УИХ

Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг болохгүй бол энэ улс жонхуурч дууслаа

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн гишүүдийн олонх нь хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

Гишүүд асуулт асууж үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Туваан “Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хууль дээр маргаан үүсч байгаад гайхаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг сонгож болох, болохгүй гээд маргаад байж болох уу. Цэцийн хоёр гишүүний асуудлыг ярьж байхад нэгийг нь үлдээгээд нэгийг нь аваад үлдчихэж болдог юм уу. АН-ыг дэмжсэн шийдвэр гаргаж байгааг нь явуулчихдаг, нөгөөхийг нь үлдээж байгаа нь тэгш эрхэд нийцэх үү. Сонгуульд хоёр гарыг, хоёр хөлтэй нь хүлчхээд өрсөлдөх гээд байна” хэмээн ам алдаж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөөд байгаа гэдгийг нотлох ноцтой үг хэлж орхив.

Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч болохгүй гэв. Мөн тэрбээр “Ерөнхийлөгч миний хариуцаж байсан асуудалтай холбоотой 7 хориг тавьсан. Бүгд хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Хориг хуульд нийцэж байх ёстой. Байхгүй хуульд хүртэл хориг тавьсан. Нэгдсэн төсөв, улсын төсөв хоёроо холиод тавьсан байсан. Тэр бүгдийг УИХ хүлээн аваагүй. ҮХЦ-д нөлөөлдөг байдлаа болих хэрэгтэй. Яагаад Ерөнхийлөгч зам хааж, байгаад ҮХЦ дээр очиж хуралдаж байдаг юм. Монголд засаглал хэв горимдоо ормоор байна. Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг болохгүй бол жонхуурч дууслаа. Хэн нэг хүн таалагдахгүй бол хориг тавьж байдаг байж болохгүй. Энэ хоригийг хүлээж авч болохгүй. Энэ бол бөгс нь бөөрөндөө, цэр нь цээжиндээ байх эрх үүргийн хуваарилалтыг УИХ хийж байгаа юм. Хариуцсан хариуцсан ажлаа хиймээр байна” гэсэн юм.