УИХ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

УИХ-ын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн танилцуулгыг инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын 2021 долдугаар сарын 6-ны өдрийн 54 тоот захирамжаар байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарын гишүүд ажиллалаа.

Уг хуулиар хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 8 бүлэг, 38 зүйлтэй.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан.

Газар ашигласны төлбөр төлөлтийн мэдээллийг нээлттэй байлгана

Үүнд:

  •  Нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах, зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээллийг ойлгохоор тусгасан.
  • Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд таван ангиллын 68 төрлийн байнга нээлттэй, хаалттай, хязгаартайгаас бусад мэдээллийг нээлттэй байхаар тусгасан бөгөөд нээлттэй байхаар заасан мэдээллийг цаашид албаны нууцад хамааруулж болохгүй гэж хоёрдмол утгагүй хуульчилж мэдээллийн ил тод байх баталгааг хангаж өгсөн болно. Байнга нээлттэй байх мэдээлэлд тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл, оюуны өмчийн эрх, хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаарх мэдээлэл, газрын мэдээлэл, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нэгдсэн төсөв, үндэсний баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн, хуулийн этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт, түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх мэдээлэл, түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ зэрэг мэдээллийг ил тод болгохоор хуульчилжээ. Мөн газар ашигласны төлбөр төлөлтийн мэдээлэл, улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандивын мэдээлэл, хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч, өмчлөгчийн талаарх мэдээлэл болон мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн эцэг, эхийн нэр, суралцаж байгаа улс, сургуулийн нэр, мэргэжил, суралцах хугацаа, санхүүжүүлсэн сургалтын зардал, гэрээний хэрэгжилт зэрэг мэдээллийг ил тод, нээлттэй байлгах тухай заасан.
  • Эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүхий л ангиллын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох боломжийг нээж, ашиглах нөхцөл, журам, нээлттэй өгөгдлийг төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан.
  • Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам зэрэг байгууллагууд байхаар тусгасан.
  • Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хооронд болон иргэн, хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр харилцахад ашиглагдах нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн “Хур” систем, дэмжих системүүд, мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар эрх зүйн үндсийг тогтоож, мөн нийтийн мэдээллийн санг үүсгэх, ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан.
  • Дэмжих системийн нэг төрлөөр мэдэгдэл хүргэх системийг бий болгож, иргэн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээлэлд нь бусад этгээд хандсан бол, түүнчлэн төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан бол сануулж, мөн татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөр, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, ард нийтийн санал асуулга, сонгуулийн өдрийн тов зэргийн талаар иргэн, хуулийн этгээдэд тус системээр дамжуулан мэдэгдэл хүргэж байхаар тусгалаа.
  • Мөн дэмжих системийн нэг төрлөөр иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ хүргэх нэгдсэн цонх төрийн үйлчилгээний нэгдсэн систем “е-mongolia” байхаар тогтоож, түүнээс олгогдох цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг баталгаажууллаа.
  • Төр өөрт байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахин шаардахгүй, төрөөс үйлчилгээ үзүүлэхдээ нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг тус системээс авах, төрийн байгууллага, албан тушаалтан албан харилцаанд албаны цахим шуудан, нийтийн мэдээллийн систем ашиглах, хүн, хуулийн этгээдэд иргэний болон улсын бүртгэлийн дахин давтагдашгүй дугаараар хаяглан цахим шууданг үүсгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан.
зураг

parliament.mn

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шуурхай, хариуцлагатай, ёс зүйтэй болгох, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай бүрдэж, төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. Түүнчлэн төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирснаар хүнд суртал, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

Хүн, хуулийн этгээдийн хувьд төрд байгаа өөрийн мэдээллээ дахин өгөхгүй, мөн төрийн мэдээлэл, үйлчилгээг төрийн байгууллагад биечлэн хандаж авахаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр авах боломж бүрдэнэ. Иргэд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө нь хангагдахаас гадна төрийн мэдээлэл, үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг байсан зардал болон цаг хугацаа нь хэмнэгдэнэ.

Төрийн байгууллагуудын хувьд төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж үйл ажиллагааны шинэчлэл, инновац, мэдээллийн систем, тооцоолон бодох техник хэрэгслийн нөөцийн удирдлага, төлөвлөлт сайжирна. Төрийн мэдээллийн сан, системийн төлөвлөлт, үнэ цэнэ, чадавх өсч, хариуцлага, ил тод байдал дээшилнэ.

 

 

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар