Бусад

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэргийн хохирлыг хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан тогтоох, өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулах, Мөнгө угаах болон татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн онцлог, олон улсын байгууллагаас Монгол Улсад өгсөн зөвлөмжийг харгалзан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байхаар хуулийн төсөлд тусгав.

Түүнчлэн халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор  хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа.

Хууийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн холбогдох бүлэг, зүйлд заасан гэмт хэргийн гаралт буурах, аввлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна гэж үзэж байна.