Бусад

Хүний эрхийг хангах үндэсний ii хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон асуудал хэлэлцэгдсэн. Хамгийн гол асуудлын нэг нь Монгол улсын хууль тогтоомжид хүний эрхийг зөрчсөн, зохицуулалтын хувьд хоцрогдсон зарим зүйл заалтыг онцгойлон анхаарч хууль эрх зүйн хувьд хүний эрхийг баталгаажуулах тал дээр онцгой анхаарах асуудал байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр “Өглөөний уулзалт” зохион байгуулж байгаа билээ. Энэ 7 хоногт Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагуулын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцсон юм.

Уг уулзалтаар Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүний эрхийн үндэсний индексийг боловсруулах шаардлагатай байгаа зэрэг асуудал хөндөгдсөн. 2003 онд НҮБ-тай хамтарч хийж байсан “Хүний эрхийн хамгаалах байдлын ерөнхий үнэлгээ” өнөөдрийн түвшинд ямар үнэлгээтэй байна гэдгийг Хүний эрхийн комисс, Монгол Улсын Засгийн газар хамтран дахин судлах ажлыг эхлүүлэх аж.

Засгийн Газрын хуралдаанаас гарсан зарим мэдээллийг олон нийтэд мэдээлэх үеэрээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол улсын Үндсэн хуульд Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлнэ гэж заасан байдаг. Гэвч хууль анх бичигдэхдээ УИХ-ын бүрэн эрх, Засгийн газрын бүрэн эрх, Эрх бүхий байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийг хамгийн түрүүнд дурдсан байдаг нь үндсэн хуультайгаа нийцэхгүй байгааг харуулж байна. Засгийн газрын зүгээс Монгол улсад хэрэгжиж байгаа хууль, хууль эрхзүйн орчин дахь хүний эрхийн зөрчил, хүний эрхийг зохицуулж чадахгүй байгаа хоцрогдсон зүйл заалтуудыг анхаарч хууль, эрх зүйн орчны агуулга, философи, арга барилын шинэчлэлийг хийж Хүний эрх, бизнесийн эрх, эрх чөлөө, ард түмний эдийн засгийн эрх, эрх чөлөөг илүүд үзэж ажиллана” гэлээ.