Монгол Ардын Нам бүх шатны байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэг¬жүүлэх, нэгдмэл орчныг бүр¬дүүлэх, уриалах зорилготой “Оролцъё, төлөөлье” жендэрийн эрх тэгш байдал ажилтны хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчдын саналд тулгуурлан эрх баригч нам Жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын баримт бичгийг шат шатанд хэлэлцүүлж батлахаар болсон байна. Ингэснээр Жендэрийн тэгш байдлыг хангах бодлогын баримт бичигтэй анхны нам болох аж.
Хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхантай уулзаж хүний эрх, хүйсийн тэгш байдлын талаарх байр суурийг хуваалцсанаа хүргэж байна.
О.Мөнхсайхан: Монгол Улс 1992 оны Үндсэн хуульдаа хүн бүрт эрх чөлөөтэй, тэгш эрхтэй байна гэдгийг зөвшөөрч, хүний эрхийн баталгааг цогцоор нь тусгаж өгсөн. Гэхдээ Үндсэн хуульд эрэгтэй, эмэгтэй хүн, ер нь хүн тэгш эрхтэй байх заалт туссан байгаа ч бодит байдал дээр тийм биш.
Тухайлбал, өнөөдрийн сэдэв дээр эмэгтэй, эрэгтэй аль аль нь сонгуульд нэр дэвшиж, сонгогдох эрхтэй, төрийн албан тушаалын шалгуурыг ханган томилогдох эрх нь Үндсэн хуульд нээлттэй байгаа.
Бодит байдал дээр үүнийг хэрэгжүүлэх боломж нь маш их ялгаатай. Яагаад гэвэл уламжлалт нийгмийн бий болгосон дүр бол эрэгтэй хүн гэдэг бол манлайлагч байх ёстой, төрийн хар хүн байх ёстой, гол гол эрх мэдлүүдийг хэрэгжүүлэх ёстой, гэрийн эзэн байх ёстой ч гэдэг юм уу ийм дүрүүдийг эрчүүдэд өгдөг. Энэ нь эргээд эрэгтэй хүмүүст бас асуудал үүсгэдэг.
Яагаад гэвэл эрэгтэй хүмүүс энэ хүчтэй хүлээлтээс болж сэтгэл зүйн асуудлыг үүсгэж байна. Амиа хорлож байгаа хүмүүсийн олонх нь эрэгтэй, тэд эмэгтэйчүүдээс дундажаар 10 орчим жилээр бага наслах гэх мэт асуудал үүсэж байгаа нь жендертэй холбоотой байдаг. Нөгөө талаас эмэгтэй хүмүүст үүрэг тулгадаг вэ гэхээр ерөөсөө хүүхэд төрүүлж, хүүхдээ асарч, халамжилна, гэрийн ажил хийнэ гэдэг байдлаар ханддаг.
Эсвэл эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино гэсэн янз бүрийн яриа үүсэж, эмэгтэйчүүд өндөр албан тушаал хаших ёсгүй гэсэн ойлголт нийгэмд тогтож ирсэн. Энэ нь эмэгтэйчүүдэд маш их бэрхшээлүүдийг бий болгож байдаг.
Үнэхээр улс төрийн оролцооны талаасаа хуулийн хувьд тэгш байгаа ч бодит оролцооны хувьд тэгш биш байгаа.
Үүнийг бодит байдал дээр хэрхэн тэгш болгох вэ гэсэн олон янзын арга зам байдаг. Нэг нь түр тусгай арга хэмжээ гэж хэлдэг. УИХ парламентын хувьд ард түмнийг төлөөлж байгаа учраас парламент руу ард түмний 50 хувийг аль болох оруулж ирж, тэгш бус байдлыг арилгах бодлого барих алхамыг улс орнууд хийж өгч байж тэнцвэр бий болно.
Улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ 50 хувийг биш гэхэд 40 хувийг аль нэг хүйсийнхэндээ өгч байж хүйсийн тэгш байдлыг арилгах алхам хийх хэрэгтэй.
Манай улсын хувьд сүүлийн 10 орчим жил нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйс байна гэсэн алхам хийсэн ч гэсэн энэ нь хангалттай өндөр биш байгаа.
Үүнийг 40-50 хувь болгох ёстой. Өнөөдөр бол парламентын гишүүдийн дөнгөж 17 хувь нь эмэгтэй байгаа. Энэ бол хүн амын 50 хувийн төлөөлөл биш. Үүнийг арилгах алхамуудыг хийх ёстой юм.
Сэтгэгдэл бичих