Сонгууль 2020

А.Отгонбаатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийхийг шаардав

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр болж (2022.08.15) УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх нарын гаргасан гомдлыг хэлэлцээд 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгож, 02 дугаар тогтоол гаргаад байгаа.

Өнөөдөр “Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардлаа.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн шийд. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэн нэгэн эсэргүүцэж, жагсаж тэмцэхэд шийдвэрээ эргэн хардаг тийм дүрэм журам ҮХЦ-д байхгүй. Одоо ҮХЦ-ийн шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчсөн байна аа гэдэг асуудал тавиад Үндсэн хуулиндаа эргэж гар дүрээд, Засгийн газрын гишүүний дөрвөөс илүү нь “Давхар дээл”-тэй байж болохгүй гэсэн заалтаа өөрчлөх юм руугаа орох гэж байх шиг байна. Эд нар тэр заалтаа өөрчлөө л гараад явчих гээд байна гэж би хардаад байна.

Нэгэнт Үндсэн хуулиа өөрчилж байгаа бол нэмэлт, өөрчлөлт хийгээд яриад байгаа тогтолцооны өөрчлөлтөө хий гэдэг ийм шаардлагыг бид тавьж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх асуудлыг эхлүүлэлцсэн УИХ-ын гишүүн Т.Доржханд нараас мөн шаардаж байна. Илүү хүчтэй тэмцэе. Би талбай дээр тэмцэл хийнэ. Ард түмэнд уриалаад энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийтэл суулт хийнэ гэж тэр мэдэгдэв.