УИХ

Эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхгүйгээр тэгш бус байдлыг өөрчлөх боломжгүй

ийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Фридрих - Эбертийн сантай хамтран нийслэлийн 3 дүүрэг, 10 аймгийн төлөөлөл 1110 эмэгтэйгээс цуглуулсан тоон ба чанарын мэдээлэлд анализ хийсэн байна. Судалгаагаар эмэгтэйчүүд өрхийн орлогын 43,4 хувийг бүрдүүлдэг ч гурван эмэгтэй тутмын 1 нь санхүүгийн хувьд бусдаас хамааралтай, бие даасан шийдвэр гаргаж чадахгүй байна гэжээ. Тэдний дийлэнх нь буюу 67,2 хувь нь огт хуримтлалгүй байгаа нь эмэгтэйчүүд санхүүгийн талаарх мэдлэг нимгэн, орлогоо хэрхэн хуваарилах эрх мэдэл бага байгааг харж болно.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хувь хүний хөгжил, хүний эрхийг хангахаас илүүтэйгээр дэд бүтэц, барилга, уул уурхайн салбаруудад төр илүү анхаарлаа хандуулсны илрэл нь өнөөдрийн жендэрийн нөхцөл байдал харуулж байна. Нийгэмд эмэгтэйчүүд ихэнх ачааллыг өөртөө үүрч, ажил хийж орлого олохоос гадна хүүхдүүдээ асрах, сурч боловсроход анхаарах зэрэг давхар ажлуудыг ч хийж байгааг онцлох хэрэгтэй. Судалгаагаар эмэгтэйчүүд өдөрт дунджаар 33 минутыг өөртөө зарцуулж байна. Санхүүгийн хувьд хараат, өөртөө цаг зарцуулах зав бага гээд эмэгтэйчүүдийн эрхийн талаарх тэгш бус байдалд өөрчлөлт хийх цаг ирснийг энэ судалгаа харуулна.

Эмэгтэйчүүдийг ажилтай орлоготой болгохын тулд нэн тэргүүнд ясли, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, өдөр өнжүүлэхийн хүрэлцээг хангалттай болгох шаардлага байна. Ингэснээр цалин, орлого өрх гэр бүлд нэмэгдэж, төдий чинээгээр эмэгтэйчүүдийн санхүүгийн мэдлэг, эрх чөлөө нэмэгдэх боломжтой.


Социал демократ үзэл баримтлалын хүрээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хангаж, тэгш бус байдлыг багасгах нь эрх баригч намын гол зорилго болоод байгаа. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс 3 ээлжийн сургуулийг 70 хувиар бууруулах болон бусад чиглэлийн ажилд 100 тэрбум төгрөгийг төсөвт оруулж чаджээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажилласнаар хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудалд илүү нарийн хандаж, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэрүүдийг гаргаж чаддаг болохыг харуулж байна.

Өнөөдөр манай улсад 4 эмэгтэй тутмын 3 нь шөнө гадуур явахаас айдаг, 5 эмэгтэй тутмын 1 нь гэмт хэргийн халдлагад өртдөг, 5 эмэгтэй тутмын 1 нь гэр бүлийн хүчирхийлэлд автаж байсан гээд харамсалтай судалгаа ч гарчээ. Эмэгтэйчүүдийг биологийн талаас нь дээрэлхэх, ялгаварлан гадуурхах энэ мэт асуудлыг шийдэхгүйгээр нийгмийн тэгш бус байдлыг өөрчлөх боломжгүй. Жендэрийн уламжлалт, хэвшмэл ойлголтоос салж, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох ялгааг багасгах нь чухал байна. Үүнд эмэгтэй хүн бүрийн оролцоо чухал. Төр ч анхаарлаа хандуулж, эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах, аюулгүй, амар тайван амьдрах баталгааг бий болгох шаардлага үүсжээ.

Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХ-ноос уг судалгаагаар дамжуулан, шийдлүүдийг боловсруулсан байна. Гэр бүлийн гишүүнээ асарч буй эмэгтэйчүүдийг “ажилгүй” гэдэг ангилалд оруулдгийг өөрчилж, хөдөлмөрийг нь үнэлдэг нийгмийн уур амьсгалыг бий болгох хэрэгтэй гэж үзжээ. Нийгмийн даатгалд “асрамжийн даатгал” гэдэг шинэ төрлийг нэвтрүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, орлоготой байх боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн зөрүүг арилгахаас эхлээд эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт орохын ашиг тусыг тайлбарлан таниулах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улс төрийн оролцоог ч сайжруулах талаар дурджээ. Үүнээс харахад улс төрийн нам өөрийн бодлого, үнэт зүйлсдээ жендэрийн мэдрэмжтэй хандаж, эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаар заавал дурдах нь зүйн хэрэг байна.

Ингэснээр төрийн шийдвэрт нөлөөлж, эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд томоохон түлхэц болох юм. Социал демократ үзэл баримтлал бүхий Монгол Ардын Нам дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоогоороо дамжуулж, энэ асуудлыг тэргүүнд тавьж буй нь нийгмийн тэгш бус байдлыг арилгахад тодорхой үүрэг гүйцэтгэж байна. Эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэх, тэдний санаа бодлыг тусгах, юу хэрэгтэй байгааг судалж байгаа нь дараачийн алхмын эхлэл гэж харж болно.