Сонгууль 2020

Г.Занданшатар: Төрийн албан хаагч хүнд үйлчилдэг байж шинэтгэлийн зорилго биелнэ

УИХ-ын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сан” төрийн бус байгууллага хамтран “Тэгш боломж-хамтын үр дүн” уриан дор төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг энэ сарын 07-ны өдөр зохион байгуулсан байна.

Уг чуулган Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэй, НҮБ-ын  Хөгжлийн хөтөлбөр, манай улсын Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд болжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгэндээ монгол төрийн их үйлсэд зүтгэж буй олон мянган эмэгтэйчүүдийн төлөөлөл анх удаа хуран чуулсан чухал үйл явдал болсныг онцолжээ. Мөн тэрээр УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо төрийн албаны шинэтгэлийг гардан хэрэгжүүлж буй байгууллага Төрийн албаны зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг жил бүр хэлэлцэн дүгнэдгийг тодотгоод өөрчлөлт шинэчлэлийн эерэг үр нөлөө төрийн албаны төлөвшил хөгжилд уусан шингэх нь улс орны хөгжлийн нэгэн гол эх ундарга.

Гэхдээ хүнийг нь өөрчилж, халж сэлгэнэ гэсэн үг биш. Гагцхүү үзэл санаа, хандлага, сэтгэлгээ, мэдлэг, ур чадварыг нь өөрчлөн шинэчилнэ гэсэн үг. Төрд ажиллаж байгаа албан хаагч аль нэг улс төрийн хүчин, хэн нэгэн даргын төлөө биш Монгол төрийн төлөө зүтгэдэг, Монгол хүн бүрд үйлчилдэг байж энэ шинэтгэлийн нэгэн том зорилго биелнэ гэсэн байна.

УИХ-аас 2011 онд баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд төрийн албан дахь эмэгтэйчүүд, түүний дотор удирдах албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн тоо жил тутам нэмэгдэж ирсэн статистик үзүүлэлт байгаа аж.

Манай улсын төрийн албанд ажиллаж байгаа нийт албан хаагчдын 62.59 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь олон улсын дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээр 2021 онд Монгол Улс өмнөх оноос 10 байр ахиж 69 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, цаашид УИХ-аас жендэрийн эрх тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүчирхийлэл, дарамтаас ангид, эдийн засгийн эрх чөлөөг нь хангах зэрэг зорилго, бодлогоос хэзээ ч ухрахгүй. Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах, дэлхий нийтэд өргөнөөр хэрэглэж байгаа цогц чадамжийг нэвтрүүлж, зөв хүнийг зөв ажилд томилж, зөв үр дүнд хүрэх, төрийн үйл ажиллагааг олон нийтийн оролцоо, хяналттайгаар үнэлэхэд өөрчлөлт гарах болно гэжээ. Чуулганд Улсын Их Хурал, Засгийн газрын яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын хүндэт зочдоос бүрдсэн 400 орчим төрийн захиргааны албан хаагч оролцсон байна.