Бусад

Прокурорын тогтоол цүнхэлж явдаг туслахаа шүүгч болгох гэж буй Ерөнхийлөгчөөс юу ч хүлээх хэрэггүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа ирэх долоодугаар сард дуусгавар болно. Түүний дөрвөн жилийн өмнөх амлалт ба үр дүнг олон нийт энэ цаг үед хүлээж буй. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгаас юу ч хүлээх хэрэггүй болжээ. Учир нь тэрбээр дөрвөн жилд хийсэн ажлаа  ард түмэнд тайлагнахаас илүү албан тушаалаа өгөхөөс өмнө өөрийн гэх хүмүүсийг төрийн алба төдийгүй  хууль, шүүхэд “үүрлүүлэх”  кампанит ажлыг эхлүүлжээ. Тухайлбал, тэрбээр өөрийн шадар  туслах Л.Түвшинжаргалыг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар болсон байна.  Энэ тухайд ШЕЗ-өөс  Л.Түвшинжаргалыг шүүгчээр томилуулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлчихээд байгаа аж.  Тус саналыг  ёсчилсноор Ерөнхийлөгч  Захиргааны хэргийн  шүүхэд “гар”, “хөл”-тэй болно гэсэн үг. Ийн хэлэхийн учир  Л.Түвшинжаргал нь Ерөнхийлөгч Х.Баттулгын  төлөөний хүн бөгөөд  олон жилийн турш   дагалдаж яваа нэгэн аж. Л.Түвшинжаргал нь 36 настай, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн гэдгээс өөрөөр “Женкогийн хүн” гэх тодотголтой нэгэн.

Тэгвэл түүнийг олон нийт хэрхэн мэдэх вэ

АН-ын  дарга С.Эрдэнэ өнгөрсөн сарын 25-нд Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой ноцтой мэдэгдлийг хийсэн. Ингэхдээ тэрбээр АН хоёр хуваагдаж,  хөл толгойгоо олохоо больсны цаана Х.Баттулга, З.Энхболд нар байгаа гэдгийг зарлаад Төрийн тэргүүн  хууль шүүхээр далайлган, хэрэг наймаалцах оролдлого хүртэл  хийдэг хэмээн мэдэгдсэн.

Тэрбээр “Хууль бус АН-ын Дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, “Баянгол” зочид буудалд бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачин архидуулж, хахууль өгч, зохион байгуулалттайгаар ажиллуулж буй хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар. Эдгээр этгээдүүд надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон. Үнэнийг хэлэхэд би эрүүдэн шүүлтийн бай болж байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьж, удаа дараа заналхийлж байна. Энэ мэт хэргээр Ерөнхийлөгч намайг удаа дараа дуудаж, намын даргын ажлаа өг, тамгаа өг гэж шантаажилж ирсэн” гэсэн юм.  Энэ үеэр тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулга ба Захиргааны хэргийн  шүүхийн шүүгч болох гэж буй Л.Түвшинжаргал нарын  харилцан хамаарлын талаар тодорхой дурдсан.

Тодруулбал, “Орой 19.30 цаг болж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар  туслах Түвшинжаргал гэдэг бүсгүй “Эрдэнээ дарга аа танд нэг бичиг өгөх гэсэн юм, "Наадам центр" дээр явж байна” гэж ярьсан. Би Батбаярыг явуулсан. 19.30 цагт Батбаяр очоод авсан. Авчраад задлаад үзсэн, Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй надад үүсгэсэн эрүүгийн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг надад ирүүлсэн. Яахаараа нийслэлийн прокурорын тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах надад өгдөг юм бэ, түүгээрээ надад юу ойлгуулах гээд байгаа юм. Хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо шүү , одоо чи аятайхан байгаарай гэж ойлгуулах гээд байгаа юм уу” хэмээн ярьсан нь архивт үлдсэн.

Эндээс үзвэл  Ерөнхийлөгчийн хувьд Л.Түвшинжаргал гэж хэн бэ гэдэг нь тодорхой харагдана. Харамсалтай нь   төрийн албанд, тэр дундаа шүүхэд шүүгчээр ажиллах нь танил тал, аль нэг албан  тушаалтны  “халаас”-ны хүн байх  гэсэн ганцхан шалгууртай болсон хэрэг үү гэх асуулт хариултгүй үлдэж байна. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч нь иймэрхүү байдлаар илтэд ашиг сонирхлын зөрчил  үүсгэж байгаа нь эрүүл тогтолцоо мөн үү.

Монгол Улсад  шударга ёсыг тогтооход,  шүүх эрүүл бөгөөд хараат бус ажиллахад хамгийн том манлайлал  үзүүлэх учиртай хүн нь угтаа Төрийн тэргүүн байх ёстой юм. Гэвч Ерөнхийлөгчид энэ нь тийм ч сонин биш бололтой. Төрийн албанд “хонгил” үүсгэж, төлөөний хүмүүсээ  тараан байршуулах Ерөнхийлөгчийн увайгүй үйлдлийн  жишээ үүгээр дуусахгүй. АНУ-д Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярыг эгүүлэн татах санал гаргасныг нь УИХ хүлээн аваагүй. Гэсэн ч тэрбээр Ё.Отгонбаярыг эгүүлэн татах санаагаа гүйцэлдүүлэхийн тулд  өдгөө зарлиг хүртэл гаргачихаад байгаа юм. Ерөнхийлөгч ийнхүү улайран зүтгэхийн цаана ямархан ашиг сонирхол нуугдаж байсан нь ойрын өдрүүдэд ил болсон. Тодруулбал, тэрбээр Ё.Отгонбаярыг эгүүлэн татсанаар оронд нь  өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Г.Уянгыг томилуулахаар “хор найруулж” эхэлсэн гэх. Эндээс үзвэл Ерөнхийлөгч аливаа шийдвэрийг улс орны тусын тулд бус амин хувийн эрх ашигтаа нийцүүлэн гаргадаг бололтой юм.