Бусад

“Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг өөрчлөх бус хэрэгжүүлэх нь чухал

Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн, Хууль зүй дотоод хэргийн яам, Жендэрийн үндэсний хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран Эрх зүйн шинэчлэл ба хүний эрх: “Жендэрийн тэгш байдал” цуврал хэлэлцүүлэг зохион байгууллаа.

2021 оны 12-р сард Монгол Ардын Нам хуульч, судлаачидтай хамтран Монгол улсад хүний эрхийн нөхцөл байдал ямар байгаа талаар судалгаа хийж танилцуулсан. Энэ хүрээндээ Монгол Улсын хууль тогтоомжууд дахь хүний эрхийн зөрчилтэй 800 заалтыг шинэчилж, хүний эрхийн хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах зорилготой ажиллаж байна.

Хүний нийгмийн хөгжлийн орчин цагийн хэрэгцээ нь хувь хүний эрхийг хүндэтгэх, ялангуяа хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлах, түүний дотор хүйсээр ялгаварлан гадуурхах явдлыг арилгах буюу эрэгтэй, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш эрх, тэгш байдлыг тогтоохыг шаардаж байна. Монгол улс анх 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийг баталсан. Аливаа хуулийг өөрчлөхөөс илүүтэйгээр хэрэгжүүлэх нь нэн тэргүүний ажил.

Монгол улсад жендэрийн тэгш байдлын асуудал харьцангуй өндөр үзүүлэлттэй байдаг ч ажиллах хүчний оролцоо, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, дундаж насжилт, чанартай эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, их дээд сургууль төгсөгчдийн тооны асуудал амь бөхтэй оршсоор байна. Тиймээс судлаачдын зүгээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуулийг шинэчлэн найруулах бус хэрэгжүүлэх нь нэн тэргүүний ажил гэдгийг онцолж байна.

2019 онд хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаагаар малчин эмэгтэйчүүдийн дунд хүчирхийлэлд өртөх 24.3 хувьтай гарсан байна. Үүнээс 70 хувь нь нөхөртөө зодуулдаг, 33.9 хувь нь байнга хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ.

Хамгийн их анхаарлын төвд байгаа асуудал бол малчин иргэдийн эрхийн асуудал. Малчин иргэдийн эрхийг ярихдаа илүү жендэртэй холбож цаашид төрийн бодлогын хэмжээнд авч явах шаардлагатай гэсэн дүгнэлтэд судлаачид хүрч байна. Судалгаагаар 15-24 насны залуу малчдын 69.8 хувь нь эрэгтэй хүн байна. Энэ нь ирээдүйд жендэрийн харилцаа малчдын дунд алдагдах нөхцөл байдал үүссэнийг харуулж байгаа юм. Тиймээс унаган өв соёлоо хадгалж малчдын хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх тусгайлсан бодлого баримтлах шаардлагатай болж байна.