Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-аар хүүхдийн мөнгийг нийгмийн халамж гэсэн ангилалд оруулсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүүхдийн мөнгийг оруулж тооцсон нийт халамж авагч иргэний тоо 1 сая 929 мянга байна.
Үүнээс хүүхдийн мөнгийг хасаж тооцвол 670 мянган иргэн халамжийн үйлчилгээ авч байгаа бөгөөд үүнийг нэг хүнд ногдох мөнгөн дүнгээр тооцвол хүүхдийн мөнгө авч буй иргэн жилд дунджаар 1.039.4 мянган төгрөг, сард 86.600 төгрөгийг авч байна. Харин хүүхдийн мөнгийг хасаж тооцвол халамжийн үйлчилгээ авч буй иргэн жилд дунджаар 771.200 төгрөг, сард 64.300 төгрөгийг авдаг гэсэн тооцоо гарчээ.
Дэлхийн ихэнх улс ДНБ-ийнхээ 1-2 хувийг халамжид зарцуулдаг. Манай улсын хувьд 2000 онд ДНБ-ийн 2,1 хувийг халамжийн үйлчилгээнд зарцуулж байсан бол цар тахал гарсантай холбоотойгоор 2020 онд 11,5 хувь, 2021 онд 19,24 хувь болж өссөн байна. Одоогийн байдлаар нийгмийн халамжийн нийт 72 үйлчилгээг хүргэж байгаагаас нийгмийн эмзэг бүлэгт 58, нийтлэг мөнгөн тусламжийн үйлчилгээ 14-ийг үзүүлж байгаа аж.
Цаашид “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн дагуу хөдөлмөр эрхлэх боломжтой халамжийн үйлчилгээ авч байгаа хүн амыг чадавхжуулах, ажлын байранд зуучлах зэргээр халамж авч буй иргэдийн тоог багасгах ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлэх юм байна.
Сэтгэгдэл бичих