд “Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн хүнийг зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг 2025 онд үйлчлэхээр тусгасан байсан. Энэ нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн дахин улиран сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй. Тиймээс 2025 онд хэрэгжүүлэх ёстой гэж тусгасан байсан юм.  Харин хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ажлын хэсгийн дарга байх үедээ энэ заалтад өөрчлөлт оруулж, хүчин төгөлдөр болох хугацааг наашлуулсан. Ингэснээр Үндсэн хуулийнхаа бусад заалттай хамтад нь 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн. Тэгэхээр Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуульд оролцсон оролцоогоороо тухайн үед тус заалтыг зөвшөөрч, өөрчлөлтийг хийсэн гэж харж байгаа” гэсэн юм.