Сонгууль 2020

ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгийг цагдан хорино

АТГ энэ сарын 20-ны өдөр ХХБ-ны эзэн Д.Эрдэнбилэгийг цагдан хорих саналаа Нийслэлийн прокурорын газар хүргүүлжээ. Прокурорын байгууллага АТГ-ын саналыг дэмжин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх рүү шилжүүлсэн бөгөөд түүнийг цагдан хорих эсэхийг хэлэлцэх юм байна.

Д.Эрдэнэбилэг нь Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөлт хийгээгүй хамгийн том зээлдэгч гэдэг нь тодорхой болсон. Хөгжлийн банкны мөнгийг өөрийн хувийн банкны мөнгө шиг эргэлдүүлсэн ч, зээлээ эргэн төлөөгүй яваа түүний ажлын байранд өчигдөр АТГ нэгжлэг хийсэн байгаа.

Үйл явцтай зэрэгцэн Д.Эрдэнэбилэгийн ярилцлага ТВ-ээр цацагдсан нь олны анхаарлыг чамгүй татав. Олны өмнө өөрийн биеэр огт гарч ирж байгаа Д.Эрдэнэбилэг ТВ-ийн цэнхэр дэлгэцээр заларч, зэрэгцээд Монголын Ипотекийн корпорацийн захирал ярилцлага өгсөн нь Монголын нийгэм-эдийн засгийг сүүлийн жилүүдэд санаснаараа залж байсан томоохон мафийн сүлжээ нуран унаж байгааг харуулж байх шиг байна.

Д.Эрдэнэбилэг “Улаанбал” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Би аваагүй шүү дээ. Тухайн аж ахуйн нэгж л авсан. Заавал хугацаандаа төлдөг бизнес ховор. Бодит байдалтай эвлэрэх ёстой” хэмээн аашилж, өөрийнхөө жинхэнэ нүүр царайг ард түмэнд бодитоор нь харуулж орхилоо.

Үүнтэй зэрэгцэн Монголын Ипотекийн корпораци нь мөн мэдэгдэл хийж ямар ч буруугүй, бизнес санхүүгийн чин үнэн зарчмаар ажилласан гэж гүрийв. Монголбанкнаас олгодог ипотекийн зээлийн 1 хувийн хүүн дээр 6-7 хувийн хүү нэмж, ядарсан иргэдээ шулдаг “сахал” Д.Эрдэнэбилэгийн санхүүгийн луйвар, пирамидыг нураахгүй бол нийгэм-эдийн засагт мөддөө сэргэлт гарахгүй нь гэдэгтэй олон нийт аль хэдийнэ санал нийлдэг болжээ.