Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар ХЭҮК-оос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг засгийн газрын гишүүд, бүх шатны засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Хуралдаанд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийсэн Ерөнхий сайдын уулзалтын талаар танилцуулга хийсэн байна. Үүнтэй холбогдуулан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нарт даалгажээ.
Дээрх үүрэг чиглэлийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ “Монгол улс хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн нийгмийг бий болгох зорилгынхоо хүрээнд хүний эрх баталгаатай хангагдаж, хамгаалагдаж байгаатай анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Ийм ч учраас Нэгдүгээрт: Үндсэн Хуулийн Цэц нь хүний үндсэн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг хэдийгээр шүүхээр шийдэгдсэн байсан ч Цэц дээрээ авч хэлэлцдэг байх зохицуулалтыг хийж өгч байгаагаараа нэг дэх онцлогтой зүйл болж байна. Хоёрдугаарт: Үндсэн хуулийн цэцийн гишүүн удаа дараа сонгогдож зарим тохиолдолд 18 жил, зарим тохиолдолд 26 жилийн турш Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж ирсэн явдал нь улс төрөөс хараат байгаа нөхцлийг илэрхийлж байна гэж Үндсэн хууль судлалын мэргэжлийн судлаачид үзэж ирсэн байдаг. 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр ч энэ асуудал хөндөгдөж яригдаж байсан боловч тухайн үедээ дэмжлэг авч чадаагүй. Тэгвэл энэ удаа ЗГ-аас өргөн барьсан төсөл дээр Үндсэн Хуулийн цэцийн гишүүн нь зөвхөн нэг удаа нэмэж цэцийн гишүүнээр 6 жилээр дахин сонгогдох боломжтой гэдэг зохицуулалтыг оруулж ирж байгаагаараа Үндсэн Хуулийн Цэцийн гишүүд нь тодорхой хугацааны хязгаарлалттай, мөн хараат бусаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой” гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл бичих