Есдүгээр сарын 15-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Олон улсын Ардчиллын өдрийн тохиолдуулан МАН (2022.09.15) бүх шатны байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх, нэгдмэл орчныг бүрдүүлэх, уриалах зорилготой удирдах ажилтны хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Арга хэмжээний үеэр “Жендерийн эрх тэгш байдал Монгол Улсад” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлгийн зохион байгуулагчаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Э.Гэрэлт-Од байр сууриа илэрхийллээ.
Э.Гэрэлт-Од НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийг хэрэгжүүлж, уг төсөл дээр МАН-тай ажиллаж байгаа юм. МАН жендэрийн эрх тэгш байдлын хүрээнд парламентын гишүүдийн 25 хувийн оролцоог хангана гэсэн зорилт тавиад ажиллаж буй. Одоогийн байдлаар энэ хувь 17-д хүрсэн.
Шийдвэр гаргах түвшинд ажилладаг, сонгох, томилох эрхтэй улс төрийн нам хүйсийн тэгш оролцооны асуудлаар Монгол Улсад ахиц дэвшил гаргахаар ажиллаж байгаад талархаж байна.
Манай улс хүний эрхийн асуудал дээр хангалттай үзүүлэлттэй байгаа ч тогтолцооны асуудал дээр анхаарах зүйл их байгаа хэмээн өгүүлж байв.
Мөн тэрбээр, бид өнгөрсөн 30 жил нэг зүйлийг анзаараагүй явж ирсэн байна.
Жендер гэдэг үгийг дандаа эмэгтэйчүүдийн асуудал гэж ярьж, ойлгож ирсэн. Эрэгтэйчүүд ч энэ асуудалд оролдоггүй байсан. Монгол Улсын тухайд шийдвэр гаргах түвшинд, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-д эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй, сул байгаа.
НҮБ-ын Хүний хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл бол энэ оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа.
2024 онд УИХ болон орон нутгийн сонгуульд хэдэн эмэгтэй нэр дэвшсэн бэ, хэд нь ялсан бэ, өнгөрсөн хугацаанд ямар ахиц, дэвшил гарсан бэ гэдэг чиглэлээр ажиллах юм.
Энэ асуудал дээр 2021 онд дэлхийн дундаж үзүүлэлт 25.6 хувь байсан бол 2022 оны зургадугаар сард 26.2 хувьд хүрсэн. Жендерийн тэгш байдлын асуудал дээр дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж, парламент дахь хүйсийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн нэг чухал асуудал юм байна гэдгийг ойлгодог болсон.
Өчигдрийн байдлаар Монгол Улс дэлхийн 189 орноос 135 дугаар байрт явж байгаа нь сайн үзүүлэлт биш. Тиймээс улс төрийн намууд энэ оролцоог нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэх гарцуудаа хайж байгаа нь сайн хэрэг хэмээлээ.
Сэтгэгдэл бичих