Дэлхийд

БНЭУ-д хэт халсны улмаас гол нэрийн бүтээгдэхүүн үр тариаг экспортлохыг хоригложээ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас гол нэрийн бүтээгдэхүүн үр тариаг экспортлохыг хориглосны дараа улаан буудайн үнэ олон улсын зах зээл дээр огцом өссөн байна. АНУ-ын Чикаго хотод улаан буудайн жишиг индекс 5.9%-иар өссөн нь сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс дахь хэт халалтын улмаас улаан буудайн үр тарианы дотоодын үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн учир тус улсын Засгийн газраас экспортын хориг тавьсан юм. Сүүлийн саруудад дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх улаан буудайн үнэ огцом өсөхийн хэрээр талх, бялуу, гоймон зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас "Хүнсний аюулгүй байдлын хэрэгцээгээ хангахын тулд" бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлт гаргасан улс орнуудын экпортыг зөвшөөрч байгаа тухай мэдэгдсэн.

“Их долоо”-гийн бүлэг буюу (Их долоо) аж үйлдвэржсэн орнуудын Гадаад хэргийн сайд нар 2022 оны 5 дугаар сарын 12-ны пүрэв гарагт ХБНГУ-ын хойд хэсэгт орших Балтийн тэнгисийн Вейсенхаус амралтын хотхонд цугларч, ОХУ-ын түрэмгийлэл одоо ч үргэлжилж буй Украин Улсын хямралаас гадна хоол хүнс, эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн. Гэвч Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийг шүүмжилсэн байна.

ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жем Оздемир "Хэрэв хүн бүр экспортын хязгаарлалт тавьж, зах зээлээ хааж эхэлбэл хямралыг улам дордуулна" гэж мэдэгджээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс нь дэлхийн хоёр дахь том улаан буудай үйлдвэрлэгч хэдий ч ургацынхаа ихэнх хэсгийг дотоодын зах зээлд борлуулдаг тул урьд өмнө нь томоохон экспортлогч байгаагүй. Гэвч Украин Улсын улаан буудайн экспорт ОХУ-ын түрэмгийллийн дараа уналтад орсон. Мөн ган гачиг, үерийн улмаас бусад томоохон үйлдвэрлэгчдийн ургацад хүндрэл учир байгаа тул түүхий эдийн худалдаачид тус хүнсний  хомсдолын нэг хэсгийг БНЭУ-аас импортлон авах хүлээлттэй байна.