Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрд иргэдийг төлөөлөх чадварыг дээшлүүлэх тухай асуудлыг ч хэлэлцсэн байна. Төлөөлөх чадвар гэдэг бол иргэн, сонгогчийн маш том эрх. Олон улсын түвшинд ялангуяа хүн ам бага, Монгол улстай ижил төстэй улс орнуудын хувьд хэдэн иргэн сонгогчийг нэг парламентын гишүүн төлөөлж байна вэ гэдгээр нь парламентын төлөөлөх чадварыг хэмжиж ирсэн. Ийм туршлага ч олон байгаа. Ялангуяа 3 сая, 5 сая, 7 сая хүн амтай улсад парламентын гишүүний тоог тогтоохдоо энэ харьцааг хийж ирсэн түүхтэй.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэл мэдээлэлд хийсэн мэдээлэлдээ: “Монгол улсын засгийн газраас гарсан ажлын хэсэг энэ судалгаа харьцуулалтыг олон түвшинд хийж үзсэн. 1992 онд Монгол улсын парламентын гишүүдийн тоог тогтоох үед Монгол улс нь 2.4 сая хүн амтай, 1.2 сая сонгогчтой байсан. Тухайн үед куб язгуурын аргаар сонгогчдыг төлөөлөх парламентын гишүүний тоог тогтоож байсан байдаг. Тэгвэл өнөөдөр Монгол улс 3.4 сая хүн амтай, 2.2 сая сонгогчтой болсон. Энэ нь төлөөлөх чадварыг нэг дахин бууруулах нөхцөлтэй болжээ гэж үзэж байгаа юм.
1992 онд нэг парламентын гишүүн 24 мянган сонгогчийг төлөөлдөг байсан бол өнөөдөр 47 мянган сонгогчийг төлөөлдөг болж байгаа нь газар нутаг томтой Монгол улсад иргэдийг бүрэн дүүрэн төлөөлж чадахгүй байх нөхцөлийг бий болгож байгаа юм. Жишээлбэл Говь-Алтай аймгаас сонгогдсон парламентын гишүүн Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийг бүтэн тойрч иргэдтэйгээ уулзаад ирэхийн тулд 6.500 км замыг туулдаг. Гэтэл Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн болон Улаанбаатар хотын иргэдийн хооронд хийсэн харьцуулалтыг хийж үзвэл харьцангуй өөр ойлголт гарч ирнэ. Тиймээс төлөөлөх чадварыг жигдлэх санаачлагыг Засгийн газрын зүгээс нэгдүгээрт эрэмбэлүүлэн баримталсан. Хоёрдугаарт: 120-оос доош парламентын гишүүнтэй улс дэлхийд өнөөдөр маш цөөхөн байгаа. Судалгаагаар 3 улс байгаа гэдэг. Парламентын гишүүдийн тоо 100-аас доош буюу хэт цөөн болохоор бие биенээ таньж улмаар үгсэн хуйвалдах, эрх мэдлийг давуу тал болгож кнопныхоо хүчийг ашигладаг сөрөг үзэгдэл олон улсад бодитоор бий болсон байдаг юм байна.
Тиймээс олон улсын түвшинд парламентын нэг гишүүнд оногдож байгаа кнопын эрх мэдлийг хуваах, сарниулах бодлогыг баримталдаг. Ингэснээр парламентын гишүүд нь өөрийнхөө эрх мэдлийг давуу тал болгон ашиглах нөхцөл бодитоор буурах үндэслэл нь болдог байна. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр парламентын гишүүдийн дархлагдсан эрх мэдэлтэй, бусдаас ялгарч амьдарч зайлшгүй шаардлага байхгүй, элдэв янзын хамгаалалтгүйгээр олон нийтийнхээ дунд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна” гэлээ.
Сэтгэгдэл бичих